Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00624

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/00624

 

 

Т ын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/00556 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.О эд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 52 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 01-р хорооны нутаг дэвсгэрт, Буянгийн зам, шинэ гүүрний уулзварт Б ББСБ ХХК-ийн эзэмшлийн Toyota маркийн Corolla Fielder загварын ххх -УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч 68 настай, эрэгтэй Ё.Д ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

1.2. Иргэн Ё.Д нь осолд орж мөргүүлсний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн байх ба эрүүл мэндийн даатгалаас 3,260,000 төгрөг төлсөн байна.

Иймд Б.О ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,260,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Б.О ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,260,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Би шүүх хуралдаанд өмнө нь баримтаар тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж тайлбартаа хэлж байсан. Одоо баримтаар тогтоогдож байгаа зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Баримт нотолгоотой бол үнэн зөвөөр төлөх ёстой. Иргэнийг хохироож болохгүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар хариуцагч Б.О ээс 3,260,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 41.1.14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.О ээс 61,110 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ххх дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 5-т ...Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь үйлчилгээ үзүүлсэн 1,486,000 төгрөгийн зардлын баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 1,486,000 төгрөгийн зардлыг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг олгосон. Гэтэл анхан шатны шүүх Б.О ээс 3,260,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.2. Мөн дээрх заалтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэл гаргах эрхийг олгосон бөгөөд Т ын газар нь нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Т ын газарт иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгож итгэмжпэл өгөөгүй, мөн хавтаст хэргийн 3-4 дүгээр талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүсэлт гэх баримт бичиг нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хавтаст хэргийн 3-4 дүгээр талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас Т ын газарт гаргасан хүсэлт буюу нотлох баримтын шаардлага хангаагүй гээд үнэлээгүй атлаа Т ын газрыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэсэнд гомдолтой байна.

5.3. Анхан шатны шүүх ... Хариуцагч талын зардлын баримтгүй гэж тайлбар гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/4051 тоот албан бичиг, хавсралт, тэр дундаа хавтас хэргийн 135 дугаар хуудсанд буй түүний хавсралт няцаасан, баримт нотлох баримтын шаардлага хангана гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт тодорхой хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичмэл нотлох баримт нь энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй болно.

5.4. Мөн анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/4051 тоот албан бичиг, хавсралт нь бичмэл нотлох баримт байсаар байхад цахим баримт гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь баримтын хүрээнд хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийснээс биш нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зөв гэсэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөлөгч баримт нь үндэслэлтэй бол хохирлыг төлөх нь зөв гэсэн атал иргэдийн төлөөлөгч төлүүлэх нь зөв гэсэн гэх байдлаар дүгнэлтийг шүүх хийсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/00556 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ... Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Т ын газар нь энэ үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдэд холбогдуулан төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гарган бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэнд, тусламж, үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хүсэлт ирүүлснийг прокурор хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэмтлийн яаралтай тусламж 160,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мэс заслын ажилбарын төлбөр 1,486,000 төгрөг, нийт 1,647,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хохирогч дахин хагалгаанд орж, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн нийт 3,260,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, санг хохиролгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, прокурорын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагч Б.О ээс 3,260,000 төгрөгийг олгуулж, төрийн санд олгуулах үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т ын газар нь хариуцагч Б.О эд холбогдуулан гэм хорын хохиролд 3,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Хариуцагч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 52 минутын орчимд хххх УНЭ улсын дугаартай Тоёота королла филдер /Toyota corolla fielder/ маркийн автомашиныг жолоодож хххх нутаг дэвсгэр, Буянгийн зам, шинэ гүүрний уулзварт явган зорчигч 68 настай, эрэгтэй Ё.Д ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;

 

3.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ххх дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ээс 1,206,275 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Д т олгохоор шийдвэрлэжээ./хх-75-79/

 

4. Анхан шатны шүүх хохирогч Ё.Д т Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,260,000 төгрөгийн хөнгөлөлт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн үйл баримтыг зөв тогтоож, улмаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад шаардан нөхөн гаргуулах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлөн Т ын газар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч Б.О ээс 3,260,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт нийцсэн.

 

6. Хариуцагч Б.О болон түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Т ын газраас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3078 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан цахим баримт нь нотолгооны хэрэгсэл болно.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар эрх бүхий байгууллагаас гаргуулан авсан баримт нь цахимаас хэвлэсэн баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй.

 

Цахим баримтыг 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангуулан гаргуулах боломжгүй ба зохигч талуудаас энэ талаар үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй байх тул нотлох баримтаар үнэлснийг буруутгахгүй.

 

6.2. Хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул гэм буруугийн талаар маргаангүй гэж үзэх ба хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх үр дагавар үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/00556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР