Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00625

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/00625

 

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00421 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 507,906,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь Х ХХК болон М ХХК-тай 2021 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан авлага шилжүүлэх хэлцлийн дагуу 2021 оны 10 сарын 01-ний өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг Х ХХК-тай байгуулж, нийт 376,517,250 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг гэрээнд заасны дагуу нийлүүлэх бөгөөд уг гэрээгээр жилийн 8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд төлөх, хэрэв, гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон.

1.2. Манай зүгээс гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж шатахууныг хугацаанд нь нийлүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээний 1 жилийн хугацаа нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр дууссан.

Иймд, нийлүүлсэн шатахууны үнэ 376,517,250 төгрөг, 2022 оны 12 сарын 31-ний өдрөөс 2023 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл хүү 52,320,424 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл 210 хоногоор, хоногийн 0,1 хувиар алданги тооцож 79,068,622 төгрөг, бүгд 507,906,296 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь М ХХК-аас шатахуун худалдан авсан бөгөөд 376,517,250 төгрөг төлөх өртэй байсан. 2021 оны 08 сарын 21-ний өдөр М ХХК, Л ХХК, Х ХХК-ууд хоорондоо тохиролцож, Л ХХК нь манай байгууллагын М ХХК-д төлөх өрийг өөртөө шилжүүлэн авахаар тохиролцож, 2021 оны 08 сарын 27-ны өдөр авлага шилжүүлэх хэлцлийг 3 тал байгуулсан.

2.2. Дээрх авлага шилжүүлэх хэлцлийн дагуу 376,517,250 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна Харин 2021 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ-г зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулах шаардлагагүй байхад нэхэмжлэгч талаас энэ гэрээг байгуулсан.

2.3. Бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч тал бидэнд бодит байдлаар шатахуун нийлүүлээгүй тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тиймээс хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х ХХК-аас 455,585,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,320,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Л ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,697,482 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 2,435,879 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00421 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах гомдолыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд 2021 оны 08 сарын 27-ны өдөр 63/21 дугаар бүхий авлага шилжүүлэх хэлцлээр Х ХХК-ийн М ХХК-д 376,517,250 төгрөгийн өгөх байсан төлбөрийг Л ХХК-д шилжүүлж, М ХХК-д Л ХХК нь шатахуун нийлүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэр талуудын хооронд авлага шилжүүлэх 3 талт гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр Х ХХК нь Л ХХК-д гэрээнд заасан 376,517,250 төгрөгийн оронд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгнө гэж тохиролцсон тул гэрээний 3 дахь хэсэгт бие даасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулна гэсэн заалт тусгасан.

4.2. Тус гэрээгээр тохиролцсоны дагуу манай компаниас удаа дараа тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхөө илэрхийлдэг ч Л ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө авахгүй оронд нь гэрээнд заагдсан мөнгийг авна гэдэг ба тухайн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн хэлцэл дээр үндэслэн шатахуун худалдан авсан мэтээр Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулан гарын үсэг зуруулсан.

4.2. Анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шатахуун хүлээлгэн өгсөн гэж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаарддаг.

Гэтэл талуудын хооронд хүчин төгөлдөр авлага шилжүүлэх хэлцэл байгуулагдсан байхад дахин шатахуун зээлээр худалдсан мэтээр гэрээ байгуулж хугацааг сунжруулан алданги болон хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан мэтээр Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл юм.

4.3. Хэрэв авлага шилжүүлэх хэлцэл хийгдээгүй байсан бол манай компани М ХХК-д төлөх 376,517,250 төгрөгийн өглөгтэй, харин алдангийн өрөнд орохгүй байсан юм.

Шүүх Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж гэрээний дагуу алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 79,068,622 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Л ХХК, Х ХХК-тай 2021 оны 10 сарын 01-ний өдөр өмнө нь байгуулсан гурван талт гэрээний дагуу манай компанид төлөх 376,517,250 төгрөгийг хэрхэн яаж, хэдий хугацаанд төлөх талаар харилцан тохиролцож, хэрхэн төлөх талаар баталгаажуулж, шатахуун зээлээр авах худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

5.2. Энэхүү гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцсон ба гэрээгээр манай компани Х ХХК-д төлбөрөө төлөх 1 жилийн хугацаа олгосон.

Хэрвээ 1 жилийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний 6.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Энэ зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байх тул хариуцагч талын үүрэг гүйцэтгээгүй хугацаа болох 2022 оны 12 сарын 25-ны өдрөөс алданги тооцож, нийт 79,068,622 төгрөгийг алдангийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 507,906,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 376,517,250 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Л ХХК нь Х ХХК, М ХХК нартай 2021 оны 08 сарын 27-ны өдөр 63/21 дугаар Авлага шилжүүлэх хэлцэл байгуулж, уг хэлцлээр Х ХХК-ийн М ХХК-д төлөх ёстой шатахууны төлбөр 376,517,250 төгрөгийн дүнд нэхэмжлэгч Л ХХК-аас М ХХК-д шатахуун нийлүүлэх, шатахуун хүлээлцсэн актын дүнгээр М ХХК нь Х ХХК-аас авах авлагаас хасалт хийж тооцох, Х ХХК болон Л ХХК нь хоорондоо үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тусдаа байгуулах, Л ХХК нь М ХХК-д 376,517,250 төгрөгийн үнийн дүнд шатахуун нийлүүлэх ба нийлүүлэлтийн гэрээг тусдаа байгуулахаар тус тус харилцан тохиролцон; /1хх-9/

 

3.2. Л ХХК болон Х ХХК нарын хооронд 2021 оны 10 сарын 01-ний өдөр Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр 376,517,250 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг 2021 оны 10 сарын 25-ны өдрийн дотор М ХХК-д нийлүүлэх, төлбөрийг гэрээний зүйлийг М ХХК-д гэрээний зүйлийг шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд 8 хувийн хүүтэй төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон./1хх-10-13/

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өр шилжих хэлцлийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5. 2021 оны 08 сарын 27-ны өдрийн Авлага шилжүүлэх хэлцэл-д төлөх өрийг 376,517,250 төгрөг гэж заасан боловч тус мөнгөн дүнг хэзээ төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах талаар тусгаагүй тул талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь өр шилжих хэлцэлд дурдагдсан мөнгөн дүнг хэзээ төлөх, төлөхгүй бол хариуцлага нь ямар байх талаарх тохиролцоо гэж үзнэ.

 

Тодруулбал, хэлцлийн мөнгөн дүн 376,517,250 төгрөгийг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 1 жилийн дотор төлөх, хэрэв, төлөөгүй тохиолдолд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн.

 

6. Анхан шатны шүүх гэрээний үүрэг 376,517,250 төгрөг, алдангийг 7 сараар тооцоход 79,068,622 төгрөг, нийт 455,585,872 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

7. Хариуцагчийн ...2021 оны 10 сарын 01-ний өдөр Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь, талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй байдал тогтоогдохгүй ба талууд төлбөрийг хэрхэн төлөх, төлөгдөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

8. Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүсээгүй, гэрээний дагуу хариуцагч хүү төлөх үүрэггүй, нэхэмжлэгчид хүү шаардах эрх үүсээгүй гэж хүү болох 52,320,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул шүүх дүгнээгүй болно.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР