Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00794

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00794

 

 

Г.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/00794 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.а

Хариуцагч: Х

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д , хариуцагчийн өмгөөлөгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичгийг алга болгосон сахилгын зөрчилтэй байх хугацаандаа н.О, н.Б, н.А нарын бичгээр гаргасан өргөдлийг алга болгосон гэж үзэн Г.атай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй. Г.ын хувьд дээрх зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан.

1.2 Мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Г.ыг албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, бичиг баримтыг алга болгосон үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан боловч тушаалыг нэхэмжлэгчид мэдээгүй.

Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, Хгийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г.ад баримт бичиг алга болгосон үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын шийтгэл давтан гаргасан тул Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

2.2 Г.аас өөрөөс нь тайлбар тодруулгыг авч, хууль зүйн дагуу тушаал шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Г.а нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.ыг урьд эрхэлж байсан ажил буюу Хгийн Бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Хгаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,469,840 төгрөгийг гаргуулан Г.ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 14,469,840 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Г.ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Хд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Хгаас 230,299 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Г.ын Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тогтоох хэсэгтээ тухайн тушаалыг хүчингүй болгосон эсэх талаар дурдаагүй байгаа нь хууль хэрэглээний алдаатай.

4.2 Нэхэмжлэгч нь Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд 90 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Тэрээр уг тушаал гарсныг мэдээгүй, гардуулж өгөөгүй, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үед мэдсэн гэж тайлбарласан. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн эсэх талаар шийдвэр гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар Г.ад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн талаар шүүх дүгнэлт өгөөгүй.

4.3 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх тушаалын талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд дээрх тушаалын талаар гомдол гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

4.4 Г.ыг сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хариуцагчаас нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдэж, тайлбар авсан талаар гэрч мэдүүлсэн боловч шүүх үүнийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгчийн тайлбар гэрч Ц.Туул мэдүүлгээс илт зөрүүтэй байхад шүүх хэргийг үнэн зөв эргэлзээгүй болгож байж үнэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв үнэлэх шаардлагын хүрээнд 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг нэг удаа хэрэглэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгчид танилцуулаагүй. Уг тушаалаар Г.ын цалинг 3 сарын хугацаанд 20 хүртэлх хувиар бууруулсан атлаа цалин хөлснөөс нь суутгасан талаарх баримт байдаггүй. Хариуцагч тушаалыг танилцуулсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.2 Нэхэмжлэгчийг архив албан хэрэг хөтлөлтийн баримтаар тушаал шийдвэрийг хариуцсан гэх боловч нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор Г.ыг өөрөө тушаалаа боловсруулсан гэж тайлбарладаг. Гэтэл ажлын байрны тодорхойлолтоор тушаал шийдвэрийг боловсруулах эрх бүхий этгээд нь н.Туул болох нь нотлогддог. Тушаалын бүртгэл гэдэг агуулгаар энэ хүн өөрөө мэдэж байх ёстой гэж тайлбарладаг боловч үүнийг бичмэл нотлох баримт буюу тушаалын агуулгаар нь нэхэмжлэгч Г.а тушаал шийдвэр хариуцдаг талаар нотлоогүй.

5.3 Цалингаас нь суутгах шийдвэр гаргасан зүйл байхгүй, албан ёсны тайлбар авсан баримт байхгүй байсан тул энэ тушаалыг гарсан талаар огт мэдэхгүй байсан талаар шүүх зөв дүгнэлт хийсэн. Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг дурдаагүй нь анхан шатны шүүх рүү хэргийг буцаах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, тогтоох хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгох гэдгийг тогтоох хэсэгт залруулах боломжтой. Үндэслэх хэсэгт шүүх энэ талаар дурдсан.

5.4 Хариуцагч захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар тогтоолоор баталсан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.3-т байгууллага хурлын тэмдэглэл үйлдэж байгаа тохиолдолд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажна, тамга тэмдгээр баталгаажаагүй хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр бус байна гэж тусгасан. Хуулбар хувь хурлын тэмдэглэлийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө нотлох үүргийг хэрэгжүүлнэ.

5.5 Ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, юуг буруутгасан нь тодорхойгүй. Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаагүй боловч 04 дүгээр сарын 11-ний өдөр, 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд дээр аль, алиныг нь ярьсан байна гэж дүгнэсэн. 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр н.Ө, н.Б, н.Х нарын өргөдлүүдийг алга болгосон гэх боловч н.Өгийн нэхэмжлэлтэй хэрэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл өгөөд ажиллахгүй байж болно гэдэг тайлбартай тэмдэглэлийг өөрөө хурал дээр гаргаж өгсөн байдаг. Өргөдөл алга болгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтыг алга болгосон гэдгийг өөр баримтаар нотлоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.а нь хариуцагч Хд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч шаардлага, үндэслэлийг ...сахилгын давтан зөрчил гаргасан тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан, ...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг Г.а хэтрүүлсэн гэж татгалзаж маргасан.

4. Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.4 дэх заалт, Хгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.е, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.4, 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалтыг тус тус баримтлан Бичиг хэрэг, архивын ажилтан Г.а нь Ажлын байрны тодорхойлолтод заасан Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх, Баримт бичгийн шийдвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон үйлдэлд сахилгын зөрчилтэй байх хугацаандаа Н.О, С.Б, Ц.Х нарын бичгээр гаргасан өргөдлийг тус тус алга болгон сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон. /хх 6/

4.1 Дээрх тушаалын агуулга нь ажилтан буюу нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.

5.1 Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, Хгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.а, Хгийн Албан хэрэг хөтлөлтийн журмын 2.2.5.1, Захирлын зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан ажлын байрны тодорхойлолт 2.1-д Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх заалт, 2.2-т Баримт бичгийн шийдвэрлэлт хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих заалтад заасан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон зөрчлийг тус тус гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 83/

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь ажилтан Г.ад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг танилцуулсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа ажилтанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гэрч Ц.Туулын нэхэмжлэгчид тушаалын талаар мэдэгдсэн гэх агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна.

Иймд дээрх тушаалын талаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн үндэслэлээр тушаалын талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй, ...нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ...шүүх уг хугацааг сэргээж шийдвэрлээгүй, ...нэхэмжлэгч нь дээрх тушаалын талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Тодруулбал, Хгийн захирлын зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх 84-101/ нь нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон зөрчил гаргасан гэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хурлын тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаж байх тул шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. Анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь буруу. Харин тухайн баримт нь нотолгооны хувьд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаар тушаалын талаарх гомдлоо Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан. Тус хорооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар ажиллагааг дуусгавар болгосон. /хх 7-9/ Улмаар нэхэмжлэгч нь мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

7.1 Дээрх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаар тушаалын үндэслэл болсон ажилтан Г.а нь Н.О, С.Б, Ц.Х нарын бичгээр гаргасан өргөдлийг тус тус алга болгосон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан захирлын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлээр бүрэн нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх учиртай. Тухайн баримт нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд тавигдах шаардлагыг хангасан эсэх нь нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл болохгүй. Тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар зөвтгөв.

8. Иймд ажил олгогчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/70 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Хгийн Бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй.

9. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 14,469,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс шимтгэл төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

10. Нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/47 тушаалыг хүчингүй болгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг заасан үндэслэлд хамаарсан. Өөрөөр хэлбэл, тухайн тушаал хүчинтэй эсэхээс хамаарч эрх зүйн үр дагавар агуулж байна. Анхан шатны шүүх уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа хүчингүй болгоогүй нь буруу. Иймд тухайн тушаалыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/00794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хгийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.ыг урьд эрхэлж байсан ажил буюу Хгийн Бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН