Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0347

 

 

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Л.Г, өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээд Ц.Б нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 66 дугаар зүйлийн 66.1.6, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснуудыг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай Ц.Б-г нарийн бичгийн даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилохыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлах илүү нарийвчилсан зохицуулалт болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй хууль буруу хэрэглэсэн алдаа билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт “шүүгч маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь холбогдох хууль зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэт ерөнхий тодорхойгүй дүгнэлт бөгөөд хариуцагч тал сонсох ажиллагааг явуулаагүй гэсэн нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй. Захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч мөрдөх шалгах ажиллагаа явуулах буюу өөрийн санаачлагаар нотлох баримт цуглуулах, тодруулах эрх хэмжээтэй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэсэн нотлох баримтыг талуудын хүсэлтээр болон шүүгч өөрийн санаачлагаар цуглуулах үүрэгтэй байдаг. Хархорин сумын ИТХТ-ийн хуралдаанаар ИТХТ-ийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэхэд эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд болох Ш.Б, Ц.Б нарыг оролцуулж Ш.Б-с нийгмийн даатгалын дэвтэр, урьд хийж байсан ажлуудад томилсон, чөлөөлсөн тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгөх боломж байгаа эсэхийг асууж өөрөөс нь сонсох ажиллагааг хийж санал тайлбарыг нь авсан. Энэхүү сонсох ажиллагааны талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ тухай нэхэмжлэгч Ш.Б өөрөө ч мэдэж байгаа.

Хариуцагч талаас 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 1/63 тоот Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлд гэсэн албан бичгээр Хархорин сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын ажлын байрны захиалгыг хавсралтаар хүргүүлсэн байдаг. Уг хавсралт албан бичиг нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдсан бөгөөд мэргэшил гэсэн шаардлагад нь “төрийн захиргааны менежментээр мэргэшсэн байх” гэсэн шаардлагатай захиалгыг өгсөн. Энэ нь УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлд “удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж заасны дагуу Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлд ажлын байрны тодорхойлолтыг баталж хүргүүлсэн байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд эрх мэдлээ хэтрүүлэх ашиглаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-аас ирүүлсэн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт хэсэгт байх мэргэшил гэсэн хэсэгт “нийгмийн” гэдэг үг дур мэдэн нэмж “Төрийн болон нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх” гэж өөрчилж сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байсан. Төрийн албаны зөвлөлд ямар ч хууль журмаар удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрх олгогдоогүй билээ. Иймд төрийн албаны салбар зөвлөл нийгмийн удирдлагаар мэргэшсэн Ш.Б-г төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад бүртгэж шалгаруулсан нь хууль бус үйлдэл юм.

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9.33-д “Төрийн албаны салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалтны шаардлагыг хангасан нэр дэвшигчээс эхлэн дараах байдлаар нэр дэвшүүлнэ” Энэ журмын 9-ийн Б, В, Г тушаал бүрд хоёроос дээшгүй хүний нэрийг дэвшүүлнэ гэсэн заалтыг үндэслэл болгон сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Ш.Болормаа гэх нэг хүний л нэр дэвшүүлж хавсралтаар Хархорин сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга албан тушаалд 2 хүн шалгалт өгч тэнцсэн гээд Ш.Б болон Ц.Б нарын нэрсийг жагсаалтаар хавсаргасан байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн учир тогтоох хэсэгт үндэслэсэн Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 45.4, Төрийн албаны хуулийн 7.1.5, Захиргааны ерөнхий хууль 27, Төрийн албаны тухай хуулийн 66-66.1.6, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6 зэрэг хуулийн заалтуудыг үндэслэн дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх ач холбогдлоо алдсан.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаартай шүүхийн шийдвэр нь дээр дурдсан хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, маргаан бүхий захиргааны акттай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын зүйл заалтыг хэрэглэж захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд явуулалгүй, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн хэргийн үйл баримтын талаар дүгнэн, “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг” явуулаагүй байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн, сонгон шалгаруулалтад өрсөлдөгчөөсөө өндөр оноо авсан Ш.Болормааг Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн томилуулах саналыг хүлээж аваагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Зүй нь анхан шатны шүүх, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолын 33 дахь заалтын б-д “энэ журмын 9-ийн “б”, “в”, “г”, 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг” гэж зааснаар Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс 2-оос доошгүй иргэнийг нэр дэвшүүлэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж маргааны үйл баримтад дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх байжээ.

Дээрх журмын 9 дүгээр зүйлийн “г”-д “Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” гэж заажээ.

Тодруулбал, “Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр үнэлгээ буюу 72.6 оноо авсан Ш.Б-г Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байна” гэсэн Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 дугаар албан бичгээр хавсралтын хамт-төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Г-д хүргүүлсэн байна.

Харин Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор “Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж 68.86 оноо авсан Ц.Б”-г Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд томилжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заажээ.

Тиймээс анхан шатны шүүх дараах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох эрх бүхий этгээдийг зөв тодорхойлох, ингэснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн аль нь энэ хэргийн хариуцагч болох эсэхийг тодруулах.

2. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолын 33 дахь заалтын б-д “энэ журмын 9-ийн “б”, “в”, “г”, 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг” гэж заасан байхад Хархорин сумын Төрийн албаны салбар зөвлөлөөс Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр санал болгосон Ш.Б-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шууд томилох эсэхийг шүүх анхаарч, үүнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх.

3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр үнэлгээ буюу 72.6 оноо авсан Ш.Б-г томилохгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад орж хоёрт эрэмбэлэгдсэн 68.86 оноо авсан Ц.Б-г тус ажил, албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Тиймээс анхан шатны шүүх нь дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт “...Ш.Б-г тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилохыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР