Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00861

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр Дуга 210/МА2024/00861

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г газарт холбогдох,

 

9,929,681 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Г газрын харьяа Дархан-Уул аймаг дахьххх газрын ххх хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ба Г газрын даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Б/264 дугаар тушаалаар Дорнод аймаг дахьГ газрынххх улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллах болсон.

1.2. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөл, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 99 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Хариуцагч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсан тул 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 12,672,846 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

1.4. Түүнлэн 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 15,382,570 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00617 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

1.5. Мөн 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 13,444,179 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 001/ХТ2023/00449 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

1.6Г газрын удирдлагатай зөвшилцөж тохиролцсоны дагуу ГЕГ-ын даргын 2022 оны Б/368 дугаар тушаалаар 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс х ххх газрын Захиргааны албаны даргаар томилогдон ажиллах болсон тул 2022 оны 09 сарын 16-ны өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нэхэмжлэл гаргаж байна.

Иймд холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 09 сарын 16-ны өдрөөс ажилд томилогдсон 2023 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэлх ажлын 173 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 9,929,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчГ газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлд дурдсан нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Учир нь Г газрын даргаар Р.О томилогдсоноос хойш нэхэмжлэгчийн талаар өмнө нь гарсан алдаатай шийдвэрийг залруулж урьд ажиллаж байсантай дүйцэхүйц албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрүүдээр олгохоор заасан нөхөх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.

2.3. Харин нэхэмжлэлд дурдагдсан шаардлага нь өмнөх Г газрын даргын үйл ажиллагаатай холбоотой үүссэн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шуух тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заасан.

2.4. Дээрх хуулийн дагууххх байгууллагаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй гэж үзэж байгаа тул Б.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчГ газраас нийт 9,571,284/есөн сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгон, хариуцагч Г газарт олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 358,397/гурван зуун тавин найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгон, хариуцагч Г газраас улсын тэмдэгтийн хураамжид 168,090 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.Гын нэхэмжилсэн олговрыг олгохоор шийдвэрлэхдээ аудит, байгууллагын санхүү хариуцсан нэгж зэрэг эрх бүхий санхүүгийн байгууллагаар тогтоолгоогүй, мөн зөвхөн биечлэн ажилласан тохиолдолдххх улсын байцаагчид улирал тутамд олгодог үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүй нэхэмжилсэн зэргээс хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

4.2. Мөн Г газрын одоогийн дарга ажлаас халаагүй, нэхэмжлэлд заасан хугацаа, үйл явцад хамааралгүй, шинээр томилогдсон удирдлага бөгөөд буруутай албан тушаалтан биш тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг зөрчиж шүүхийн шийдвэр гаргахдаа буруу хууль хэрэглэсэн байна.

Иймд хууль тогтоомжийг буруу хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэж гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00716 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г газарт холбогдуулан 2022 оны 09 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 9,929,681 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэрээрГ газрын даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.Гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахьххх газрынххх хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 08 сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 2,974,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчГ газарт даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 99 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон; /хх 6-16/

 

3.2. Хариуцагч байгууллагаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Б.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрээр хариуцагч Г газар ТБАГУТҮГ-аас 140,446.3 төгрөгийг гаргуулж, Б.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,532,399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчаас 12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 00767 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн; /хх 17-24/

 

3.3. Мөн Б.Г нь 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 15,382,570 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэрээр хариуцагчаас 15,010,055,4 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт тооцон гаргуулж нэхэмжлэгч Б.Гад олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийгГ газарт үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 617 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан; /хх 25-32/

 

3.4. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13,444,179 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэрээрГ газраас 13,014,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийгГ газарт даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 210/МА2023/00373 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 001/ХТ2023/00449 дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна./хх-33-40/

 

4.Г газрын 2023 оны 05 сарын 24-ний өдрийн Б/363 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Гыг албан тушаалд томилох тухай тушаалаар х ххх газрын Захиргааны албаны даргаар Б.Гыг томилсан ба нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргасан байна.

 

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 02521 дугаар шийдвэрээр Г газрын харьяа Дархан-Уул аймаг дахьххх газрынххх хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд нэг сарын 1,168,604.7 төгрөгтэй тэнцэх цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан болох нь тогтоогдсон тул үүнийг дахин баримтаар нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Гын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2022 оны 09 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 172 хоногоор тооцож, нийт 9,571,284 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасан зохицуулалтад нийцжээ.

 

6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заажээ.

 

Дээрх, хуулийн зохицуулалт нь Төрийн албаны зөвлөлийн шаардах эрхэд хамаарах тул хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой үүргийн зөрчил үргэлжилсэн, үүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулсан нь зөв. Энэ талаар хариуцагч байгууллагын гаргасан ... хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР