Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 245

 

С.Еад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалтай, С.Еад холбогдох 1913001800075 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Молхы овогт С.Е нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Еыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еаас 3.120.000 төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгч С.Е нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,                                                                                                                                        

шүүгдэгч С.Еын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний цагдан хоригдсон 47 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Е гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар миний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, миний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй гэж үзэж байна. Тодруулбал, би өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдлийнхээ улмаас учруулсан хохирлын төлбөрөөс 1.435.200 төгрөгийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө төлсөн, харин хохирлын үлдэх төлбөр болох 3.120.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сайн дураараа тус тус төлж барагдуулсан, миний бие 61 настай, эрүүл мэндийн байдал сайнгүй, зүрхний хэм алдагдалтай, даралт маш өндөр, эхнэр өндөр насны тэтгэвэрт, нэг сургуулийн насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх шийдвэрээ гаргаагүй. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хор уршиг нь арилсан, би гэм буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл үнэмшилтэйгээр амлалт өгч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган төгрөгийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус зөрчсөн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Бодит нөхцөл байдлуудад бүрэн гүйцэд дүгнэлт хийж тал бүрээс харгалзан үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн болохоо бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн боловч миний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хууль тогтоомжоор гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавар, шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой талаар хууль зүйн зөвлөгөөг бүрэн дүүрэн өгөөгүйн улмаас миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг шүүхээс гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Мөн миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019 шийтгэх тогтоолд гомдол гаргах талаар ярилцахдаа өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, үлдсэн бүх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар гомдол гаргахаар тохирсон.

Өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруугаа сайн дураараа илэрхийлсэн талаар гомдлын агуулгыг бүрэн бичээгүй, давж заалдах шатны шүүхэд ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлийг бүрэн гүйцэд ойлгуулан тайлбарлаж гомдол гаргаагүйн улмаас мөн л миний ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдол хангагдаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Харин шүүгдэгч С.Е нь шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн учраас шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах ба энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүйг тэмдэглэх нь зүйтэй байна” гэж дүгнэж давж заалдах гомдлын гол агуулгыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай.

Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай, өвчтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Надад торгох ял оногдуулах, эсхүл нэг жил хоёр сарын хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоол болон Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 2021/ДШМ/03 дугаар магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр нэг жил хоёр сарын хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, эсхүл торгуулийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек хэлсэн саналдаа: Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө буюу захиргааны байгууллагаас хяналт шалгалт хийх явцад улсад учирсан хохирлоос 1.435.200 төгрөгийг төлсөн байдаг. Иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт 3 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн улсын байцаагч М.Жарденбекийн мэдүүлгээр 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 870.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150.000 төгрөг, 500.000 төгрөгийг тус тус төлж байсан нь тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд улсад учирсан хохирлыг хэрэг шүүхэд шилжихээс өмнө төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байсныг нотолж байна. Мөн гэмт хэргийн талаарх гомдлыг өөрөө цагдаагийн байгууллагад гаргаж шалгуулсан нь хөнгөрүүлэх үндэслэлд хамаарна. Энэ хэргийн тухайд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бусад хэргүүдтэй харьцуулахад харьцангуй бага хэмжээний хохиролтой.

Шүүгдэгч урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 61 настай, эрүүл мэндийн хувьд зүрхний хэм алдагддаг, тааруу байгаа. Одоогоор шүүхээс оногдуулсан ялын 50 хувийг эдэлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх бүрэн эрхтэй байсан боловч дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхтэй холбоотой эрх зүйн үр дагавар зөвхөн гэм буруугийн хуралдаанд шийдвэрлэгдэх ёстой мэтээр тайлбарласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагавар, ач холбогдлын талаар зөвлөгөө өгөөгүйн улмаас анхан шатны шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирлыг төлөөгүй болохоо зөвшөөрч байгаа. Дээрх байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим шүүхээр гэм буруу нь тогтоогдсон хүнд ч үйлчлэх ёстой. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй байгаа нь шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Хохирлын хэмжээ нь өндөр, хохирлыг төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн хүмүүст тэнсэх, торгох ялыг оногдуулдаг. Гэтэл С.Еын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг харгалзаж, тохирсон ял шийтгэл оногдуулаагүй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Е нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу бий болгосны улмаас төсөвт 4.555.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч С.Еад Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байсан учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Еын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.                                                

Шүүгдэгч С.Е нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд удаа дараагийн үйлдлээр байгууллагын мөнгөнөөс нийт 4.555.200 төгрөгийг завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгч С.Е нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгууллагад учруулсан 4.555.200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байх тул энэ талаар шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтыг хүчингүй болгож,

 тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еын цагдан хоригдсон 176 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.Еад оногдуулсан торгох ялаас 2.640.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих торгох ялын хэмжээг 3.360.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Еыг даруй сулласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                Б.ЦОГТ

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН