Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 150

 

    Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, П.Сарантуяа,

шүүгдэгч Ч.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох 2014260001737 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Эрчим овогт Дугаржавын Урансүрэн, 1959 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ59011528/,

2. Булгадар овогт Чойнжуурын Оюун, 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, механик, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамжны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЩ63031866/,

3. Амарсайхан овогт Өлзийбуянгийн Гандолгор, 1983 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗП83020600/

1. Д.Урансүрэн нь давтан үйлдлээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 2 дугаар сар, 2012 оны 2 дугаар саруудад П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 4 дүгээр сард Ө.Гандолгороос 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан, 

2. Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

3. Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг буюу нийт 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Урансүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Оюуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Ө.Гандолгорын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв.

Улсын яллагчаас “Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 22.751.776 төгрөг завшсан” гэж, Ө.Гандолгорыг Ч.Оюуныг 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “гэмт хэргийг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “...учрах саадыг арилгаж... хамжигч гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн хэм хэмжээний агуулгаас үзвэл тусгай ангид гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг гэмт хэрэгт хамтран оролцох гэсэн ойлголтод хамааруулж үзэхээр заажээ.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилсан буюу  хуваарилаагүйгээр хамтран үйлдэх зорилго агуулсан эсхүл үйлдлээрээ нэгдсэн хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субьектуудын үйл ажиллагааны нэгдэл юм.

Яллах дүгнэлтэд Ч.Оюуныг Ө.Гандолгортой бүлэглэсэн гэж дүгнэсэн атлаа Ө.Гандолгорыг бусадтай бүлэглэсэн гэж гэмт хэрэг хэрхэн үйлдсэн шинжийг нь бичээгүй, гэмт хэргийн хамтран оролцогч гэж дүгнэсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.

Ч.Оюунтай бүлэглэсэн гэх Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газарт 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр кассын нярваар ажилд орсон байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 115 дугаар дүгнэлтээр 2011 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хоорондох санхүүгийн баримтад дүгнэлт хийж зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд уг дутагдлыг түүнд хариуцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна.

 Мөн прокуророос Ч.Оюуныг “2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг завшсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хавтаст хэрэгт ямар ч аудитын дүгнэлт, акт, шинжээчийн дүгнэлтээр дээрх хугацааны баримтад үзлэг шалгалт хийж зөрчлийг ялгаж гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын аль цаг хугацааны зөрчил дутагдал нь тэдгээрт хамааралтай талаар тодорхойгүй байна.

Иймд Нийслэлийн мал эмнэлгийн санхүүгийн баримтад дахин шинжээч томилж, шүүгдэгч нарт хамааралтай зөрчил дутагдлыг нарийвчлан дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Прокурорын яллах дүгнэлтэд “Д.Урансүрэнг Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсны төлөө 2011 оны 2 дугаар сард, 2012 оны 2 дугаар сард П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан” гэжээ.

Хэргийн холбогдогч П.Бямбасүрэнгийн “...2011 оны 2 дугаар сарын үед ...хөдөө аавынхаас сар шинийн баярын өмнө эр хонины мах ирэхээр нь Урансүрэн даргын гэрт нь хүргэн Эрдэнэ-Очиртой хамт хүргэж өгсөн...2012 оны 2 дугаар сард хөдөөнөөс хонь ирэхээр нь жолооч М.Батбаяраар Сансараас авахуулж ажил дээр ирэхэд Д.Урансүрэн даргын дүү Д.Сэлэнгээд өгч явуулсан...” гэж удаа дараа мэдүүлсээр байхад дээрх этгээдүүдийг гэрчээр асуугаагүй байна.

Нийслэлийн прокурорын газрын 114 дүгээр тогтоолоор “яллагдагч П.Бямбасүрэн нь Д.Лхамноржингоор дамжуулан Д.Урансүрэнд 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны хонины махыг хээл хахуульд өгсөн болох нь тогтоогдсон байх тул хэргийг Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Учир нь яллагдагч П.Бямбасүрэнг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд гэрч Д.Эрдэнэ-Очир нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан нь үндэслэлгүй байна. Гэрч Д.Эрдэнэ-Очир нь Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар П.Бямбасүрэнгийн гэр бүлийн гишүүн биш бөгөөд П.Бямбасүрэн нь хэрэг үйлдэх үед байсан талаар мэдүүлсэн байхад Д.Эрдэнэ-Очир нь хэргийн бодит байдлын талаар мэдүүлэхгүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан болон зайлсхийж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

Мөн улсын яллагчаас М.Батбаярыг гэрчээр татахаар хайгаад олдоогүй гэх боловч хавтаст хэрэгт уг этгээдийг эрэн сурвалжилсан, хайсан талаар ямарч ажиллагаа хийсэн баримт авагдаагүй байна.

Дээрх ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсний дараа хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзэн Д.Урансүрэн нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор У.Дэндэвдоржийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон түүний тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай 40 дүгээр тогтоол үндэслэлгүй болсон тул дараах үндэслэлүүдээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Оюун, Ө.Гандолгор Нийслэлийн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд завшиж, нийт 22.751.776 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөндлөнгийн “Акбар аудит” ХХК, “Координат аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн аудитын газрын дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг дутагдсан мөнгийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын кассын нярав ажилтай байсан Ө.Гандолгор нь санхүүгийн баримтгүйгээр буюу бэлнээр ерөнхий нягтлан бодогч Ч.Оюуны шаардсаны дагуу түүнд өгч, Ч.Оюун нь уг мөнгийг авч завшсан болох нь Ө.Гандолгор, Ч.Оюун нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Н.Лонжид, Б.Оюунцэцэг, Х.Баянбайн нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Эхний сараас тухайн оныг дуусталх санхүүгийн баримтыг шалгаж шинжээчийн дүгнэлт гаргасан. Зарим саруудад дутагдал гарсан. Шинжээчийг байцаагаад аль аль сард дутагдал гарсныг тодруулсан. 

      Иймд Ч.Оюун, Ө.Гандолгор нарыг бүлэглэн тус газрын их хэмжээний мөнгийг завшсан гэж ялласан. Ө.Гандолгорын хувьд түүний үйлдэл оролцоо, гэм хорын байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ч.Оюуныг дээрх мөнгийг завшихад учрах саадыг арилгаж, хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамласан. Ч.Оюун, Ө.Гандолгор нарыг яллахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглээгүй.

            2. Ч.Оюун, Ө.Гандолгор нар нь 22.751.766 төгрөг завшсан болох нь аудитын болон шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдсон. Дүгнэлтүүдэд нийт учирсан хохирол нь 2011, 2012 оны хэд хэддүгээр саруудад гарсан болох нь тодорхой тусгагдсан. Мөн шинжээч Ц.Оюунтуулын 2 дахь удаагийн байцаалтад тодорхой мэдүүлсэн. Иймд шүүхийн тогтоолд дурдсан “...зөрчлийг ялгаж гаргаагүй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 

    Мөн шүүхийн тогтоолд “шүүгдэгч нарын аль цаг хугацааны зөрчил дутагдал нь тэдгээрт хамааралтай талаар дүгнэлт гаргуулах”-аар дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтээр гарсан зөрчил дутагдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтооно. Иймд дээрх үндэслэлүүдээр дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй.

            3. Хэргийн холбогдогч П.Бямбасүрэн нь 2 хонины махыг Д.Урансүрэнгийн гэрт авч очихдоо хүргэн дүү Д.Эрдэнэ-Очир, жолооч М.Батбаяр, Д.Урансүрэнгийн дүү Д.Сэлэнгээ нараар дамжуулан өгсөн гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Д.Сэлэнгээ гэрчээр мэдүүлэг өгсөн. Харин Д.Эрдэнэ-Очирын хувьд мөрдөн байцаалтын шатанд төрөл садангийн буюу өөрийн эхнэрийн эгчийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан. М.Батбаяраас мөрдөн байцаалтын шатанд байцаалт аваагүй. Мөрдөн байцаалтын явцад П.Бямбасүрэн нь ажил, албан тушаалын хувьд өөрийн хүсэл зориг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсний төлөө Д.Урансүрэнд 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины махыг хээл хахуульд өгснөө хүлээн мэдүүлдэг. Мөн Д.Урансүрэн нь түүний эзгүй байхад гэр нь хонины мах авчирч өгсөн талаар мэдүүлдэг. Иймд дээрх хүмүүсийг заавал гэрчээр байцаах шаардлагагүй. Дээрх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хянан шийдвэрлэх боломжтой талаар дүгнэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 492 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.Урансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр хонины мах аваагүй. Намайг жолооч Батбаяраар дамжуулан хонины мах авсан гэж яллах дүгнэлтэд бичсэн атлаа түүнийг гэрчээр асуугаагүй. Бямбасүрэн нь цалингаа нэмэгдүүлсний төлөө намайг хонины мах авсан гэж гүтгэж байна. Энэ хэрэгт Бямбасүрэнг шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

             Шүүгдэгч Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийн 3 дахь заалтыг зөвшөөрөхгүй. Бямбасүрэн нь эхний удаад Д.Урансүрэнгийн гэрт нь өөрийн дүү Эрдэнэ-Очиртой хамт хонины мах аваачиж өгсөн гэж мэдүүлдэг. Эрдэнэ-Очир нь Бямбасүрэнгийн төрсөн дүү гэдэг нь тогтоогддоггүй. Тэгэхээр гэр бүлийн гишүүн гэдэг нь нотлогдоогүй учир Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзнэ. Мөн Батбаяр, Сэлэнгэ нарыг гэрчээр асуух шаардлагатай. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.Урансүрэнгийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 492 дугаар магадлал нь “шаардлагатай гэрч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэ” гэсэн утга агуулгатай гарсан. Үүний дагуу гэрч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Яллах дүгнэлтэд Д.Урансүрэнд мах өгсөн, мөнгө авсан гэдэг баримт байдаггүй. Таамгаар Д.Урансүрэнг яллаж байгаад гомдолтой байна. Түмэннаст нь Урансүрэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй. Гэтэл Түмэннастыг гэрчээр асуугаагүй. Мах, мөнгө өгсөн гээд байгаа гэрчүүдийг зайлшгүй асуух ёстой. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

        Шүүгдэгч Ч.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж байна. Ч.Оюуныг 2011 оны 6-12 дугаар сард байгууллагын эд хөрөнгийг завшсан гэж ялладаг. Шинжээч нь “Координат аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж мэдүүлдэг. Бүтэн жилийн санхүүгийн баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь буруу. Илүү мөнгө тушаасан саруудыг яах вэ гэдэг нь ойлгомжгүй.  Мөн Ч.Оюуныг ажлаас халагдсаны дараах санхүүгийн баримтад дүгнэлт гаргасан байгаа. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

ХЯНАВАЛ:

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүхийн тогтоолд дурдсан “яллах дүгнэлтэд Ө.Гандолгорыг бусадтай бүлэглэсэн гэх гэмт хэрэг хэрхэн үйлдсэн шинжийг нь бичээгүй, гэмт хэргийн хамтран оролцогч гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, Д.Сэлэнгэ, М.Батбаяр нарыг гэрчээр асуух, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийх шаардлагагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу хэргийн хэмжээний дотор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор У.Дэндэвдоржийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.