Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 339

 

       Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Э.Энхбат,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Ц.Энхболд /ҮД:0369/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлуут овогт ...ын ...д холбогдох 1908005550257 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, ...тоотод оршин суух, урьд

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар шийтгэж өмнөх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сарын ялаас 02 жилийг өршөөн хасч үлдсэн 1 жил 05 сарын хорих ял дээр 03 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн 01 жил 08 сарын хорих ялыг бичелэн эдлүүлэхээр тогтоосон, Борлуут овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.... нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 22:33 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгүүн" нэртэй уушийн газарт тус газраар үйлчлүүлж байсан хохирогч Б....ын Ай фоне 6 эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 21-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд байрлах "Цэнгүүн" пабад орж архи уусан ба нэг мэдэхэд унтсан байсан. 00 цагийн орчим сэрээд гар утсаа үзэхэд байхгүй болохоор нь хяналтын камерийн бичлэгийг үзэхэд хажуугийн ширээнд сууж байсан хүн авсан бичлэг байсан. ...Гар утсыг миний дүү Б.... 2018 онд Хөх хотоос авч ирж өгч байсан ба Ай фоне 6 эс загварын цагаан өнгөтэй байсан. 350,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,

 

2.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед зүс таних ...нар намайг утсаар залгаж дуудаад бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгүүн" гэх пабад архи согтууруулах ундаа уухаар орцгоосон. Тэгээд бид дөрөв уг пабад 0.75 литрийн нэг шил архи аваад хувааж ууцгаасан. Би уг пабад орохдоо нэлээн согтуу байсан болохоор удалгүй согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрээд харсан чинь би ганцаараа үлдчихсэн сандал дээр унтаж байхаар нь босож уг пабаас гарахдаа миний унтаж байсан ширээний хажуу талын ширээн дээр бас хоёр хүн согтуу унтаж байхаар нь ширээн дээр нь байсан гар утсыг нь аваад гараад явчихсан. ... гар утасны үнэ 320,000 төгрөгийг төлсөн, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх  27-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

3.Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн үед ..., ...нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэнгүүн" гэх пабад нэг найзынхаа баярыг тэмдэглэхээр орцгоосон. Тухай пабад бид дөрөв Эдэн нэртэй 0.75 литрийн архинаас хоёр шилийг уусан санагдаж байна. Тэгж байтал ..., ...нэлээн согтоод бид нарын сууж байсан ширээн дээр унтаад өгсөн. 00 цагийн үед ... сэрээд миний гар утас алга болчихлоо гэхээр нь бид нар тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд бид нарын хажуу талын ширээн дээр байсан (ойролцоогоор 4-үүлээ байсан гэх) 20 орчим настай хүмүүсээс унтаад үлдсэн байсан нэг залуу нь явахдаа бид нарын ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг хадгалагдсан байсан. Тэгээд ... цагдаагийн газар өргөдөл өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,

 4.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү дүү нартаа болон хүүхдүүдэд их хайртай. Эрүүл үедээ бол хүнтэй их элэгсэг, харилцааны соёл сайтай, илэн далангүй, хүнд их тусархуу за л гээд явж байдаг. Гэртээ байхад нь л найзууд нь залгаад дуудаад байдаг юм. Манай хүү гүрийж гүрийж тэсвэр нь алдагддаг юм шиг байгаа юм гараад явдаг. Тэгээд архи уугаад согтохоороо бол ааш зан нь өөрчлөгдөөд их тогтворгүй болчихдог. Бие хаа сайтай болохоор ажилд их сайн. ...” гэх мэдүүлэг /хх 40-41 х/

              

   5.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Iphone 6s маркийн гар утсыг 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320,000 төгрөгөөр үнэлэв” /хх 11-12 х/

   6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/

   7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44 х/

   8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

   9.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50-57, 58-70 х/

  10.Хохирогч Б....ын ХААН банкин дахь дансанд 320,000 төгрөгийг төлсөн баримт /хх 87 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

              

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Ай фоне 6” загварын гар утасны үнэлгээ зах зээл дээр 290,000-350,000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд уг утастай ижил утас 290,000 төгрөгийн үнэтэй байгаа, шинэ утас юм бол хайрцаг, бичиг баримтууд нь байх ёстой гэтэл энэ утасных байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг нотлох баримтыг няцаах үндэслэл бүхий баримт гаргаж ирүүлээгүй тул түүний гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Хохирогч Б....ын “...Гар утсыг миний дүү Б.... 2018 онд Хөх хотоос авч ирж өгч байсан ба “Ай фоне 6 эс” загварын цагаан өнгөтэй байсан. ... би 350,000 төгрөгөөр үнэлж байна ... ” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,

Шүүгдэгч Э....ын “... хоёр хүн согтуу унтаж байхаар нь ширээн дээр нь байсан гар утсыг нь аваад гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх  27-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

Гэрч Э....ын “...бид нарын ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг хадгалагдсан байсан. Тэгээд ... цагдаагийн газар өргөдөл өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,

Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Iphone 6s маркийн гар утсыг 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320,000 төгрөгөөр үнэлэв” /хх 11-12 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.... нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний шөнийн 22:33 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Цэнгүүн" нэртэй уушийн газарт тус газраар үйлчлүүлж байсан Б....ын Ай фоне 6 эс загварын гар утсыг хулгайлан авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

              

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Б.... иргэн Б....ын “Ай фоне 6 эс” гар утсыг хулгайлан авсан үйлдлийн улмаас 320,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Б.... нь иргэн Б....ын ширээн дээр тавьсан байсан “Ай фоне 6 эс” загварын гар утсыг хохирогчийг унтаж байх хойгуур нь буюу гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 25-26 х/ 320,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

 

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.... нь бусдын гар утсыг нууц далд аргаар, хүч хэрэглэлгүй, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч Б.... нь “Ай фоне 6 эс” гар утасны үнэлгээгээр тогтоогдсон дүн болох 320,000 төгрөгийг хүлээн авсан болох нь Хаан банкны орлогын гүйлгээний баримт /хх 87 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Улсын яллагч: Б....д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Хохирол төлсөн нөхцөл байлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б....гийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд хоёр удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд тооцогдохгүй хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйлүүдийн нэгд тооцогдож байгаа, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, албадан хөдөлмөр эрхлэх боломжтой, гэмт хэргийн хор уршиг их биш, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохиролд 320,000 төгрөг төлөгдсөн, бусдад  төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Борлуут овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....д мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 01 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 320,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ