Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0669/З |
Дугаар | 001/ХТ2016/0180 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2016/0180
“Жиансу Жианду Монголиа” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч Х.Насалмаа, А.Мөнхгэрэл, Б.Тунгалагтуул, Л.Бадамсүрэн, Б.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агьбат, Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Жиансу Жианду Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Б.Эрдэнэбат, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Тунгалагтуул, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Нансалмаа, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Бадамсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Татварын улсын байцаагчид нь Монгол Улсын хуулийг үл дээдлэх, хууль дээдлэх зарчмыг гажуудуулж, буруугаар ойлгож, тайлбарлан хэрэглэх замаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж татварын актыг гаргасан.
Хариуцагчид нь дараах зөрчлүүдийг гаргаж, холбогдох баримтуудыг зүй ёсоор үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн ба хариуцагчдын гаргасан татварын акт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй болно. Үүнд:
Хариуцагчид нь тоног төхөөрөмжийн түрээсэнд ногдуулж тайлагнасан НӨАТ-ын бараа импортолсон гэж буруу ойлгон, гаалийн байгууллагад мэдүүлж НӨАТ төлөөгүй, эцсийн борлуулалтдаа ногдуулж төлөх ёстой байсан НӨАТ-ыг хугацаанаас нь өмнө Нийслэлийн Татварын албанаас заасан хуваарийн дагуу төлсөн байхад хугацаа хожимдуулсан гэж гүтгэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 76 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Татварын ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.5-д заасныг тус тус зөрчсөн.
Мөн нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан үүргээ шударгаар биелүүлсэн буюу анхан шатны баримт байсаар байхад байхгүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. НӨАТ ногдуулах хуулийн үндэслэл байхгүй байхад НӨАТ ногдуулаагүй гэх үндэслэлээр татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг зөрчсөн байна.
Тодруулбал НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т ямар төрлийн үйл ажиллагааг үйлчилгээ үзүүлсэнд тооцохыг маш тодорхой заасан бөгөөд “менежментийн төлбөр”-ийг үйлчилгээ үзүүлсэнд хамруулдаггүй.
Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлд алдаа гаргасныгаа хүлээн зөвшөөрч, дараагийн сард уг алдааг залруулсан байхад зөрчил гэж тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 25 дугаар зүйлийн 25.1, 46 дугаар зүйлийн 46.5.1-д заасныг тус тус зөрчсөн. Иймд Татварын улсын байцаагч нарын №360004014 дугаар актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Б.Эрдэнэбат, Б.Тунгалагтуул, Х.Нансалмаа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд “Татвар, ногдуулах, төлөх, тайлагнах журам”, 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө”, 43.2-т “Энэ хуулийн 43.1-д зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно”, 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасан заалтуудыг үндэслэн шалгаж хариуцлага ногдуулсан болно.
Нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэлд алдаа гаргасныгаа хүлээн зөвшөөрч дараагийн сард эг алдаагаа залруулсан байхад зөрчил гэж тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 25.1, 46.5.1-д заасныг тус тус зөрчсөн.
Хяналт шалгалтын явцад тус компанийн нягтлан бодогч Эгиймаа 2010 онд тоног төхөөрөмжийн түрээсийн зардлын данс, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсний зардлын данснуудад 204.015.135,2 төгрөгийн НӨАТ өглөгийг тусгаж, татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зөрчилд нь хуулийн хариуцлага ногдуулсан.
204.015.135,2 төгрөгийн зардлыг тус компани 2010 оны жилийн эцсээр татварын тайлангийн зардалд оруулан тооцож тайлагнасан ба Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагчид энэ асуудлыг шалгаж үзээд залруулсан гэх нотолгоог гаргаж чадаагүй учир маргаантай асуудлыг хэвээр баталсан тогтоол гаргасан. Харин залруулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал маргаанд гаргасан нь нотлогдоогүй юм. Зардал гарсныг нотлох баримт байгаагүй гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.2, 10.2.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан “татварын улсын байцаагчийн “2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дүгээр актын 115,528,134,378 төгрөгт холбогдох хэсгийг буюу тус актын тогтоох хэсгийн 1.5, 1.12, 1.15, 2.3 дахь заалтуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Жиансу Жианду Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 830 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн “2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дүгээр актаар ногдуулсан 36.841.210.844,5 төгрөгийн торгууль, 6.961.701.438,8 төгрөгийн алданги, 154.876.897,7 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг 43.957.789.181 төгрөгөөр багасгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
1. Нэхэмжлэгч "Жиансу Жианду Монголиа" ХХК нь Оюу толгойн барилгын ажлыг эцсийн байдлаар бүрэн дуусаагүй, хүлээлгэн өгөөгүй, улсын комисс хүлээн аваагүй үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1, 8.1.2-т заасныг зөрчиж гэрээний үндсэн үүрэг биелэгдэх, дуусгавар болоогүй байхад явц дунд хийсэн үе шат, жижиг ажил бүрийг эцсийн борлуулалт гэж үзэн акт тавьсан улсын байцаагчийн алдаатай акт, тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй гэж үзсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд "НӨАТтХ-ийн 10.2-т заасан заалтыг баримталж барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан өдрөөс эхлэн НӨАТ ногдуулах хугацааг тоолно гэж нэхэмжлэгч маргасан нь үндэслэлгүй гэж үзсэн нь НӨАТтХ-ийн 10.2 болон 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаний Оюу толгой компанид нийлүүлэх үндсэн бараа, ажил үйлчилгээг улс хүлээн аваагүй байхад НӨАТтХ-ийн 10.2.1, 10.2.2, 10.2.3-т заасан хамааралгүй хуулийн заалтыг баримталж нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч хэдийгээр эцсийн борлуулалтдаа ногдуулж төлөх ёстой байсан НӨАТ-ыг хугацаанаасаа өмнө Нийслэлийн татварын албанаас заасан хуваарийн дагуу төлж, холбогдох баримтаа шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүх НӨАТтХ-ийн 10.2-т бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах заалтыг иш үндэс болгосон нь үндэслэлгүй байна.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдээс буюу БНХАУ-ын "Жиансу Жианду констракшн групп" ХХК-аас ажил, үйлчилгээ худалдан авсан байгаа тул импортолсон бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хуульд нийцнэ" гэж дүгнэжээ.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч болон БНХАУ-ын "Жиансу Жианду констракшн групп" ХХК нарын туслан гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг болон тэдгээрийн хооронд байгуулсан гэх гэрээ нь хуурамчаар үйлдэгдсэн болохыг БНХАУ-ын арбитр тогтоосон шийдвэр байхад үүнийг шүүх анхаарч үнэлсэнгүй.
3. "оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэх гэсэн нь Монгол Улсын Их хурлаас баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4.1.7, 17.4-т заасныг тус тус зөрчлөө.
Монгол улсад байрладаггүй оршин суугч бус этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгүүлээгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй тул НӨАТ-н хуулийн 3.1, 4.1.7-д заасны дагуу НӨАТ-н хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдаагүй буюу Монгол улсаас олсон орлогодоо НӨАТ ногдуулах, НӨАТ төлөх үүрэг хүлээхгүй билээ.
Гэтэл шүүхүүд оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол улсын НӨАТ-д нийцэхгүй байна. НӨАТ-ийн хуулийн үйлчлэх хүрээний хувьд Монгол улсын хуулийн этгээд, нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэгдсэн этгээд аж ахуйн нэгжийн орлого, зарлага хамаарах бөгөөд тус хуульд хамааралгүй гадаадын аж ахуйн нэгж байгууллага Монгол улсад татвар төлөх хууль зүйн хувьд боломжгүй юм.
4. НӨАТтХ-ийн 16-р зүйлд НӨАТ-н тайлан гаргах, төсөвт төлөх харилцааг зохицуулж, ажил гүйлгээнд оролцсон талуудын хэн нь НӨАТ тайлан гаргах, төсөвтэй тооцоо хийх эсэхийг нарийвчлан зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх НӨАТтХ-ийн 16-р зүйлийг буруу тайлбарлан 16.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон татварын улсын байцаагчийн үйлдэл хуульд нийцсэн.." гэж дүгнэсэн нь буруу байна.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч бараа, ажил, үйлчилгээ импортоор болон дотоодоос худалдан авсан бөгөөд энэхүү харилцаанд нэхэмжлэгч худалдан авагч буюу импортлогч тал мөн гэдгийг тогтоогоогүй, нэхэмжлэгч нь импортлогч талын хувьд импортолсон бараа. ажил үйлчилгээний НӨАТ-г НӨХТ-н хуулийн 14-р зүйлийн хасах эрхтэйг тогтоогоогүй.
Нэхэмжлэгч нь орлогдоо НӨАТ ногдуулахдаа НӨАТ-н тухай хуулийн 8, 9 болон НӨАТ тооцох үнэлгээний заалтын дагуу татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд олсон 861.2 тэрбум төгрөгийн орлогод 10 хувийн татвар буюу 86.1 тэрбум төгрөгийг НӨАТ ногдуулсан нь нэхэмжлэгчийн тайлангаар нотлогдож байгаа билээ.
НӨАТтХ-ийн 10.1-д заасны дагуу нэхэмжлэгч борлуулалтдаа татвар ногдуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь оршин суугч бус аж ахуйн нэгжид борлуулалт хийгээгүй, түүнээс орлого олоогүй харин бараа, ажил үйлчилгээ худалдан авсан буюу зардал гаргасан болно.
6. Нэхэмжлэгч ажилтнуудын цалин хөлс, барилга угсралтад ашигласан тоног төхөөрөмж, түүний түрээсийн төлбөр, гадаад ажилчдын Монгол улсад ирж ажилласан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх үнэлээгүй болно. Дээрх үндэслэлийг харгалзаж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Жиансу жианду Монголиа” ХХК нь Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 360004014 дүгээр актын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг актаар 116,381,715,079 төгрөгийн төлбөр тогтоожээ.
-Актын 4-ийн б дэх хэсгийн тухайд:
Татварын улсын байцаагчаас “байгууллагын удирдлага, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зардал гаргасан гэх боловч баримт байхгүй, баримтаар нотлогдоогүй төлбөрийг орлогоос хассан” гэж, нэхэмжлэгчээс “БНХАУ-д байрлах толгой компани нь манай компанийн өмнөөс хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, удирдлагын зардал зэргээр тодорхой зардал гаргаж, үүнийгээ нэхэмжлэхээр буцаан авдаг, компани хоорондын төлбөр болохоос ажил үйлчилгээ үзүүлээгүй” гэж маргасан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй ба энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд зардал гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй, зардлын задаргаа байхгүй, зөвхөн нэхэмжлэх гэх баримтад заасан төлбөрийг зардалд тооцож, бодитойгоор ямар зардал гаргасан нь тодорхойгүй байхад татвар ногдох орлогыг бууруулж байгаа нь нэхэмжлэгчийг татвар төлөхөөс чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагчаас зардлын нэр төрөл бүрээр баримт шаардсан ба эдгээр баримт нь “Жиансу жианду констракшн групп”-ийн үндсэн баримт тул өгөх боломжгүй байсан, дараа нь Маргаан таслах зөвлөлд үндсэн баримтыг толгой компаниас авч, зардал гарсныг нотлох баримт хангалттай өгсөн байхад шүүхээс үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-д заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлж, хадгалах үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
-Актын 7 дахь хэсгийн тухайд:
Татварын улсын байцаагчаас “ажил үйлчилгээний хөлс толгой компанид шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй” гэж, нэхэмжлэгчээс “компани хоорондын урьдчилгаа, санхүүжилтийг эргүүлэн төлсөн” гэж маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар татвар төлөгч нь Монгол Улсад байрладаггүй этгээдээс бараа, үйлчилгээ худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч, төсөвт төлөх үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн “оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэхгүй” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн “Туслан гүйцэтгэгч томилох” тухай гэрээнүүдийг “Жиансу жианду Монголиа” ХХК болон “Жиансу жианду констракшн групп”-ийн хооронд байгуулсан байх бөгөөд уг гэрээг БНХАУ-ын Янжоу хотын Арбитрын хорооны 2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 305 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцсон байжээ.
Нэхэмжлэгчээс “дээрх туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй” гэж маргаж байгаа боловч дээрх 2 компанийн хооронд мөнгөн гүйлгээ хийгдсэн болох нь санхүүгийн баримтаар тогтоогдсон тул “туслан гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг болон тэдгээрийн хооронд байгуулсан гэх гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг арбитрын шүүх тогтоосон байхад шүүхээс үнэлээгүй” гэх дээрх гомдол няцаагдаж байна.
-Актын 12 дахь хэсгийн тухайд:
Хариуцагчаас “бараа импортлон, нэмэгдсэн өртгийн татвар төлөөгүй атлаа тайланд тусган, татвар ногдох орлогоос хассан” гэж, нэхэмжлэгчээс “тайланд тусгасан дүн нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт ногдуулсан татвар бөгөөд борлуулалтын болон худалдан авалтын татварын дүнгүүд тэнцүү тул татвар тооцохгүй, хасах ёстой худалдан авалтыг хасч тооцоогүй” гэж маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор зохицуулсан ба энэ тохиолдолд бодитойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн “борлуулалт болон худалдан авалтын татвар тэнцүү” гэх тайлбар нь санхүүгийн ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байна.
-Актын 15 дахь хэсгийн тухайд:
Татварын улсын байцаагчаас “нэмэгдсэн өртгийн албан татвар хугацаанд нь төлөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “Татварын албаны орлого жигд байлгах зорилгоор гаргаж өгсөн хуваарийн дагуу татварыг хугацаанд төлсөн” гэж маргасан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төлөх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Энэ үндэслэлээ “барилга, угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад татвар тооцох байтал жижиг ажил тус бүрийг эцсийн борлуулалт гэж үзэж, барилгыг Монгол Улсад хүлээлгэж өгөөгүй байхад төлбөр тогтоосон” гэж тайлбарлаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тодорхойлохоор зохицуулсан болно.
“Оюу толгой” ХХК-ийн барилгын ажил нь өргөн хэмжээний цогцолбор ажил боловч, барилга тус бүр, түүний гүйцэтгэл тус бүрийг салгаж, татвар тооцох боломжтой, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт заасан худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан өдрөөр хугацаа тооцох заалтад нийцжээ.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар маргаан бүхий актаар оногдуулсан торгууль, алданги, хүүний төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийг багасгасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ