Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/0164

 

Д.Сангажавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 928 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Сангажавын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бямбажав миний бие өөрийн эзэмшилд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар 372 мкв газрыг аваад дараа нь охин Б.Баянзулд уг газраа шилжүүлэхээр Нийслэлийн газрын албанд хүсэлт өгөхөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар 124 мкв болгон багасгаж шилжүүлсэн байна.
Үүнийг тухайн үедээ анзаараагүй дараа нь охин Б.Баянзулаас 372 мкв газар Д.Сангажавд шилжүүлнэ гэж бодож байтал 124 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар шилжүүлж 000515118 тоот гэрчилгээ олгосон.

Иргэн Д.Сангажавын нэр дээр гарсан гэрчилгээг хараад Нийслэлийн Өмчийн харилцааны газарт “мкв нь буруу байна” гэсэн үндэслэлээр хандахад хэргийн газар очоод хэмжилтээ зөв хийгээд зохицуулах байтал өөрөөсөө зайлуулж 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахаар бичиг хийж өгсөн. 

Гэтэл Мэргэжлийн хяналтын газар нь өнөөдрийг хүртэл дүгнэлт гаргаж өгөлгүй намайг болон газар эзэмшигчийг чирэгдүүлж хохирооход хүрээд байна. Энэ нөхцөл байдал нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар зохион байгуулагч нарын газрын хэмжилт буруу хийсэн, асуудалд бодитой хандаагүй буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна.

Мөн захиргааны хэрэг үүсгэж шүүхийн ажиллагаа явагдаж байх үед Нийслэлийн Өмчийн харилцааны газраас маргаан бүхий газарт дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын газарт уг газартай холбоотой баримт, материалыг хүргүүлсэн ба 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 02-04-126/512 тоот дүгнэлт гарсан байна. Мэргэжлийн хяналтын газраас уг  дүгнэлтийг   гаргахын  тулд   Геодези   зураг зүйн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй “Хөх хасагт” ХХК-аар кадастрын зураглалыг шинээр гүйцэтгүүлсэн байна. Дээрх кадастрын зураглалаас харахад “Сая төмөрт” ХХК-ийн эзэмшил газар иргэн Д.Сангажавын эзэмшилд шилжсэн 372 мкв газартай давхацсан байна.

2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Бямбажав нь өөрийн эзэмшил 1772 мкв газраас “Сая төмөрт” ХХК-д 1400 мкв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө “Сая төмөрт” ХХК нь кадастрын зураглал хийдэг “Оюут кад” ХХК-аар 1772 мкв газрыг 1400x372-оор хуваасан кадастрын зураглал хийлгэж уг зураглалыг үндэслэн гэрээгээ байгуулсан юм. Энэхүү газрын хэмжээг талууд тогтоохдоо 2009-2010 онд баригдсан 2 давхар улаан тоосгон байшингаар баримжаалж уг байшингаас урагшаа 1400 мкв газар нь “Сая төмөрт” ХХК-ийн газар гэж тоосгон улаан бор байшингаас хойших төмөр хашааны хаалга хүртэлх газар нь Д.Бямбажавын эзэмшилд 372 мкв үлдээхээр гэрээнд тохиролцож Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэдээллийн санд оруулсан. Мөн талууд хамт сууж байгаад дээрх хувийн тохиролцоогоо хийж тамга дарж, гарын үсэг зуран баталгаажуулсан. Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон талуудын хүсэлт бусад холбогдох баримтыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хүлээн авч мэдээллийн санд оруулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 494 дүгээр захирамжаар бидний газрын эрхийг баталгаажуулсан.

Гэтэл “Сая төмөрт” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шөнө миний нэр дээр үлдсэн эзэмшил 372 мкв газарт дайрч орж ирэн уг газар дээр байсан арав гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг устгаж, эзэмшил газрыг зөвшөөрөлгүйгээр эзэгнэж өөрсдийн төмрийн лангуу, төмрөө байрлуулсан ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар гомдол гаргахад шийдэж чадахгүй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн. Өнөөдөр “Сая төмөрт” ХХК нь Д.Бямбажавын эзэмшилд үлдсэн 372 мкв газар хүч түрэн орж үйл ажиллагаа явуулж байгаагаас үзэхэд “Оюут кад” ХХК-аар 1772 мкв газрын кадастрын зураглалыг санаатай буруу хийлгэж явцын дунд газрыг авна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэж үзэхээр байна. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд “Сая төмөрт” ХХК Д.Сангажавын эзэмшилд шилжих ёстой 372 мкв газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байсан. “Сая төмөрт” ХХК нь “Оюут кад” ХХК-аар хуурамч кадастрын зураглал хийлгэж 1772 мкв газрыг буруу хуваалгасан гэж үзэхээр байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Баянзулд газар олгосон хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн ДСангажавд газар олгосон хэсгийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Д.Сангажавын эзэмших газрын хэмжээг 372 мкв болгон тогтоож, маргаан бүхий газрын кадастрын зураглалыг өөрчилж 372 мкв болгон өөрчлөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн "Сая төмөрт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх нийслэлийн Засаг даргын 2008 оны 239 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг иргэн Д.Бямбажавд төмрийн захын зориулалтаар 1772 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Өөрийн эзэмшиж байсан газраа 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар “Сая төмөрт” ХХК-нд 1400 мкв талбай бүхий газрыг шилжүүлсэн ба үлдсэн 372 мкв газрыг өөрийн нэр дээр болон хүү болох Б.Цэрэндашийн нэр дээр хамтран эзэмшсэн ба уг газар эзэмших эрхээ 2012 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн А/455 тоот захирамжаар өөрийн охин болох Б.Баянзулд 124 мкв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлсэн, үлдсэн 248 мкв газар эзэмших эрхээ 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба иргэн Б.Баянзул нь газар эзэмших эрхээ 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар иргэн Д.Сангажавд газар эзэмших эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Сангажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажавын нэхэмжлэлтэй хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн "Сая төмөрт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сая төмөрт” ХХК нь анх иргэн Д.Бямбажаваас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус газрыг худалдаж авахаар харилцан тохиролцож 1400.19 мкв газрыг төмрийн захын зориулалтаар ашиглахаар 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар “Сая төмөрт” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмрийн захын зориулалтаар 5 жилийн хугацаатай 1400 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Шийдвэрийг үндэслэн “Сая төмөрт” ХХК-д Нийслэлийн газрын албанаас 3030/0071 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийж, 0231822 дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон. Манай компани анхнаасаа хуулийн дагуу тус газрыг эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамж нь талуудын хүсэл зориг, хуульд заасан журмын дагуу хоорондоо хийсэн 1400 мкв газрыг шилжүүлсэн эрх, шилжүүлэх гэрээг үндэслэн гаргасан болохоор хууль зүйн хувьд хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй юм. “Оюут кад” ХХК-ийн хийсэн кадастрын зураглал болон сүүлд Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргахдаа хийлгэсэн “Хөх хасагт” ХХК-ийн хийсэн кадастрын зураглал хоорондоо давхцаж, зөрсөн зүйл огтхон ч байхгүй болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3. 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сангажавын нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн “Сая төмөрт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Баянзулд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 372 мкв болгон тогтоолгох, маргаан бүхий газрын кадастрын зураглалыг өөрчилж зөвтгүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах" шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Сангажавд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 372 мкв болгон тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Иргэн Баянзулд Бямбажав эзэмшил газраасаа “Сая төмөр” ХХК-д шилжүүлэх үед уг компаний эрх бүхий хүмүүс 2 давхар улаан тоосгон байшингаас хойш Баруун зүүн 4 зүг рүү хэмжилт хийн тохиролцоо хийн албан ёсны баталгаажуулалтын тамга тэмдгээ дарж гарын үсэг зуран тохиролцоонд хүрсэн баримт хэрэгт байсаар байтал шүүх үнэлж үзсэнгүй.

“Сая төмөрт” ХХК дээрх тохиролцооны дагуу газраа хуваан кадастрын зураглал хийлгэн, эрх шилжүүлэх гэрээгээр 1400 мкв газар шилжүүлэн авсан атлаа 2015 оны 3 дугаар сард дээрх тохиролцоогоо зөрчиж улаан тоосгон байшингийн араар төмрийн лангуугаа дур мэдэн оруулж тавьсан байдал нь анхнаасаа уг маргаан бүхий газрын кадастрын зураглалыг санаатай буруу хийлгэж иргэн Бямбажав намайг төөрөгдөлд оруулж булааж авах зорилгоо хэрэгжүүлсэн байна.

Миний газар шилжүүлэх явцад Нийслэлийн газрын албаны эрх бүхий албан тушаалтанд “миний кадастрын зургийг 124 мкв болгож буруу гарсан байна” гэж удаа дараа мэдэгдсээр байхад “таны газар 400 гаруй мкв байгаа аяндаа болгоод өгнө” гээд яваад байсан гэтэл намайг хуурч цаг хожин юмны учир сайн мэдэхгүй намайг эрхээ хамгаалуулах хуулийн хугацааг хэтрүүлэх гэсэн далд санаа байсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрсэн юм.

Миний бие муудан газраа төмрийн зах хэлбэрээр ашиглаж чадахгүй байсан тул холын төрлийн хүн болох Д.Сангажавд эрх шилжүүлэх гэрээ хийхэд 124 мкв гэж газрын гэрчилгээ гарсан. Гэтэл “Сая төмөрт” ХХК-ий захирал нь над руу утастаад уулзъя гэхээр нь очиж уулзахад “Та газраа бид 2-т нэг мөсөн өгчих өөр хүнд өгч болохгүй, эмчилгээний чинь төлбөрийг өгье” гэхээр нь би “Д.Сангажав гэх хүнд нэр шилжүүлээд өгсөн” гэтэл тэд “Д.Сангажав гэх нөхөр чинь бидний замыг хааж юм хийх байх бид эртхэн газрын албаны том дарга нартай уулзаж амьдралынхаа арга мэхээ хийхээс өөр замгүй боллоо” гэсэн сонин зүйл ярихаар нь “Д.Сангажав гайгүй залуу шүү хамтарч ажиллахаа бод” гэсэн. Эндээс үзэхэд газрын албаныханд тэд нөлөөлснөөс ийм маргаан гарах эх үүсвэр бий болсон түүхтэй. “Сая төмөрт” ХХК-ийн нөхөд санасандаа хүрсэн тул 2015 оны 2 дугаар сарын 09-нд Д.Сангажавтай хамтран ажиллах бичиг гэгчийг үйлдсэн байдаг юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газар ямар нэгэн баримтгүй, Баянзулд 124 мкв газар шилжүүлсэн хууль бус үйлдэл баримтаар хэрэгт авагдсан байдаг.

Д.Сангажавын нэр дээр газар шилжүүлэх үед 124 мкв газар гэж гарч ирснээс хойш бид нар нэгдээд удаа дараа холбогдох байгууллага албан тушаалтанд бидний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчиж байгаад гомдол гаргаж байсан болно.

“Сая төмөрт” ХХК-ийн эзэмшиж байгаа газар 1400 мкв биш түүнээс их байгаагаас 372 мкв газрын кадастрын зураг 124 мкв болж  гарсан  байх  магадлалтай тул мэргэжлийн байгууллагаар дахин газрын хэмжилт хийлгүүлж 2 өөр зураглал хэмжилтийн зөрүүг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг  шүүх зөвхөн кадастрын солбицлын цэгүүдийн байршил дээр дүгнэлт гаргуулаад харин бидний хүсч байсан газрын нийт хэмжээ түүнээс “Сая төмөрт” ХХК, Д.Сангажав нарын газрын нийт хэмжээ болон тус тусын газрын хэмжээ зэргээр дүгнэлт гаргуулаагүй нь ойлгомжгүй байна. Миний бие шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гээд явахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагчид шударга ажилладаг болгох, шударга ёсыг тогтоох үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Сангажав нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн “Сая төмөр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн а/455 дугаар захирамжийн Б.Баянзулд холбогдох хэсэг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/947 дугаар захирамжийн Д.Сангажавт холбогдох хэсэгт тус тус өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 372 мкв болгон газрын кадастрын зураглалыг өөрчлөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “газрын хэмжилт буруу хийж, миний эзэмшил газрын хэмжээг багасгасан” гэж маргаж байгаа боловч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар Д.Бямбажаваас 1400 мкв газрыг “Сая төмөр” ХХК-д шилжүүлж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн а/455 дугаар захирамжаар үлдэх 372 мкв газраас 124 мкв газрыг Б.Баянзулд, 248 мкв газрыг Д.Бямбажав, Б.Цэрэндаш нарт тус тус шилжүүлсэн байна.  

Эндээс “газрын хэмжээг буруу тооцож, үндэслэлгүй багасгасан” гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд нь 1400 мкв газраас их хэмжээний газар эзэмшиж байгаа, шүүх газар дээр бодит хэмжилт хийгээгүй, миний эзэмшил газрыг гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зураглалд оруулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, учир нь Д.Бямбажав нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар захирамжаар 1772 мкв газрыг Б.Сүхбаатараас шилжүүлэн авч, улмаар дээрх байдлаар бусдад шилжүүлж байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 34 дүгээр зүйлийн 34.6.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээнд заасан газрын хэмжээгээр маргах эрхтэй болохоос захирамжид заагдсан газрын хэмжээнээс хэтрүүлэн маргах эрхгүй болно.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1474 дугаар албан бичиг, газрын байршлын кадастрын зургаас үзэхэд газрын хэмжээ өөрчлөгдөж байсан болохоос газрын байршил өөрчлөгдөөгүй, гуравдагч этгээд нь эзэмшил газрын талбай хэтрүүлэн зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчилд хариуцлага хүлээсэн, түүний эзэмшил газрын хэмжээ газар эзэмших захирамж болон мэдээллийн сангийн кадастрын зургаар 1400 мкв газар хэмжээтэй байх тул дээрх гомдол үндэслэлгүй. 

Гуравдагч этгээд “1400 мкв газраас илүү хэмжээний газар хашсан” гэх асуудал энэхүү нэхэмжлэлд шууд хамааралгүй юм. Учир нь “илүү хашсан” гэх газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаагүйгээс гадна холбогдох захиргааны байгууллага хяналт шалгалтын хүрээнд гуравдагч этгээд дур мэдэн илүү газар хашсан болохыг тогтоох, түүний илүү эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх шийдвэр гаргах замаар залруулах боломжтой тусдаа асуудал юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ