Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 242

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Б.Бд холбогдох 2019001150103 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг “Эрүү шүүлт тулгах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 6.000.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографийн зураг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Д.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос шүүгдэгч Боржигон овогт Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай”,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй”,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Бг 2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Мандах сум дахь Цагдаагийн хэсгийн байранд иргэн Д.Мг мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өгзөг тус газар нь бороохойгоор зодон эрүүдэн шүүж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор иргэн Д.Мгийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5/104А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн...

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “...Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон Эрүүгийн хуульд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гол шинж болох төрийн алба хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байх гэсэн үндсэн гол нөхцөл болох үйл баримт тогтоогдоогүй буюу хэрэгт цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Б нь хохирогч Д.Мд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулсан, үүнд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн эсэх болон хохирогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг хүлээлгэх зорилгоор түүний эрх чөлөөнд халдсан болох тухай нотлох баримтууд хэрэгт огт байхгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй, яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч Б.Бг “эрүүдэн шүүж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зуйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүдэд нийцээгүй гэж үзнэ. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолын 1-5 дахь заалтыг хучингүй болгож, 1-4 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ” гэжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим хэсгийн төлөөлөгч Б орж ирээд юмаа санасан уу гэж хэлээд баруун бөөр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба өмдөө шувтлаад бөгсөө гаргаж, гараа ардаа ав гэж хэлээд босоо байдлаас нуруу бөхийлгөж байгаад резинэн бороохойгоор нилээд хэдэн удаа цохьсон. ...Намайг бороохойгоор зодсоны дараа паарнаас гавлаад зүүн чих рүү 2 удаа гараараа цохиод гарч явсан. ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэрээр намайг Цагдаагийн хэсэгт гавтай байхад орж ирээд гавыг тайлж байгаад “юмаа санасан уу, хутга чинь хаана байна” гэж хэлээд миний өгзөг хэсэгт резинэн бороохойгоор нилээд хэдэн удаа цохисон ба бороохой нь хугарсны дараа паарнаас гавласан. Паарнаас гавласны дараа зүүн чих хэсэгт 2 удаа цохиод гараад явсан” гэж болсон үйл явдлын талаар тодорхой, тууштай мэдүүлдэг. Хохирогч Д.Мгийн дээрх мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж хавтаст хэрэгт хавсаргагдсан байна. Түүнчлэн хохирогч Д.М нь тухайн үед зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хүнд хохирол санаатай учруулсан байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдон шалгагдаж байсан, энэ гомдол, мэдээллийн дагуу анх хэсгийн төлөөлөгч Б.Б хойшлуулшгүй ажиллагаа явуулсан зэрэг нь хангалттай тогтоогдсон байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн үйл баримт, нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй атлаа “тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байх гэсэн үндсэн гол нөхцөл болох үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг буюу яллагдагчид ашигтай байдлыг баримталж тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт өгч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэх үедээ хохирогч Д.Мг “юмаа санасан уу ...хутга чинь хаана байна” гэх зэрэг асуулт асууж бие махбодид халдаж байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”, Эрүүгийн хуульд заасан “эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гол шинж болох “хэрэг хүлээлгэх зорилго”-ыг агуулж байгаа хэлбэр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Б.Б, Д.М нарын хооронд үүсч буй харилцаа нь өр авлага, өш хонзон болон бусад хувийн ямар нэг таарамжгүй харилцаанаас үүсээгүй, харин гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад холбогдогч этгээдээс хэргийн талаар мэдүүлэг авах, хэргийг түргэн шуурхай илрүүлэх гэсэн эрх бүхий албан тушаалтны хүсэл, эрмэлзлэлийн үндсэнд үүсч байгаа харилцаа, үйлдэл байхад давж заалдах шатны шүүх “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Дорноговь аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ДШМ/04 дугаартай магадлалыг хянуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс “Б.Б нь Дорноговь аймгийн Мандах суманд 2020 оны 03 сарын 26-ны өдөр иргэн О.Н гэгч Д.Мд хутгалууллаа гэсэн дуудлагыг цагдаа Д.Баас түүнд мэдэгдсэн тул түүнийг цагдаагийн албаны байрандаа авчирч саатуулсан ба ингэхдээ шүүгдэгч Б.Б нь түүний бөгсөн тус газар нь резинэн бороохойгоор бороохойдсон, цээж болон нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсний улмаас хохирогчид баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ” гэж хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар эргэлзээгүйгээр тогтоосон зүйлгүй байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /магадлалын 8 дугаар хуудас/,

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Б.Бг хохирогч Д.Мгийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс зөвхөн хэсэг газрынх нь гэмтэл болох Д.Мгийн өгзөг тус газрын гэмтлийг Б.Б учруулсан гэж үзээд өгзөг тус газар бороохойгоор зодож эрүүдэн шүүж биед нь хөнгөн хохирол учруулсан гэж буруутгасан бөгөөд хохирогч өөрийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан болох талаар маш тодорхой ялгаж салгаж мэдүүлдэг.

Тухайлбал ”... намайг хэсгийн төлөөлөгч Б.Б ... миний өгзөг хэсэгт резинэн бороохойгоор нилээн хэдэн удаа цохисон ... миний баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг хэсгийн төлөөлөгч Б.Б учруулаагүй, Н миний баруун нүд хэсэгт цохиж гэмтэл учруулсан ...” гэж мэдүүлдэг.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 02/081 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1.Д.Мгийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Учирсан гэмтлүүд нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж заасан.

Гэтэл шинжээч эмч нь зөвхөн баруун, зүүн өгзөгний гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна гээд гаргасан дүгнэлтээсээ өөрөөр мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр Д.Мгийн биед учирсан бүх гэмтлүүд нийлээд хөнгөн гэмтэл болно гэсэн дүгнэлт, шинжээч эмч Э.Анхбаярын “... хохирогч өгзгөөрөө дээшээ харж унасан тохиолдолд өгзөгт ийм гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.Мгийн “... хөдөө О.Н, Э.Д хоёр миний толгой, цээж, нуруу руу өшигчөөд л байсан. Мөн миний зүүн чих рүү өшиглөөд маш их цус гарсан, мөн миний хамраас цус гарсан байсан... 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим ... Н, Д хоёр хоорондоо муудалцсан. Тухайн үед би тэр хоёрыг салгах гээд очиход тэр хоёр намайг зодсон ... би машинаасаа буугаад дээр, доороо ороод ноцолдож байхад Н намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-28, 75 /,

гэрч О.Нын “ ...М нилээд их хэмжээний согтолттой байсан ... намайг хавирахад газарт хажуу тийш билүү, дээш харсан байдалтай унасан санаж байна ...” гэх мэдүүлэг /1хх-123/,

гэрч Д.Бын “... Мг би эрэн сурвалжилж олж тогтооход хүнд зодуулсан байдалтай байсан ... тухайн үед Мг саатуулахад нүд нь хөхөрсөн, шалбарсан, толгой нь цус болчихсон байсан ... Б.Б миний хажууд Д.Мг зодсон, цохисон асуудал огт байхгүй, тухайн үед Д.Мгийн нүүр, ам шалбарсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1хх-34, 77, 2хх-13/,

гэрч Ө.Эийн “... би нөхрөөсөө ямар асуудал болсон талаар асуухад ... Н Анхбаярыг өмөөрч Дтай муудалцаж зодолдсон, би тэр хоёрыг салгах гэж очтол Д, Н хоёр нийлээд зодсон, миний толгой болон бие рүү цохиж зодсон ... манай нөхөр Мгийн нүд ам нь хөхөрсөн байсан, би яагаад нүд ам чинь хөхөрсөн юм гэж асуухад О.Н, Д хоёр намайг зодсон гэж хэлж байсан... салгах гээд очтол намайг нийлж зодсон, зодохдоо намайг газарт унагааж толгой тархи, цээж, нуруу руу өшиглөж зодсон, хэн нь намайг цохиод байгааг ч би мэдээгүй гэж хэлж байсан... Д.Мгийн баруун талын нүд, зүүн талын хацар нь хавдсан байсан, өөр ил харагдах шарх сорив анзаарагдаагүй, М хэлэхдээ Д, Н хоёр намайг зодсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-132/,

гэрч Д.Огийн “... Д, Н хоёр намайг зодсон, эд цаашаа юу болсон талаар санахгүй байна гэж хэлсэн. ... Д.Мгийн баруун талын нүд нь хөхөрсөн, зүүн талын хацар шанаа нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-134/, гэрч Б.Анхбаярын “ ...Б.Б Мг ямар нэгэн байдлаар зодож цохисон үйлдэл огт гаргаагүй, хэрвээ зодож цохьсон бол байшингийнх нь хана нимгэн сонсогдохоор юм билээ. ... би Мд хоол өгөх болгондоо за яаж байна, юу болж байна ... хоол унд идчих гэх зэргээр ойр зуурын юм яриад байдаг байсан. Тухайн үед болон дараа нь хэсгийн төлөөлөгчийг зодсон гэж огт ярихгүй байсан ...” гэх тайлбар /1хх-76/,

гэрч Э.Дгийн “...Б Мг хэргээ хүлээ энэ тэр гэж огт дарамталсан зүйл байхгүй. Б төлөөлөгч Мг дагуулаад Үхэр чулуут руу явж байхдаа угаасаа олон гэрчтэй, тодорхой хэрэг байна, чи нөгөө хүнээ бие нь гайгүй байгаасай гэж бодож бай гэх зэргээр яриад явж байсан. М ч гэсэн за гээд л зүгээр юм яриад явж байсан шүү дээ ...” гэх тайлбар /1хх-76/,

гэрч Сы “... би тэр өдөр Мг түлхэж унагаахад зүүн хэсгээрээ унаад, унахдаа бүтэн биеэрээ унаагүй, өвдөглөөд босоод ирсэн ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн хохирогч Д.Мгийн биед Н, Д, С гээд хүмүүс хавирч, түлхэж унагасан, Д, Н нар нийлж Д.Мг зодсон, зодолдох, хавирч, түлхэж унагахад хохирогч Д.М өгзгөөрөө дээшээ харж унасан нөхцөл байдал, үйл баримтын талаар дээрх нэр бүхий гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Ингэж унахдаа хохирогч өгзөгтөө гэмтэл авсан байхыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүссэн.

Түүнчлэн хохирогч Д.М нь Н, Д нар нийлж намайг зодсон, гэрч С нь Мг түлхэж унагаасан тухайгаа нэр зааж маш тодорхой мэдүүлсээр байхад хохирогчийг зодсон гэх нэр бүхий хүмүүсийг огт шалгаагүйн улмаас хохирогч Д.Мгийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад Б.Бд ял оногдуулсан нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, нотлох баримтууд эргэлзээтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч хохирогчийн бусдыг хутгалсан гэмт хэргийн талаар мэдүүлэг авах, хэргийг илрүүлэх зорилгоор эрүүдэн шүүсэн, эрүүдэн шүүх явцдаа түүнийг бороохойгоор цохиж хөнгөн гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл, үндсэн гэмт хэрэг нь эрүү шүүлт тулгах гэмт хэрэг бөгөөд эрүүдэн шүүх явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мандах сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Мандал сум дахь Цагдаагийн хэсгийн байранд гэмт хэрэгт холбогдсон Д.Мгаас мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор түүний өгзөг тус газар нь бороохойгоор зодож, бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон, ийнхүү зодох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бг “Эрүү шүүлт тулгах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилснаас гадна Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гуравдахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд хууль бус аргаар дэмжлэг үзүүлж, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Д.Мг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэв.

Түүнээс гадна шүүгдэгч Б.Бгийн эрүү шүүлт тулгах явцдаа хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР           

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

   Б.БАТЦЭРЭН

   Б.ЦОГТ

   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН