Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/33

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ийн А-д холбогдох эрүүгийн 1817002030014 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Ж-ийн А /РД:ЕЙ97072319/, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 8-18 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг,

урьд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Яллагдагч Ж.А нь тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүхээгийн гол” гэх газар оршин суух иргэн Г.Ч-ийн гэрийн хаалгыг отвертикаар онгойлгон хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, А судар зэрэг эд зүйл хулгайлж 1 000 000 төгрөгний хохирол учруулсан,

мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 07-165 тоот хашаанд байсан иргэн О.Г-ын эзэмшлийн 18-29 УБГ улсын дугаартай ачааны Маяти маркийн автомашинаас бэлэн 670 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ж.А нь машин механизм ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, “Хүхээгийн гол” гэх газарт оршин суух Г.Ч-ийн гэрийн хаалгыг отвертикаар онгойлгон хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, Алтангэрэл судар зэргийг хулгайлж 1 000 000 төгрөгний хохирол учруулсан,

мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 07-165 тоот хашаанд байсан О.Г-ын эзэмшлийн 18-29 УБГ улсын дугаартай ачааны Маяти маркийн автомашинаас бэлэн 670 000 төгрөг хулгайлсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйлгүй гэв.

 

1.2. Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймагт охиныхоо хуримд оролцоод 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы нугасны шрупийг тайлаад хулгай орсон байсан. Гэрийн зүүн талд байсан авдарыг ухаад мөнгөн хазаар, бурхан дээр байсан баримтагтай Алтангэрэл сударыг тус тус аваад явсан байсан. Харин би 4 ширхэг мөнгөн аяга, эмээлийн чимэглэл алдсан гэж мэдүүлсэн боловч тэдгээр эд зүйлээ гэртээ буцаж очоод авдар болон гутлын цаасан хайрцагнаас олсон. Би гэрээсээ мөнгөн хазаар, судар хоёрыг алдсан байна. Мөнгөн хазаарынхаа үнэлгээтэй санал нийцэж байна. Аавын минь ааваас өв дамжиж ирсэн хазаар байгаа юм. Дээр үед миний өвөө нэг атан тэмээгээр худалдаж авч байсан гэдэг. Би Алтангэрэл судраа үнэлэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

 

1.3. Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 19-29 УБЕ улсын дугаартай ачааны машинаасаа 670 000 төгрөг алдсан. 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 7-165 тоот хашаанаас А-ийн хамт явж байгаад алдсан. А-өөс өөр хүн байгаагүй. Алдармөнхтэй холбоо барих утас байгаагүй учир цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 160 хуудас/

 

1.4. Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь манай төрсөн эгч У-ийн том хүү. Манайд голчлон байж мал малладаг. Би үхэр хийгээд Улаанбаатарт борлуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр явахад А ар дааж үлдсэн. Өнөөдөр гэртээ иртэл саахалт айлын Ц эгчид урд гэрээ очиж хараад ирье гэж хэлээд явсан байсан. Одоо болтол ирэхгүй байна. Миний мотоциклийг унаад явсан байна. Манай дүү А Ч-ийн эд зүйлийг хулгайлсан байж магадгүй гэж бодож байна. Ч гуайг эзгүй байсныг сайн мэдэж байгаа. БНМАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн Кенво маркийн улсын дугааргүй мотоцикль миний өөрийн эзэмшлийн мотоцикль. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай төрсөн эгч У над руу залгаад А чиний мотоциклийг хөдөөнөөс унаж ирээд Найрамдал хотхоны 1 дүгээр байрны урд талын зогсоол дээр үлдээсэн аваарай гээд ярьсан.

2018 оны 06 дугаар сарын сүүлээр Г над руу залгаад дүү чинь хаана байгаа юм бэ ажил хийх юм уу, манайд туслах ажилтан хэрэгтэй байна, цалин өдрийн 40 000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд манай дүү А туслах ажилтнаар орсон. Г 2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна над руу залгаад муу мэдээ байна А борлуулалт хийсэн 670 000 төгрөгийг минь хулгайлаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр өөрийн Хаан банкны  данснаасаа Г-ын данс руу 670 000 төгрөгийг нь шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-33, 164 хуудас/

 

1.5. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр урд айлын Ч гэдэг хүн манай гэрт хулгай ороод авдар онгойлгоод мөнгөн аяга авсан байна гэсэн. С-ын төрсөн эгч У-ийн хүүхэд А нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний орой 20-21 цагийн үед С ахын гэрийг цоожлоод ирье гээд С-ийн эзэмшлийн ногоон өнгийн мотоцикльтой ганцаараа явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-38 хуудас/

 

1.6. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр өглөө 08 цагт ажил дээрээ байж байхад үл таних нэг залуу орж ирээд мөнгөн хазаар байна гээд гаргаж ирэхээр нь чамд биеийн байцаалт байна уу, байхгүй бол та Теди худалдааны төв дотор хурууны хээ уншдаг машин байгаа тэндээс иргэний үнэмлэхний хуулбараа аваад ир гээд явуулахад удалгүй буцаж ирээд тэр машин нь ажиллахгүй байна гээд надад цусаа өгч байсан өөрийнхөө нэртэй бичиг үзүүлсэн. Тэгээд тэр залуу надад мөнгөн хазаарыг эвдэж өгсөн. Хазаарын нийт мөнгөн эдлэл нь 3 лан 4 цэн болоод 130 000 төгрөгөөр авсан. Худалдаж авсан мөнгөн хазаарын мөнгөн эдлэлийг би цааш нь худалдан борлуулсан. Ганцхан тархи нь тасарсан, морин толгойтой гуулин амгаатай, зарим газраа мөнгө нь байхгүй, хөнгөн цагаанаар орлуулсан хазаар байсан. Би хөнгөн цагааныг нь ялгаад хазаартай нь өөрт нь өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

1.7. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Нэрийг нь мэдэхгүй дэлдэн шар залуугаас баримтагтай судар 50 000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны үед агуйгаас олсон гэж хэлж байсан. Таны дагуулж яваа А гэдэг залуу судар зарсан залуу мөн байна. Би тэр судрыг ашиг хонжоо харах гэж худалдаж аваагүй. Гэртээ тавих гэж авсан байж байгаад лангуун дээрээс алдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.8. Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...С над руу залгаад Г-ын 670 000 төгрөгийг А хулгайлж авсан байна гэнэ. Г-ын 670 000 төгрөгийг чи өөрийн данснаасаа хийчих гэж хэлсэн. Удалгүй Г-ын дугаараас миний дугаар луу мэссэжээр Хаан банкны данс ирсэн. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би 670 000 төгрөгийг над руу явуулсан данс руу нь хийсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 164 хуудас/

 

1.9. Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-11, 26-27 хуудас/

 

1.10. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 15-21 хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /х.х-ийн 45, 49 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

 

ХОЁР: Шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдармөнх хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

 

2.2. Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр А-ийн ах С нь миний алдагдсан мөнгө болох 670 000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 160 хуудас/

 

2.3. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь бага байхдаа томоотой үг цөөтэй хүүхэд байсан. 2 дугаар ангиасаа сургуулиас гараад эмээ өвөө дээрээ мал малладаг байсан. Одоо ч гэсэн үг дуу цөөтэй хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

 

2.4. Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь зөөлөн зантай жаахан онгироо байж магадгүй сэргэлэн хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 165 хуудас/

 

2.5. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /х.х-ийн 58-69 хуудас/

 

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 70- 84 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.А-ийг бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасныг дурдаж.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Ж.А-ийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хувийн байдлыг харгалзан” үзэхээр заасан ба шүүгдэгч Ж.А нь 2015, 2016 онд тус тус бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгүүлж байсан болно. 

Харин шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан саналыг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кенбо маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль нь С.С-ын өмчлөлийнх болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, түүний үнэ болох 250 000 төгрөгийг шүүгдэгч Ж.А-өөс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.А-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 68 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 27,5 см урттай, хүрэн эрээн өнгийн модон иштэй алхыг устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-ийн А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кенбо маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийн үнэ болох 250 000 /хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Ж.А-өөс гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Кенбо маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 27,5 см урттай, хүрэн эрээн өнгийн модон иштэй алхыг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА