Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00773

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/00773

 

 

Б.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Т гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01146 дугаар шүүгчийн захирамжаар Б.Б нь надаас худалдаж авсан байрыг суллаж өгөх, миний зүгээс түүнээс авсан 40,000,000 төгрөгийг 2022 онд багтаан буцаан төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

1.2. Дээрх захирамжийн дагуу Н газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний эд хөрөнгө болох хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв орон сууцанд шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд шинжээчийн дүгнэлтээр нийт 73,396,100 төгрөгөөр үнэлсэн.

1.3. Тус орон сууцыг 2019 онд 70,040,000 төгрөгөөр худалдан авч байсан ба өнөөдрийг хүртэл орон сууцны үнэлгээ зогсолтгүй өссөөр байх бөгөөд одоогийн зах зээлийн доод үнэлгээ 100,000,000 төгрөг орчим байхад орон сууцыг хэт доогуур үнэлж бидний эрхийг ноцтой зөрчөөд байна.

1.4. Бидний зүгээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, мк.в үнийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх тул хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв орон сууцыг 73,396,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01146 дугаар захирамжаар Б.Т гээс 40,179,150 төгрөгийг гаргуулж Б.Б д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Уг шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххх дугаартай, хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 22381518/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 22381518/6 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 2/31 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгоход 73,396,100 төгрөгөөр үнийг тогтоосон.

2.4. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Т д танилцуулж, 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 4-242/3081 тоот мэдэгдлийг гаргуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

3.1. Б.Т нь өөрөө байраа худалдан борлуулах хугацаа авч, худалдан борлуулах зар тавьсан боловч хэт өндөр үнэ хэлснээс худалдан борлуулах боломжгүй болсон.

3.2. Ингээд дуудлага худалдаанд оруулахын тулд заавал үнэлгээ хийгдэх болж, хоёр тал үнийн дүн дээр маргалдаж, шинжээч томилуулсан. Шинжээчээр томилогдсон үнэлгээ хийсэн компани нь хуулийн болон алдаа, дутагдалтай үнэлгээ гаргасан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт авагдаагүй байна.

Иймд Б.Т гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Н газарт холбогдох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01146 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэгдсэн, хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 73,396,100 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт нийцээгүй хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй атал анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

5.2. Мөн тус хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00497 дугаар шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэн нэхэмжлэгч талд шүүхээс гардуулсан хувьд тогтоох хэсэгт даргалагч шүүгч гарын үсэг зурсан боловч тамга дарагдаагүй буюу шүүхийн шийдвэр нь хэлбэрийн шаардлага хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Давж заалдах гомдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж дурдсан. Энэ нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзнэ. Учир нь анх нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй нийцэхгүй байна гэж гаргасан.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэлтэй, хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв талбайтай, орон сууцыг үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр маргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь хариуцагч талыг дэмжиж оролцсон.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 1146 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б нь хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв талбайтай, нэг өрөө орон сууцыг 2022 оны 03 сарын 20-ны өдрийн дотор бусад дагалдах зүйлсийн хамт ямар нэгэн доголдолгүйгээр хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч Б.Т нь 40,000,000 төгрөгийг 2022 оны 10 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид буцаан төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-ийн 35-37/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.Т сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Б.Б ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 101/ГХ2022/02599 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Н газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Б.Т гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэгдсэн, хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 сарын 09-ний өдөр битүүлжилсэн, 2023 оны 01 сарын 17-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 02 сарын 01-ний өдөр шинжээчээр С.Ц ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-ийн 34, 39-47/

Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 02 сарын 02-ны өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгчээ.

Шинжээч Б ХХК нь 2023 оны 02 сарын 09-ний өдөр Б.Т гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэгдсэн, хххх тоот хаягт байршилтай, 35.8 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 73,396,100 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 55-74/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ... орон сууцны зах зээлийн үнэ 100,000,000 төгрөг байхад үүнээс хэт доогуур үнэлсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

Мөн, Шинжээчийн гаргасан үнэлгээний тайлантай нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 10-ны өдөр танилцсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

6. Шинжээч Б ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт тамга дарагдаагүй, хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна. /хх 127-133/

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/00497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР