Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00719

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр Дуга 210/МА2024/00719

 

 

Н.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Тгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Д т холбогдох,

 

Гэм хорын хохирол 198,300,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний охин Э.Э 2020 оны 06 сарын 27-ны өдөр ххх дугаар багийн нутаг дэвсгэрт хххх гэх газар усанд живж амь насаа алдсан. Охиныг минь А.Д гэх 16 насаар ах залуу дагуулж яваад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Тэрээр мөрдөн байцаалтад ...нэг удаа бэлгийн харьцаанд орсон, бөөлжөөд цээж нүцгэн майхнаас миний хажуугаар мөлхөөд гарсан, би бөөлжис цэвэрлээд үлдсэн, тэгээд усанд унасан гэх мэдүүлгийг өгдөг.

1.2. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолоор, Төв аймгийн Эрүү хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 00061 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 179 дугаар тогтоолоор А.Д ийг гэм буруутайд тооцсон.

1.3. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор 20,913,629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн 2024 оны 02 сарын 06-ны өдөр миний бие 4,050,000 төгрөгөөр сэтгэл зүйн зөвлөгөө оношилгоо засал хийлгэсэн.

Иймд хариуцагч А.Д ээс гэм хорын хохирол талийгаачийн хойдохын зан үйлийг болон ном уншуулсан зардалд 21,675,602 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 15,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөгийг, сэтгэл зүйн зөвлөгөө 4,050,000 төгрөгийг нийт 198,300,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2020 оны 06 сарын 27-ны өдөр талийгаач Э.Э болон А.Д нар найзуудын хамт Төв аймгийн Эрдэнэ суманд амарч, зугаалж явж байгаад санамсар, болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болж Э.Э гэдэг охин голын усанд унаж амь насаа алдсан.

Энэ үйл явдалтай холбогдуулаад А.Д ийг цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүхэл зүйлийг шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 2022 оны 06 сарын 17-ны өдөр 264 дугаартай Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 3 жилийн хорио ялыг оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

2.2. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх явцад талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Н.Т нь нийт 57,262,170 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эрүүгийн шүүх хянан хэлэлцээд 21,348,541 төгрөгийг А.Д ээс гаргуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүх А.Д т холбогдох хэрэг нь өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хэрэг гэж үзээд 2022 оны 12 сарын 07-ны өдөр 179 дугаартай эрүүгийн хэргийн хяналтын ялаас чөлөөлсөн. А.Д энэ гэмт хэргийн улмаас 6 сарыг хорих байгууллагат биеэр эдэлсэн.

2.3. А.Д нь шүүхээс гаргасан 21,348,541 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх шийдвэрлэхдээ 57,262,170 төгрөгөөс 15,000,000 төгрөг болох өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах нь өөрийн эрхийн асуудал өмгөөлөгч авсан зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгч нь баримтаар нотлогдоогүй 20,913,129 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлээ гаргасан гэж ойлгож байна.

Хэрэгт авагдсан бурхан шашны зан үйл хийсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангагдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5. Түүнчлэн 15,000,000 төгрөг болох өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэргийн шүүх хянан эцэслэн шийдвэрлэсэн иргэний журмаар нээлттэй үлдээгүй, хэрэгсэхгүй болгосон энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон нэгэнт илэрхий зүйлийг дахин нотолж тогтоох хянан хэлэлцэх боломжгүй гэж үзээд 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт хүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох түүнийг үнэлж дүгнэх хуулийн зохицуулалтууд орж ирсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гээд хуульд тодорхой заасан байдаг.

2.6. Тэгэхээр энэ сэтгэцэд учирсан хохирол нь 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргүүдэд сэтгэцэд учирсан хохиролд тооцох боломжтой гэж үзэж байна. Иргэний хууль тогтоомжоор иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан 157,575,000 төгрөгийг Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхэд хамаарч байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

2.7. Мөн 4,050,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэдгийг заасан байгаа. Мэдээж хүнээ алдсан хүнд хэцүү байгааг бүгд мэдэж, ойлгож байгаа гэхдээ сэтгэцэд учирсан хохирлыг ямар хэмжээнд байхыг хуульд тодорхой заасан байгаа Шүүхийн шинжилгээний байгууллага буюу эрх бүхий байгууллага тогтоогоод хуулиар тодорхойлон заасан байгаа учраас төрийн бус байгууллага тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Монгол Улсад ямар нэгэн үйлчилгээ авахад тэр болгон авсан худалдан авалтаа баримтаар нотлоод байх боломжгүй тул нэгэнт хохирол учирсан нь үнэн тул хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан А.Д ээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 17,409,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 165,891,402 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч А.Д ээс нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,996 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөг, сэтгэл зүйн засал хийлгэх эмчилгээний төлбөр 4,050,000 төгрөгийг үнэлж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас үнэлж шийдвэрлэсэн.

5.2. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 21,675,602 төгрөгөөс 17,409,200 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.3. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-д Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэж талуудын хооронд хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайлбал нэхэмжлэгч болон Ц.О , Т.Т , Л хийд, П.З нарын хооронд хэлцлийг гол нөхцлийг тогтоогоогүй, хэрвээ хэлцэл хийсэн гэвэл ямар эрх зүйн үр дагавар үүссэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Хавтас хэрэгт авагдсан Ц.О /хх-67-68/, Т.Т /хх-69-70/, Л хийд /хх-71-72/, П.З ламд /хх-73/ гандандэгчлэн хийдэд /хх-77-78/, зарлагын баримт /хх-79-86/, ирж очих жолоочийн зардал /хх-87/ баримтуудыг ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас үнэлнэ гэснийг зөрчсөн.

5.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4.1-д заасан 800,000 төгрөгийг 5.4.2-д заасан 1,160,000 төгрөгийг нийлүүлэн 5.4.2-д заасан мөнгөн дүнг 1,960,000 төгрөг гэж тооцож бодсон зөрүүтэй байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлнэ гэсний зөрчсөн тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00770 дугаар шийдвэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Надад ярих зүйл их байгаа боловч сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа тул цэгцтэй ойлгуулж чадахгүй байж магадгүй. Би охиноо алдаад 1382 хонож байна. Анхан шатны шүүх дээр яагаад эрүүгийн хэрэг дээр шийдвэрлэгдсэн оршуулгын зардлыг яагаад нэхэмжилж байгаа талаар маш тодорхой тайлбарласан.

6.2. Охины маань амь насыг юу ч нөхөхгүй. Би оршуулгын зардлын баримтыг 2022 оны 05 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр надад нэмж хачирласан зүйл байхгүй. Миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

6.3. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг иргэн хүнийхээ хувьд хүндэлж байгаа боловч оршуулгын зардал 21,675,602 төгрөг, өмгөөллийн хөлс, сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Би баримт цуглуулах гэж амьдраагүй. Би сэтгэцийн эмгэгт орох өдөр байсан боловч би өөрийгөө хянаад өнөөдрийг хүрсэн. Эрүүгийн хэрэгт өгсөн баримт, иргэний хэрэгт өгсөн баримтууд тусдаа байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч А.Д т холбогдуулан гэм хорын хохирол 198,300,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Хариуцагч А.Д нь ххх дугаар багийн нутаг хххх гэх газрын Т голын хөвөөн дээр 2020 оны 06 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Э.Э ыг Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль /2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж орхисны улмаас голын усанд живж, амь насыг нь хохироосон;

 

3.2. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолоор, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/00061 дугаар магадлалаар гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д ээс 14,148,541 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тд олгохоор шийдвэрлэсэн,

 

3.3. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 179 дугаар тогтоолоор Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 61 дугаар магадлалд Шүүгдэгч А.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, даруй сулласугай гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн; /хх-5-33/

 

3.4. Дээрх шийтгэх тогтоолд дурдсан 21,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлсөн ба анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 17,409,200 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримттай давхцаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд талууд дээрх үйл баримтад маргаагүй.

 

4. Хариуцагч нь бусдын амь насыг хорлоход хүргэх гэмт хэрэг үйлдсэн атлаа талийгаачийг нутаглуулах болон зан үйлд холбогдох зардлыг төлөх үндэслэлгүй гэж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй ба давж заалдах шатны шүүх шударга ёс, ёс суртахууны нийтлэг зарчмыг баримтлан хэрэгт цугларсан баримтын хүрээнд гомдлыг хянасан болно.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 17,409,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдлийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөг, сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан 4,050,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх дээрх үнийн дүн буюу нийт 19,050,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байхад хангаагүй байна. Нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Талийгаач Э.Э ын амь насыг хохирооход хүргэсэн гэмт хэрэг нь 2020 оны 06 сарын 28-ны өдөр үйлдэгдсэн тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой зохицуулалт нь 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт бөгөөд шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй.

 

6.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4.2-т 800,000 төгрөгийг давхардуулах бичиж, илүү тооцсон боловч эрүүгийн хэргийн өмгөөллийн хөлс, болон сэтгэл зүйчийн үйлчилгээний зардалд уг 800,000 төгрөгийг суутган тооцох боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй.

 

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн, нэхэмжлэгч өөрөө оршуулгын зан үйлтэй холбоотой баримтыг нотолж чадаагүй гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан шашин номын зан үйлтэй холбоотой баримтад хэдэн төгрөгийг ямар зориулалтаар хэнд төлсөн, мөн тухайн мөнгийг авсан гэх хүний гарын үсэг бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан шаардлага хангаж байх бөгөөд уг баримтыг анхан шатны шүүх үнэлж, хариуцагчаас 17,409,200 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн зөв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР