Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Адъяатогтох |
Хэргийн индекс | 204/2016/0025/и |
Дугаар | 25 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 25
Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Баттөмөрт холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч С.Баттөмөрийн давж заалдах гомдлоор 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Адъяатогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хариуцагч С.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин нь Батчимэг нь С.Баттөмөртэй 2007 онд айл гэр бүл болоод миний охин 2010 онд өвчний улмаас өөд болсон юм. Миний охин, хүргэн хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Шинэбаяр, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хүү Далайбаяр нар төрсөн. 2010 оноос хойш аав нь орхиод явсан тул асран хамгаалах эрхийг 2013 оны 5 дугаар сарын 08-нд бид нарт Сумын Засаг даргын захирамж хөгшин бид хоёрт олгосон. 2 хүүхдийг өсгөхөд хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл гэх мэт зардалууд өсөж байгаа тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж тусална уу. Баттөмөрийн 2 хүүхэд манай нөхөр бид хоёртой хамт байгаа. Томыг нь Шинэбаяр. багыг нь Далайбаяр гэдэг. 2007 онд том хүүхэд нь төрсөн. Бага 2009 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн.
Охиноо нас барснаас хойш Баттөмөрыг хүүхдүүдээ эргэж тойрч ирэх болов уу гэж харж байсан. 2 хүүхэд нь сургууль соёлд сурч оюутан болно. Тэдэнд нь зориулж хадгаламжид нь хэдэн төгрөг хийвэл зүгээр байх гэж бодож тэтгэлэг тогтоолгох гэж байгаа. Хүүхдүүдийн 20.000 төгрөгүүдийг нь данс нээлгээд хийлгэсэн байгаа. Хүүхдүүд том болоход сургалтын төлбөрт нь хэрэг болох байх гэж бодож байгаа. Хүүхдүүдийг Баттөмөрт өгөхгүй. Тэтгэлэг тогтоолгоно гэв
Хариуцагч С.Баттөмөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Баттөмөр би 2007 онд Б.Батчимэгтэй гэрлэж шинэ өрх айлыг босгож айлын дайтай айл болж эвтэй байсан Б.Батчимэг бид 2 энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон Батчимэг нь хүнд өвчний улмаас нас барсан юм. Би 3 настай, 1 настай 2 хүүхдийн хамт өрх толгойлон үлдсэн. Ханийгаа нас барсны дараа бага хүү болох Далайбаярыгаа нялх үлдсэн болохоор өөрийн аав ээж дээрээ авч ирж хамт амьдарч байсан юм. Гэтэл талийгаачийн ээж Л.Долгорсүрэн нь намайг ажилтай эзгүй байхад Далайбаярыг минь аваад явсан байсан. Тэр цагаас хойш хорвоог орхисон ханийгаа үгүйлэх зовлон дээр 2 хүүхэдтэйгээ ч хамт байж чадахгүй маш хүнд болсон юм. 2 хүүгээ санаад очиход Л.Долгорсүрэн нь буруу зөрүү харж элдэв ааш араншин гаргаж харьцахад маш хэцүү байсан. 2011 оны зун хөдөө байхад өөрийн аав ээжийн хамт 2 хүүдээ унадаг дугуй гэх мэт хүүхдүүдийнхээ тоглохыг, авахыг хүсдэг байх гэсэн бэлэг болох зүйлийг аваад очиход намайг ад шоо үзсэн. Би ихэвчлэн хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэг дээр нь очиж уулздаг байсан. Би талийгаачтай 2006 онд танилцаж байсан. Хархорин сумын 1-р хороонд одоо байгаа хашаанд нь амьдарч байсан. Тэнд нэг жил болоод урагшаа айлын хашаанд очиж амьдарсан.
2007 онд том охин, 2008 онд бага охин төрж байсан. Батчимэгийн нурууны ард нэг мэнгэ байдаг байсан. Тэр мэнгэ нь сүүлдээ шүүс гараад томроод байсан. Эмнэлэг дээр очиж зүүлсэн чинь эмч нь багш ирсэн байгаа шууд багшид үзүүлэе гээд багшид нь үзүүлсэн чинь хусаад авчихсан. Тэрнээс болоод нас барсан. Би ажилдаа явж байсан чинь араас дуудаад эхнэрийн чинь бие муудсан гэнэ яаралтай ир гэсэн. Би энэ хүмүүст гомдож явдаг. Хотод эмнэлэгт 10 хоног сахиж байхад 5 дүү 1 эгч нь хамт байсан. Нэг ч удаа ирж байгаагүй. Би ганцаараа их хэцүү байсан. Талийгаач янз бүр болж заримдаа бие нь их өвддөг байсан. Энд ирээд эмнэлэгт байхад өглөө би л очиж эм тариаг нь авч байсан. Би өнгөрөхөд нь дэргэд нь байя гэж бодсон ч чадаагүй. Би удаагүй гэрээ аваад явсан. Том хүүхдээ ухаан орсон болохоор нь багаа аваад явъя гэж байсан. Cap болоогүй байхад намайг ажилдаа явсан байх хооронд араар ирээд гэр аваад явсан байсан. Хүүхдүүдтэйгээ хааяа очиж уулзаж байя гэж бодсон. Гэхдээ хүүхдүүдтэйгээ ойрд уулзаагүй. Сургууль, цэцэрлэг дээр нь очиж уулздаг байсан. Хоёр хүүхэд намайг сайн танина. Би хүүхдүүдийнхээ өдрийн цайны цагаар сургууль дээр нь очиж уулздаг байсан. Хүүхэддээ хадгаламж нээлгэх гэсэн чинь цаад хүмүүс нь регистерийн дугаарыг нь өгөхгүй гэсэн гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Шинэбаяр, Б.Далайбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр тэтгэлэг тогтоож, эцэг С.Баттөмөрөөр тэжээн тэтгүүлэхээр, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг асран хамгаалагч харгалзан дэмжигч Л.Долгорсүрэнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Долгорсүрэнгээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Долгорсүрэнд олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Баттөмөрөөс хүү Б.Шинэбаяр, Б.Далайбаяр нарын нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2 006 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57 252 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсн шүүхээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Баттөмөр давж заалдах гомдолдоо:
...Миний бие талийгаач Батчимэгтэй 2006 оны 4-р сард танилцаж гэр бүл болсон бөгөөд анхны хүүхэд Шинэбаяр нь 2007 оны 12-р сарын 31-нд төрсөн. Танилцсан хугацаанаас хойш хүүхэд төрсөн хугацаа, хүү Шинэбаяр надтай төстэй төрх байхгүй зэрэг байдлаас миний бие хүүхэд мөн эсэхэд эргэлзэж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх миний хүсэлтийг хүлээж авалгүйгээр эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хадам ээж Долгорсүрэн нь миний бага хүү Далайбаярыг ажилдаа явсан хойгуур надад хэлэлгүй авч явчихаад өдийг хүртэл өгөхгүй, уулзуулах дургүй, гэрээр нь очихоор хөөж туудаг. Ханиа алдсаныхаа хажуугаар хүүхэдтэйгээ уулзах боломжгүй хэдэн жилийг өнгөрөөж байхдаа миний бие нэг эмэгтэйтэй ханилан суусан. ...Эцэг миний үр хүүхдээ өсгөх эрхийг хязгаарлаж хүүг маань өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд хүү Далайбаярыгаа би өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт /ДНК-ийн/ гаргуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Долгорсүрэн давж заалдах гомдолтой танилцаад давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайрбартаа: ...С.Баттөмөрийн давж заалдах гомдолтой танилцлаа. С.Баттөмөр 2 хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийж, өсгөж хүмүүжүүлэх сонирхолгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангах, мөн тэдний хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч С.Баттөмөр хүү Шинэбаярыг өөрийн хүүхэд мөн эсэх талаар эргэлзээтэй гээд эцэг тогтоолгох, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байхад шүүх анагаах ухааны тусгай мэдлэг шаардагдах, шинжээч томилж дүгнэлт гаргуулж шийдвэрлэх асуудлыг хүүхдийн эх нас барсан, хүүхдийг хариуцагч өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах эрхийг эдлэнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “... шинжилгээ хийлгэх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.
Шүүх хариуцагч С.Баттөмөрийн эцэг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Хархорин сум дахь Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж заасан байхад нэхэмжлэгчээр 70200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасан байхад хариуцагч давж заалдах гомдол гаргахад 70200 төгрөг төлүүлсэн нь тус тус буруу байгааг анхааруулж байна.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3,168.1.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Баттөмөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.АДЪЯАТОГТОХ