Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00793

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00793

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХК

Хариуцагч: У.Б, Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: 17,430,521 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. , Г.Хулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 У.Б, Б.Н нар нь И ХК-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/39 дугаартай зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 15,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгийг У.Бын дансанд шилжүүлсэн. У.Б, Б.Н нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас зээлдэгчид зээл төлөхийг удаа дараа сануулсан.

1.2 Зээлдэгч нарт зээлийн төлбөрт 9,652,583 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 588,437 төгрөг, нийт 17,413,522 төгрөг хуримтлагдсан. У.Б нь эрүүл мэндийн байдал муудаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, зээлээ төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний төлбөрт 17,413,522 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 17,430,521 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйл болох 0000 улсын дугаартай, А /А/ маркийн автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 У.Б, Б.Н нар нь И ХК-иас 15,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, 0000 улсын дугаартай, А /А/ маркийн автомашиныг барьцаалсан. Хариуцагч нар зээлийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилдээ авсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2.2 Зээлдэгч У.Б нь үндсэн зээлд 7,574,211 төгрөгийг төлсөн, зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй. Тухайн үед автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож И ХК-д өгсөн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч У.Б, Б.Н нараас 2018.08.14-ний өдрийн 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт болон үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 17,430,522 төгрөг гаргуулах, 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот фидуцийн гэрээгээр барьцаалсан 0000 улсын дугаартай 000000000000 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, с1490с хөдөлгүүртэй, А автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 ,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 И ХК нь автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан. Түүнээс хойш нэхэмжилсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргаж өгсөн байхад энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн уг автомашин зах зээл дээр ямар үнэлгээтэй болох, ямар үнээр худалдан борлуулж болох талаар шинжээч томилон үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Өнөөдрийн байдлаар уг автомашиныг худалдан борлуулсан ч зээлийн үлдэгдэл 17,413,522 төгрөгийг хааж чадахгүй нөхцөл байдалтай байна.

4.2 Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, зээл, зээлийн төлбөрийн талаар бодитой дүгнэлт шүүх хийж чадаагүй. Зээлийн үлдэгдэл 17,413,522 төгрөгийг төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлсөн зээлийн гэрээний 3.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тус тус хангаагүй.

Талууд автомашин хураан авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрийн талаар маргаангүй гэдгээ илэрхийлсэн, мөн зээлийн үлдэгдэл 17,413,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хэн хэнд ямар хохирол учруулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

4.3 Зээлийн гэрээний үүрэг болох 17,413,522 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, барьцааны автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагаар ажиллагаа хийлгэж, автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулж, үлдэх төлбөрийг хэрхэх талаар талууд хуульд заасан ажиллагаа хийлгэх боломжтой байсан, энэ эрхийг хязгаарласан байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. И ХК-иас ...автомашиныг авчирч өг гэж У.Быг дарамталсан тул 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр автомашинаа аваачиж өгөхөд ...зээлийн төлбөрт автомашинаа өглөө гээд бичүүлж авсан. И ХК нь автомашиныг хадгалсан болон хадгалуулаагүй талаар ямар нэгэн акт үйлдээгүй. Мөн автомашин хурааж авсны дараа зээлийг нэг ч удаа шаардаж, мэдэгдэл хүргүүлээгүй атлаа 2023 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. У.Б зээлийн төлбөрт автомашинаа өгсөн тул зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж бодож явсан.

5.2 Барьцаат зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг өгчихсөн байхад зээлдэгчийн зээлийн үр шимийг хүртэх эрхийг хаасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 09 дүгээр сар хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тухайн барьцааны гэрээнд заасан автомашиныг зээлдэгч буцаан авснаар тухайн хугацааны зээл, хүү төлөгдсөнд тооцно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч У.Б, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,652,583 төгрөг, хүүгийн төлбөр 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 588,437 төгрөг, нийт 17,413,521 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, бүгд 17,430,521 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч И ХК нь 15,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар 48 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч У.Б, Б.Н нь зээл, үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон. /хх 8-10/

3.1 Мөн өдрөө Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, зээлдэгч У.Бын эзэмшлийн, 0000 улсын дугаартай, А /А/ маркийн автомашины өмчлөх эрхийг И ХК-д шилжүүлсэн байна. /хх 11-12/

3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээс үзвэл хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт зээлд 9,347,416 төгрөг, хүүнд 4,090,590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,793 төгрөг, нийт 13,441,799 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2020 оны 11 сараас эхлэн зөрчигдсөн. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,652,583 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 588,437 төгрөг, нийт 17,413,521 төгрөгийн үүрэгтэй байгаа үйл баримт тогтоогдсон. /хх 14-23/ Иймд хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцсэн байна.

5. Хариуцагч У.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр И ХК-д У.Б Ианд өртэй байгаа лизингээр авсан машинаа өрөндөө суутгаж өгч байна гэсэн хүсэлтийг, мөн Ианд хүсэлт гаргах нь гэх баримтад У.Б миний бие нь Өргөө тооцооны төвөөс автомашины ахуйн хэрэглээний зээл авсан болно. Автомашинаа банкдаа өгч хураагдаж байгаа машины гүйлт 294,024 км явсан байна. 2009 оны, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн машиныг хураалгасан У.Б гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. /1хх 85-86/

5.1 Улмаар уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох 0000 улсын дугаартай, А /А/ маркийн автомашиныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5.2 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хүсэлтийн дагуу фидуцийн зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулан авсан нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн ...автомашиныг хадгалсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний нийт үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, фидуцийн гэрээгээр дээрх автомашиныг хөрөнгө шилжүүлэх үеийн байдлаар 15,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнийн дүнгээр зээлийн гэрээний нийт үүрэг хангагдана. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн зээлд 9,652,583 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 588,437 төгрөг, нийт 17,413,521 төгрөг төлөх үүрэгт дээрх 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар тооцож, харин зөрүү 2,413,521 төгрөгийг хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2,413,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, фидуцийн зүйл болох автомашины үнэлгээг шинжээчээр тогтоолгох нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх гаргасан гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 17,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн ...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-г баримталсан нь хэн хэнд ямар хохирол учруулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Б, Б.Н нараас 2,413,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,017,000 төгрөг гаргуулах, 0000 улсын дугаартай, А /А/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч нараас 53,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,217 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН