| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0087/э |
| Дугаар | 2019/ШЦТ/90 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/90
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Э.Г-д холбогдох 1921000220059 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр баг, “...” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Э.Г.
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орчим Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Ган толгой” гэх газраас Б.Н-ын 2 тооны адууг хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай адуу бэлчээр дээрээ Буяндэлгэр гэх хүний адуутай нийлсэн байсан. Намайг адуугаа хураахад манай адуутай хүрэн үрээ, хүрэн унага хоёр нийлсэн байсан. 04 дүгээр сарын 01-ний өдөр сайн өдөр байсан болохоор даагаа тамгалж, адууныхаа дэлийг нь зассан. Хүрэн унагыг би хашаанд хашсан байсан. Тухайн өдөр 11 цагийн орчим Анхболд, Наранбаатар хоёр ирээд хүрэн үрээг авч яваад, 17 цагийн үед буцаж ирээд унагаа аваад явсан. Буяндэлгэрийнх, манайх хоорондоо ойрхон байдаг болохоор бэлчээр дээр адуу нийлсэн байсан. Тухайн үед би Буяндэлгэрийн адуу байсан гэдгийг мэдээгүй” гэв.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав Буяндэлгэр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “...” гэх газар нутаглах Анхбаяр, Наранбаатар, Норовням гэх хүмүүсээр адуугаа харуулдаг юм. Тус адуунд миний эзэмшлийн адуу бас байдаг юм. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр миний эзэмшлийн хүрэн зүсмийн шүдлэн үрээ, зээрд зүсмийн унага хоёр алга болсон гэсэн. Манай малчид алга болсон хоёр тооны адуугаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орчим Э.Г гэх хүний малын хашаан дотор байхаар нь олж авсан гэж хэлсэн. ...нялх унага нь олж авчирсан өдрөө үхсэн. Харин үрээ нь одоо байгаа. ...надад гаргах гомдол, санал байхгүй. ...хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 9-10 тал/
Гэрч Э.Норовням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2009 оноос хойш Буяндэлгэр ахын малыг хариуцаж маллаж байгаа. Туслах малчин Анхболд, Наранбаатар нараар адуугаа харуулдаг юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүрэн зүсмийн дэлтэй үрээ, хүрэн зээрд унага хоёр алга болсон. Тэгтэл манайхаас зүүн тийш 10 орчим км газарт нутаглах Оогий гэдэг залуу хашаандаа хийгээд үрээний маань дэлийг зассан байсан. Манай хоёр малчныг очиход мэдэхгүй байхгүй гээд явуулаад байсан. Оогийгийн гэрээр 3 удаа очиж байж унага, үрээ хоёроо олж авсан. Оогий гэдэг залуу хулгай хийгээд үрээний маань дэлийг засаад гаднаа уясан байсан гэж манай хоёр адуучин залуучууд хэлсэн...” гэжээ. /хх-ийн 11 тал/
Гэрч Б.Анхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө хүрэн цавьдар зүсмийн дэлтэй тамгагүй үрээ, хүрэн зээрд унага алга болсон байсан. Тэр өдөртөө ойр орчмоор хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эрэлд явж байгаад “Булаг” гэх газарт нутаглах Оогий гэх залуугийн гэрт 07 цагийн орчим очиж алдсан үрээ, унага хоёроо сураглахад “мэдэхгүй харагдаагүй” гэж хэлсэн. Тэгээд би буцаж найз Наранбаатарын хамт эрээд олохгүй байсан. Тэгээд бид хоёр адуугаа услаад үдээс хойш дахин Оогий гэх залуугийнд очиход гэрийнх нь гадаа алдсан хүрэн цавьдар үрээ маань уяатай байсан. Тэгэхээр нь Оогий гэх залуугаас “энэ манай үрээ мөн байна яагаад дэлийг нь засаж байгаа юм” гэхэд “харин тийм та хоёр үрээгээ аваад яв” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр үрээгээ аваад “хүрэн унага харагдаагүй юу” гэхэд “харагдаагүй” гэж хэлсэн. Тэгээд үрээгээ адуундаа тавиад унагаа эрээд явж байхад “Дэртийн худаг” гэх газар нутаглах Хуягаа гэх ахаас асуухад “Оогийгийн хашаанд хүрэн унага байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Наранбаатар бид хоёр мотоциклтой Оогийгийн гэрт очиход хашаан дотроо нэг гүүнд унагыг маань хөхүүлээд байж байсан...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/
Гэрч Э.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Анхболд гэх найзын хамт Буяндэлгэр гэх хүний адууг хардаг юм. Тэгээд “Булаг” гэх газар нутаглах Оогий гэх залуугийнд очиж алдсан унага, үрээ хоёроо сураглахад мэдэхгүй хараагүй гээд байсан. Өдөр нь дахин очиход дэлтэй байсан хүрэн үрээг маань дэлийг нь засаад тэргэндээ уясан байсныг авч адуундаа тавьсан. Харин унагаа харсан талаар асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд бид хоёр эрэлд явж байгаад Хуяг гэх хүнээс асуухад Оогийгийн хашаанд хүрэн зээрд унага байсан талаар хэлсэн. Ингээд бид хоёр орой очиход Оогий бид хоёрын өөдөөс мотоциклтой тосож уулзаад “яаж яваа юм” гэхэд нь бид хоёр унагаа авъя гээд хашаандаа хар зүсмийн гүүнд хөхүүлж байсан унагаа авч явсан...” гэжээ. /хх-ийн 15 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31 тал/
- Э.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хатгин овогт Э.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Ган толгой” гэх газраас хохирогч Б.Н-ын 2 тооны адууг хулгайлж бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Н, гэрч Э.Норовням, Б.Анхболд, Э.Наранбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Э.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Н-д 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Э.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ