Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00810

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/00810

 

 

Ц.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00813 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Т ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЭ төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Ц.Т нь А ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 03 сараас БЭ төвд Нхххх даргаар томилогдон ажилласан.

1.2. БЭ төвийн даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн ххх тоот тушаалаар БЭ төвийн Нхххх даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

1.3. Миний бие төвийн даргад А ӨЭМТ-д зөвлөхөөр ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан, мөн хөдөлмөрийн гэрээнд зэрэгцсэн хөдөлмөрийн харилцааг хориглоогүй байсаар байтал ноцтой зөрчил гаргасан мэтээр хууль бус тушаал гаргасан. Мөн ажлын ирцтэй холбоотой албан ёсны чөлөө аваагүй, ажлын хоцролт их, ажил тасалсан гэж заасан нь бодит байдалд нийцэхгүй байна.

1.4. Миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар тус хурлын Нийгмийн бодлогын хорооны даргаар ажилладаг. Сонгуульт ажлын хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит болон ээлжит бус хуралдаан, Нийгмийн бодлогын хорооны хурал, дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал хуралдах, мөн гадаад томилолт болон дотоодын сургалтад хамрагдах зэрэгт тухай бүр амаар болон бичгээр хүсэлт гарган чөлөө мэдүүлж байсан бөгөөд хууль бус тушаалд ажлын 5 хоног тасалсан гэж дурьдсан өдрүүдэд албан ёсоор акт авч биеэ эмчлүүлж байсан.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлжш баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Тус төвд ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭТ/595 дугаар албан бичигт Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг, чиглэл болгосон.

Уг ажлын хүрээнд явуулсан хяналт шалгалтаар Нхххх дарга Ц.Т нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны А өрхийн эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр давхар ажил эрхэлж, цалин хөлс авч байгаа нь тогтоогдсон.

2.2. Дээрх зөрчилтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ХЭГ/595 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс БЭ төв ТБАГУТҮГ-аас 2023 оны 04 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл гаргаж, түүнийг гардуулан өгөхөөр ахмадын салбар эмнэлгийн 3 давхар, 302 тоотод 2023 оны 04 сарын 06-ны өдөр очиход ажлын байрандаа байхгүй, өвчтэй гэх боловч тухайн үед акт өгөөгүй байсан.

2.3. Ажил албан тушаал хавсран эрхэлж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.5.3 болон Хөдөлмөрийн гэрээний 6.1.6, 6.1.7-д заасныгтус тус зөрчсөн үйлдэл юм.

2.4. Мөн нэхэмжлэгч Ц.Т нь ажилдаа цагтаа ирдэггүй, ажилдаа ирэх болон тарах цагаа бүртгүүлдэггүй, ажлаас гадуур явахдаа албан ёсоор удирдлагаасаа зөвшөөрөл, чөлөө авдаггүй, ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж, 2023 оны 04 сард ажлын 5 хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 9.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарч, хөдөлмөрийн дотоод журмын 5.14 дэх заалтыг тус тус зөрчсөн байдаг.

Иймд, Ц.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158дугаар зүйлийн 158.1.1,127дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримтлан БЭ төвд холбогдох, нхххх даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ц Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. БЭ төвийн дарга нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ХЭГ/595 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг ханган 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу чөлөөлөхийг үүрэг болгосон тул 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг.

Дээрх мэдэгдэлтэй танилцаад үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй талаараа мэдэгдсэн бөгөөд уг үндэслэлээр ажлаас халах боломжгүй болсон тул арга буюу 2023 оны 04 сард 5 хоног ажил тасалсан гэх үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байдаг.

4.2. Ажилтан миний зүгээс 04 сард яг аль өдрүүдэд ажил тасалсан эсвэл ажлаас хоцорсон талаар тушаал гаргахдаа үндэслэл болгосон баримтыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч ажил олгогчийн зүгээс 04 сард ажил тасалсан, хоцорсон талаар баримтыг огт мэдэгдээгүй, гаргаж өгөөгүй болно.

Нэгэнт 2023 оны 04 сард яг хэдэн өдөр ажил тасалсан эсвэл ажлаас яг хэдэн цаг хоцорсон талаарх баримт байхгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд Баянголд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч тал хариу тайлбар өгөхдөө ч яг ажил тасалсан өдөр, хоцорсон цаг минутыг тодорхойлоогүй.

4.3. Ажил олгогч ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, дээрх зөрчил нь тогтоогдсон байхыг хуулиар шаарддаг.

Гэтэл ажил олгогч яг хэдний өдөр ажил тасалсан гэдгээ шүүхэд ирсэн хойно шүүгчийн асуултанд хариулахдаа л тодруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Т нь 04 сард хэд хоног ажилласан, ажил тасалсан, хоцорсон талаарх баримт огт байхгүй болно.

4.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ санаачлагаараа ажилтны ажил тасалсан өдрийг тогтоож ажлаас халдаг субьект биш бөгөөд харин нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу ажил олгогчийн ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй байсан.

Тушаалд дараалсан 3 хоног ажил тасалсан гэсэн үндэслэл заагаагүй харин хоцорсон тасалсан цагийн нийлбэр нийлээд 5 хоног болж байгаа тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болсон гэж маргадаг.

4.5. Ажилтан Ц.Т нь БЭ төвийн Ахмадын эмнэлэгт ажил үүргээ гүйцэтгэдэг бөгөөд 2023 оны 04 сард цаг бүртгэл нь нүүр таних системээр бүртгэл хийгддэг байсан. Энэ талаар баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтаар 2023 оны 04 сарын 13-ны өдөр Ц.Т өглөө ажилдаа 08 цаг 19 минутад ирсэн болох нь харагддаг. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа 2023 оны 04 сарын 13-ны өдөр Ц.Т нь ажил бүтэн тасалсан гэж нотлох баримтаас зөрүүтэй тайлбар хийдэг. 2023 оны 04 сарын 17, 18-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нэгдсэн хуралдаанд оролцсон бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд гарган өгсөн. Энэ талаар хариуцагч тал ч маргаагүй болно.

4.6. 2023 оны 04 сарын 24-26-ны өдрийн хооронд Бүгд найрамдах Солонгос улсруу томилолтоор явж ажилласан бөгөөд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2023 оны 04 сарын 19-ний өдөр БЭ төврүү цахимаар 01/118 тоот төлөөлөгч Ц.Т ийг гадаадад томилолтоор ажиллуулах тухай болон 2023 оны 04 сарын 20-ны өдөр БЭ төврүү цахимаар 01/119 тоот Төлөөлөгч Ц.Т д чөлөө олгох тухай албан бичгийг албан ёсоор илгээсэн байдаг. Дээрх албан бичгийн дагуу БЭ төвийн дарга чөлөө олгосны дагуу дээрх өдрүүдийн цалин бүтэн бодогдсон нь баримтаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 4-р сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл-д Ажиллавал зохих 20 хоногоос 12 хоног ажилласан гэж цалинг бодсон байх бөгөөд 8 хоногийн цалин бодогдоогүй байна.

4.7. Бүгд Найрамдах Солонгос улсруу албан томилолтоор явсан 2023 оны 04 сарын 24,25,26-ны өдрийн цалин бүтэн бодогдсон байна. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч хариуцагч талаас асуухад хариуцагч талаас нягтлан бодогч Ц.Т тэй хуйвалдаж хууль бусаар цалинг нь олгосон гэж хариулсан. Гэтэл нягтлан бодогч ажилтантай хуйвалдаж хууль бус үйлдэл хийсэн талаар баримт байхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрх 6 хоногийн хугацаанд ажил тасалсан нь нотлогдохгүй байна.

4.8. Шүүх гомдлоор үүссэн хэргийг шийдвэрлэхдээ тушаалд дурдсан ажил тасалсан хоцорсон өдрүүдэд дүн шинжилгээ үнэлэлт дүгнэлт гаргаж өгөх байсан. Гэтэл анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ 2023 оны 04 сард ажлын 20 хоног түүнээс ажлын 12 өдөр ажилласан байна үүнээс 5 хоногийн магадлагаатай байсан хугацааг хасвал 5 өдөр гадуур ажилласан байна. Иймд эдгээр 5 хоногийг ажил тасалсан гэж үзэхээр байна гэж дүгнээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй болно.

Учир нь шүүх ажлаас халсан тушаалд дурдсан буюу хариуцагч талын гаргаж өгсөн ажил тасалсан гэх өдүүдэд л эрх зүйн дүгнэлт хийх дээрх өдрүүдтэй холбоотой нотлох баримтад л эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

4.9. Харин бусад өдрүүд саруудад ажил тасалсан хоцорсон гэж эрх дүйн дүгнэлт хийж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байгаа эсэхийг тогтоож, тушаалд дурдаагүй өөр үндэслэлээр ажлаас халах боломж байгаа тул ажил олгогчийн ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч БЭ төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. БЭ төвийн даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн ххх дугаар Ц.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын 1 дэх заалтаар ... Нхххх дарга Цэгмэдийн Т нь албан тушаалын тодорхойлолтод заасан Өрхийн эрүүл мэндийн төвд хяналт тавих чиг үүрэгтэй атлаа ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр, өөрөө эцсийн өмчлөгчөөр нь бүртгэгдсэн, хувьцааг нь хамтран эзэмшдэг А ӨЭМТ-д давхар ажил эрхэлж, цалин хөлс авсаар ирсэн нь давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг, мөн өөрийн нэгдмэл сонирхолтой уг этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагааг дуусгавар болгоогүй атлаа мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт, дүгнэлт хийх зэргээр албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтыг тус тус удаа дараа, үргэлжлүүлэн зөрчсөөр ирсэн нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргийг хэрэгжүүлж ажилдаа цагтаа ирэхгүй, ажилдаа ирэх болон тарах цагаа бүртгүүлэхгүй, ажлаас гадуур явахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох албан ёсны чөлөөг аваагүй ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж алдаандаа дүгнэлт хийгээгүй 2023 оны 04 дүгээр сард ажлын 5 хоног тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг 2023 оны 05 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай. гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.5.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.2.3, 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, 123.7, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.6, 3 дугаар зүйлийн 3.13, 5 дугаар зүйлийн 5.14, 13 дугаар зүйлийн 13.7.3. Хөдөлмөрийн гэрээний 6.1.6, 6.1.7, 9.7.3, ЗГХЭГ-ын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэлийг тус тус үндэслэн Ц.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. /1хх-111/

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, Ц.Т нь А Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зөвлөх эмчээр ажилласан, мөн 2023 оны 04 сарын 13, 17, 18, 24, 25, 26-ны өдрүүдэд өргөдөл гаргаж, албан ёсоор чөлөө аваагүй үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 сард 5 хоног гадуур ажиллахдаа энэ талаар ажил олгогч байгууллагад зохих журмын дагуу мэдэгдээгүй тул талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 9.7.3-д нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Ц.Т нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүний сонгуульт ажлын хүрээнд дээрх өдрүүдэд ажилласан талаар баримт шүүхэд гаргаж өгсөн хэдий ч Хөдөлмөрийн дотоод журмын 5.20-д заасны дагуу бичгээр өргөдөл гаргаж, чөлөө авах журмыг баримтлаагүй тул чөлөө авсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, ажилтан нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцаанд оролцож, цалин хөлс авч байгаа тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримтлах үүрэгтэй ба сонгуульт ажлаа гүйцэтгэх нь ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн дотоод журмыг баримтлахгүй байх давуу байдлыг олгох учиргүй.

 

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зэрэгцсэн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан зөвшөөрөл авах ажлын байр биш гэж буруу дүгнэсэн алдааг залруулна.

 

Ц.Т нь А Өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангадаг буюу харьяандаа байдаг байгууллагадаа ажилладаг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-д заасныг зөрчсөн байна. /1хх-74-75, 142-174/

 

Хариуцагч байгууллага нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, 29.2.4-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж ажлаас чөлөөлснийг буруутгахгүй.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

5.1. БЭ төвийн даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн ххх дугаар Ц.Т ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд ... 2023 оны 04 сард 5 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан ба уг үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь эмнэлгийн магадлагаатай байсан хугацаанаас гадна анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 13, 17, 18, 24, 25, 26-ны өдрүүдэд өргөдөл гаргаж, албан ёсоор чөлөө аваагүй талаар зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн ... 2023 оны 04 сарын аль өдөр ажил тасалсан болох нь тодорхойгүй гэсэн гомдол үндэслэлгүй.

 

5.2. Нэхэмжлэгч талын гаргасан ... 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/22178 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт Текстрим ХХК-аас ирүүлсэн цаг бүртгэлийн мэдээлэл авагдсан тул захирамжийн биелэлт хангагдсан гэж үзнэ. /1хх-209-210/

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

5.4. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан эсэх асуудлаар хангалттай мэтгэлцсэн байх тул талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР