| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/0153/З |
| Дугаар | 281 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 281
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, иргэн Ш.Ч, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******, нэхэмжлэгч Ш.Ч, Д.Б нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
1. Нэхэмжлэгч Ш.Ч-ийн хувьд:
1.1 Нэхэмжлэгчийн эрх, үүрэг:
• Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Ч-н 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн F үнэлгээ бүхий илтгэх хуудсуудыг хүчингүй болгуулах, захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлагаасаа татгалзах,
1.2 Хариуцагчийн үүрэг:
• Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойш эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулах хүртэлх хугацааны Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх, нэхэмжлэгч Ш.Ч-г Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн дэд захирлын ажилд томилох,
• Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын тавин хувийг хариуцагч холбогдох шимтгэл, татварыг суутган нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч үлдэх тавин хувийн шаардлагаасаа татгалзах.
• Шүүгч эвлэрлийн гэрээг баталж захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор томилох,
2. Нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд:
2.1 Нэхэмжлэгчийн эрх, үүрэг:
• Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Ховд аймаг дахь Политехник коллежийн захирал Д.Б*******гийн 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн F үнэлгээ бүхий илтгэх хуудсуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлагаасаа татгалзах,
2.2 Хариуцагчийн үүрэг:
• Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б-г Ховд аймаг дахь Политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн томилох,
• Шүүгч эвлэрлийн гэрээг баталж захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор томилох,
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгох” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ш.Ч, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-т зааснаар “… нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дугаар зүйлийн 21.1.1-т “... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-т “… Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” 68.2-т “… Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-т “…Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ш.Ч, Д.Б нар нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ш.Ч, Д.Б Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ш.Ч, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА