Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 151-17 тоотод оршин суух, Салхи овгт Пүрэвдоржийн Уламбаярын /РД: ЕК87062567/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Хилийн 1-1 тоотод оршин суух Иөншөөбүү овогт Энхболдын Мөнхчимэгт /РД: ЖЯ89051706/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 160,200 төгрөг, алданги 503,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч П.Уламбаяр, хариуцагч Э.Мөнхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, гэрч Э.Отгонтуяа нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Уламбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 11-нд Замын-Үүд сумын төвд  Google интэрнет ажилуулдаг Энхболдын Мөнхчимэгт 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20%-н хүүтэйгээр зээлүүлсэн одоо болтол өгөөгүй. Эхний сарын хүү болох 200,000 төгрөгийг хугацаа хэтүүлж 50000, 100000, 50000 төгрөгөөр цувуулж өгсөн. Үндсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй ба удаа дараа нэхүүлсэний эцэст 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 185,000 төгрөг өгч 815,000 төгрөгийн үлдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 11-ний дотор өгнө гэж Э.Мөнхчимэг нь өөрийн гараар баталгаа бичиж өгсөн боловч элдэв янзын шалтаг зовлон тоочоод өгөхгүй байсаар 7 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг өгч одоо 515,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Би дээрхи мөнгөний 500,000 тегрөгийг өөрөөсөө 500,000 төгрөгийг найзаасаа авч өгсөн байсан ба найзыхаа мөнгийг хугацаанд нь өгөхийн тулд өөрийхөө бөгжийг хүртэл ломбарданд тавьсан. Энэ тухайгаа Мөнхчимэгт хэлж мөнгөө хурдан өгөхийг шаардсан боловч өгөхгүй өдийг хүрлээ. Анх гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0,5%-иар алданги тооцно гэсний дагуу 5 сарын 20-оос 07 сарын 02-г суустал 44 хоног үүний 0,5% нь 179300 төгрөг, 07 дугаар сарын 03-ний өдрөөс 08 сарын 01-г хүртэл 28 хоногийн 0,5% нь 72100 нийт алданги 251400 төгрөгийг үндсэн зээл 515,000 төгрөг дээр нэмж нийт 766400 төгрөгийг нэхэмжилж байна.Э.Мөнхчимэгийн амьдарлын байдлыг нь харж эхний сарууддаа алданги тооцолгүй сүүлийн 3 сарын алдангийг тооцсон болно.

Хариуцагч Э.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбартаа: Би Уламбаяраас 1,000,000 төгрөгийг зөвхөн 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Хүүнд 200,000 төгрөгийг төлж чадахгүй бага зэрэг хугацаа удаасан тал бий. Ингээд Уламбаярт үндсэн болон хүүгийн мөнгөнд гэж 1,139,800 төгрөгийг өгсөн. Уламбаяр  авсан мөнгөө аваагүй 685,000 төгрөг авсан  гээд өргөдөл гаргасан.  Энэ нь миний өгсөн мөнгөнөөс 454,800 төгрөгийг дутуу бичиж надаас илүү мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо үлдэгдэл 60,200 төгрөг төлнө гэжээ.

Нэхэмжлэгч П.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мөнхчимэгт 2016 оны 03 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлүүлж, 2016 оны 04 сарын 11-нд төлж дуусахаар гэрээ байгуулсан юм. Гэтэл Мөнхчимэг заасан хугацаандаа мөнгөө төлж чадахгүй нь гээд зээлийн хүүг хугацаа хэтрүүлж өгсөн бөгөөд тухайн үедээ 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000 төгрөг гэж тасалж өгсөн. Ингээд үндсэн мөнгөө нэхэхэд 2016 оны 05 сарын 11-нд 100,000 төгрөг, 30,000 төгрөг, 5 сарын 19-нд 300,000 төгрөг, 07 сарын 03-нд 400,000 төгрөг тус тус төлсөн. Мөн би 4,800 төгрөгийн гоймон, дараа нь дахиад 3,000 төгрөгийн гоймон, 2,000 төгрөг бэлнээр авсан юм. Ингээд Мөнхчимэг нь үндсэн зээлд нийтдээ 839,800 төгрөг, зээлийн хүүнд 200,000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлээс 160,200 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа юм. Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа гэрээний дагуу  гэж 5 сарын 20-оос 07 сарын 02-г суустал 44 хоног үүний 0,5% нь 179300 төгрөг, 07 дугаар сарын 03-ний өдрөөс 08 сарын 01-г хүртэл 28 хоногийн 0,5% нь 72100 нийт алданги 251400 төгрөгийг үндсэн зээл 515,000 төгрөг дээр нэмж нийт 766400 төгрөгийг нэхэмжилсэнээ багасгаж, үндсэн зээл 160,200 төгрөг, гэрээний дагуу алдангид 2016 оны 04 сарын 11-ний өдрөөс 08 сарын 01-ний өдрийг хүртэл хүү 503,226 төгрөг нийт 663,426 төгрөгийг Мөнхчимэгээс нэхэмжилж байна. Би алдангийг тооцохдоо төлөгдөөгүй үүрэг гэж үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгөөс тооцож байгаа болно. Мөнхчимэг нь 5 сарын 19-нд надад 300,000 төгрөг өгсөн, яагаад 400,000 төгрөг өгсөн гээд байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагч Э.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Уламбаяраас 2016 оны 03 сарын 11-нд 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй 1,000,000 төгрөгийг зээлсэн юм. Ингээд 4 сарын 11 нд зээл, зээлийн хүүг төлж дуусгах байтал боломжгүй болоод төлж чадаагүй. Ингээд 2016 оны 04 сарын 11-нд нийт 200,000 төгрөг, 4 сарын 12-нд 100,000 төгрөг, тэр өдөртөө цүнх авах гэсэн юм гэхээр нь 30,000 төгрөг, 5 сарын 16-нд 400,000 төгрөг, тэр өдөртөө 4,800 төгрөгийн гоймон, 07 сарын 03-нд 400,000 төгрөг, тэр өдөр 3,000 төгрөгийг бэлэн гоймон, бэлэн 2,000 төгрөг авсан юм. Ингээд зээлийн хүү 200,000 төгрөг төлсөн. Уламбаярын хувьд авсан мөнгөө тооцоод 160,200 төгрөг үндсэн зээлд нэхэмжилж байгааг зөвшөөрч байна, харин алдингид 240,300 төгрөг төлнө гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Уламбаяр нь хариуцагч Э.Мөнхчимэгт холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 515,000 төгрөг, алданги 251,400 төгрөг, нийт 766,400 төгрөг нэхэмжилсэн бөгөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 160,200 төгрөг, алданги 503,226 төгрөг, нийт 663,426 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч Э.Мөнхчимэг нь нэхэмжлэгч П.Уламбаяраас 2016 оны 03 сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй зээлэн авч, 2016 оны 04 сарын 11-нд үүргийг гүйцэтгэж дуусахаар зээлийн гэрээ бичгээр байгуулсан үйл баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хх-ийн 4 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Э.Мөнхчимэг нь гэрээ ёсоор 2016 оны 04 сарын 11-нд гэрээний үүрэг болох үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүүнд 200,000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн байх ба тэрээр 4 сарын 11-нээс 4 сарын 29-ний хооронд зээлийн хүүг төлж барагдуулж, улмаар үндсэн зээл 1,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байх бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 160,200 төгрөг алдангид 240,300 төгрөг төлнө гэж маргаж байгаа болно.

Талууд  байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн гол нөхцөл болох зээлийн мөнгөн дүн, төлөх хүү, хугацаа, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тохиролцсон, зээлийн гэрээнд зээлдэгч зээлсэн мөнгийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар  төлөгдөөгүй  үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө гэж заасан байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч П.Уламбаяр нь гүйцэтгээгүй үүрэгт алданги шаардах эртхэй байна.

Хариуцагч тал нь гүйцэтгээгүй үүргийг зээлийн үлдэлдэл 160,200 төгрөгөөс тооцож алданги төлнө гэх боловч  тэрээр  гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээ дуусах үед гүйцэтгээгүй тул зээлийн үлдэгдэл 160,200 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг гэж нийт 1,200,000 төгрөгөөс тооцож, 2016 оны 04 сарын 11-ны өдрөөс 08 сарын 01-ны хүртэл алдангид 503,226 төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Э.Мөнхчимэг нь зээлийн хүүг 2016 оны 04 сарын 11-29-ны өдрүүдэд төлж барагдуулсан зохигчдын тайлбараар нотлогдож байх ба харин хариуцагч нь үндсэн зээл 1,000,000 төгрөгийг гэрээ ёсоор 2016 оны 04 сарын 11-нд төлж барагдуулаагүй байх тул гүйцэтгээгүй үүргийг 1,000,000 төгрөг гэж дүгнэх нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т “ хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан байх ба 2016 оны 04 сарын 11-нээс 08 сарын 01-ныг хүртэл 111 хоногийн алдангийг тооцоход  555,000 /1,000,000х0,5=5000 төгрөг /1 хоног/ х111=555,000/ төгрөг болж байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар  анзын нийт  дүн гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн  50 хувиар хэтэрч болохгүй гэж заасан байх тул хариуцагчаас алдангид 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үндсэн зээлд 2016 оны 05 сарын 11-нд 100,000 төгрөг, 30,000 төгрөг, 5 сарын 19-нд 300,000 төгрөг, 07 сарын 03-нд 400,000 төгрөг тус тус төлсөн. Мөн би 4,800 төгрөгийг гоймон, дараа нь дахиад 3,000 төгрөгийн гоймон, 2,000 төгрөг бэлнээр авсан юм. Ингээд Мөнхчимэг нь үндсэн зээлд нийтдээ 839,800 төгрөг авсан, одоо үндсэн зээлээс 160,200 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж нэхэмжилдэг бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл 160,200 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 160,200 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 660,200 төгрөгийг хариуцагч Э.Мөнхчимэгээс гаргуулж, нэхэмжлэгч П.Уламбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,226 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зйүлийн 232.4, 232.6-т зааснаар харуицагч Э.Мөнхчимэгтээс /РД: ЖЯ89051706/ гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 160,200 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 660,200 төгрөгийг хариуцагч Э.Мөнхчимэгээс гаргуулж, нэхэмжлэгч П.Уламбаярт  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3,226 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Уламбаярт олгосугай.

3. Хариуцагч Э.Мөнхчимэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД