| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/00834/И |
| Дугаар | 210/МА2024/00585 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/00585
| 2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/00585 |
ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04307 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,143,506,936 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюун, түүний өмгөөлөгч А.Билгүүн, гуравдагч этгээд Б.Батгэрэлийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч Шинжьюкү ХХК болон М.Майсайхан нар нь ХААН банк-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3Г202045014595 тоот зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БГҮ/202045014595 тоот барьцааны гэрээ, мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1,000,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар ашиглахаар жилийн 19,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байсан.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075956 дугаартай, 196 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 10/15-1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075951 дугаартай, 196 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М.Майсайханы өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж, 31 дүгээр байр, 13 тоот хаягт байршилтай 114.5 м.кв талбайтай 4 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055903 дугаартай, орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж, 31 дүгээр байр, хххх тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, автозогсоол, Б.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, 196 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж гэрээ байгуулсан.
1.3. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 996 240 200 төгрөг, зээлийн хүү 133 281 834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 959 902 төгрөг, нийт 1 143 481 936 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, бүгд 1 143 506 936 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Шинжьюкү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани тус банкнаас 1,000,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг Шинжьюкү ХХК-ийн захирал М.Майсайхан, компанийн борлуулалтын менежер С.Оргил бидний найз болох Б.Батгэрэл нь гуйсны үндсэн дээр компанийн нэрээр авсан.
2.2. Зээл авахад Б.Батгэрэл нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус ийг тус тус зээлийн барьцаанд тавьсан.
Б.Батгэрэл нь зээлийн гэрээгээ хугацаандаа төлж чадахгүй байсан тул зээл сунгах асуудлыг ярихад зээлдэгч тал буюу ХААН банк энэ зээлээ төлсний дараа дахин шинээр зээл авах боломжтой гээд 2019 оны зээлийг хаахыг шаардсан. Энэ асуудлыг Б.Батгэрэлд хэлэхэд тэрээр зээл чөлөөлдөг хүмүүсээр чөлөөлүүлж хаагаад, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин шинээр зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээнд өөрийн хөрөнгүүдээ мөн барьцаалан, манай компанийн нэр дээр 1,000,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар Б.Батгэрэл нь зээлж авсан.
Зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан учир Б.Батгэрэлийн хүссэнээр 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3 сараар, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6 сараар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 6 сараар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар нийт 4 удаа сунгасан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манай компаниас Б.Батгэрэлд авч өгсөн 1,000,000,000 төгрөгийн зээлийн хүүд нийт 495,926,420 төгрөг төлж байсан бөгөөд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн хямралд орсноос болж цаашид төлж чадахаа больсон.
Харин Б.Батгэрэл нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 195,100,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Шинжьюкү ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Харин иргэн Б.Батгэрэл болон П.Оюуны барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-1 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн гэжээ.
3. Хариуцагч М.Майсайханы хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Манай компани тус мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Б.Батгэрэл авсан учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани ХААН банкны сайн харилцагч гэдгийг ашиглаж энэ мөнгийг манай компаниар дамжуулан авах боломжтой гэдгийг Б.Батгэрэл харсан байсан. Зээлийн барьцаанд өөрийн хөрөнгийг барьцаалуулна гэсэн тул зөвшөөрсөн.
3.2. Зээлийн гэрээний хугацаа нь дууссанаас хойш зээлээ төлөөч гэж удаа дараа шаардаж байсан, ямар ч боломжгүй байна, төлнө л гэдэг. Сүүлд миний орон сууцыг нэмэлтээр барьцаанд тавьж гэрээний хугацааг сунгасан. Гэтэл миний бие болон манай компани энэ мөнгөнөөс нэг ч төгрөг ашиглаагүй. Харин эсрэгээрээ энэ хугацаанд 495,926,420 төгрөгийг банкинд төлсөн байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюуны тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Иргэн Б.Батгэрэл нь 2019 оны 10 сард Польш улсаас гахайн мах, өөх оруулж ирж борлуулах бизнесийг хамтарч хийх санал тавьсан ба худалдан авах хүн нь бэлэн байгаа гэсэн хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн нэр дээрх Ү-2204075951, 000590899 бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-1 тоот, 196 мкв аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх, Ү-2204075956, 000589486 бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221, Дүнжингарав гудамж, 10/15-5 тоот, 196 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авахыг зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл хийж өгсөн.
4.2. Б.Батгэрэл нь миний үл хөдлөхийн итгэмжлэлээр өөрийн нэрээр бус Шинжьюкү ХХК-ийн нэрээр хамтран ХААН банк ХК-аас их хэмжээний зээл авч, зээлээ цаг тухайд төлж байгаагүй, хүү хуримтлагдсан, зээлээ 4 удаа сунгасан гэдгийг Шинжьюкү ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбараас мэдсэн.
Б.Батгэрэл болон Шинжьюкү ХХК зээлээ төлж асуудлыг шийдэн манай гэр бүлийг гомдолгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 129 547 034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 959 902 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч М.Майсайханы өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31 дүгээр байр, 13 тоот хаягт байршилтай 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2205055903 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31-р байр, 13 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоол,
Гуравдагч этгээд П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Гуравдагч этгээд Б.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, Ү-2204075950 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гуравдагч этгээд П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-1 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 945 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нараас 5 805 685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13,959,902 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тус тус зөрчиж, хэрэгт хамааралгүй баримтыг ач холбогдолтой гэж үзэн үнэн, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн дээрх хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.
6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үргэлжлэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөнө гэж үзсэн нь үндэслэлгүй.
Хариуцагчийн авсан зээл Ковид-19 цар тахалтай холбогдуулан гарсан хууль болон Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалуудад заасан хугацаа сунгах ипотекийн болон хэрэглээний зээлд хамаарахгүй тул тэрээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, уг төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
6.2. Мөн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тооцсон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн, тооцохгүй байх өөрчлөлт ороогүй тул дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Батгэрэл, М.Майсайхан, П.Оюун нартай байгуулсан бөгөөд П.Оюунаас Б.Батгэрэлд олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулах эрх олгосон итгэмжлэлийг ашиглан барьцааны гэрээ байгуулаагүй.
Харин гуравдагч этгээд П.Оюуны хэрэгт өгсөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл нь Шинжьюкү ХХК, М.Майсайхан нарын ХААН банк-наас мөн сарын 24-ний өдөр авсан 1,000,000,000 төгрөгийн 3 сарын хугацаатай зээлд П.Оюуны өмчлөлийн нэхэмжлэлд дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг тухайн итгэмжлэлээр барьцаалуулж байсан. Зээлдэгч Шинжьюкү ХХК болон М.Майсайхан нар нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж зээлээ төлж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин зээл авахад БГҮ/202045014595 дугаар барьцааны гэрээг банк үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Батгэрэл, М.Майсайхан, П.Оюун нартай байгуулсан.
Шүүх дээрх бодит үйл явдал, нөхцөл байдлыг буруу ойлгон өрөөсгөл дүгнэлт хийж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгоод хугацаандаа төлж хаагдсан барьцааны гэрээ байгуулахдаа ашиглаж байсан П.Оюунаас Б.Батгэрэлд олгосон итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/202045014595 дугаар барьцааны гэрээ байгуулахдаа эсхүл нэмэлт өөрчлөлт оруулахдаа ашигласан мэтээр барьцаа хөрөнгийг чөлөөлж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ІІІ2023/04307 дугаар шийдвэрт ... нэмэгдүүлсэн хүү 13,959,902 төгрөгийг хариуцагч Шинжьюкү ХХК болон М.Майсайхан нараас гаргуулан Хаан банкинд олгож, гуравдагч этгээд П.Оюуны өмчлөлийн БЗД-ийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж 10/15-1 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюуны давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн тул дээрх шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
7.1. Гуравдагч этгээд Б.Батгэрэл нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хэргийн үйл баримт, зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийн талаар ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй.
7.2. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нийт 5 удаа зарлагдсан бөгөөд дээрх шүүх хуралдаануудад нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд П.Оюун миний зүгээс хэргийн үйл баримт, зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийн талаар зайлшгүй тайлбар авах шаардлагатай тул гуравдагч этгээд Б.Батгэрэлийг шүүх хуралдаанд заавал биечилж оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан.
Гуравдагч этгээд Б.Батгэрэл хүрэлцэн ирээгүй тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20984 дугаартай захирамжаар түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч болон гуравдагч этгээд П.Оюун миний зүгээс "...гуравдагч этгээд Б.Батгэрэлийг заавал оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна, албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарсан, тухайн захирамжийн биелэлтийг хангуулаад Б.Батгэрэлийг оролцуулах хүсэлтэй байна... гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7.3. Шүүх гуравдагч этгээд Б.Батгэрэлийг шүүхэд дуудан ирүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 17, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тухайн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан эсэх, дээрх шүүх хуралдааны товыг мэдсэн эсэх талаарх хариу хэрэгт авагдаагүй.
Цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр илтгэх хуудсыг үндэслэн шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсан нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх боломжгүй юм.
Миний бие Б.Батгэрэлийн барьцаалан зээлэх гэрээ, зээл авсан талаарх үйл баримтад хамааралгүй, бизнесийн үйл ажиллагаа нь бүтэмжтэй байгаа, удахгүй барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлж өгнө гэсэн Б.Батгэрэлийн үгэнд нь итгэсээр өнөөдрийг хүрсэн боловч шүүхийн шийдвэрээр өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба Б.Батгэрэл нь шүүх хуралдаанд биечлэн оролцож хэзээ зээлээ төлж барагдуулан миний хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар мэдүүлэг гаргахгүй, зохигч талууд Б.Батгэрэлийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад шүүх түүнийг биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
7.4. Түүнчлэн, миний бие шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд шүүгчийн зүгээс ирцтэй холбоотой санал хүсэлт гаргах үед гаргаагүй тул одоо шийдвэрлэх боломжгүй, тийм болохоор хүсэлтийг хүлээж авахгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04307 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Гуравдагч этгээд П.Оюуны давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж харж байна. Шинжьюкү ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүний өмнөөс шийдвэр гаргах боломжгүй учраас энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.
Мөн Б.Батгэрэлийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад шүүгчийн захирамж гарсан. Захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шүүх хуралдаан цааш үргэлжилсэн учраас энэ талаарх гомдол үндэслэлтэй. Түүнчлэн, өмгөөлөгч авах эрхийг хэзээ ч эдэлж болно. Заавал хамгийн сүүлийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасан боловч энэ эрхээр хангаагүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд П.Оюуны гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Шинжьюкү ХХК болон М.Майсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,143506,936 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Майсайхан манай компани нэг ч төгрөг авч ашиглаагүй, Б.Батгэрэлийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.
3. ХААН банк ХК болон Шинжьюкү ХХК, М.Майсайхан нар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202045014595 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 1,000,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх-4-6/
Хариуцагч М.Майсайхан нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн мөнгийг ашиглаагүй, Б.Батгэрэлд мөнгийг өгсөн гэх татгалзал хуулийн үндэслэлгүй.
4. ХААН банк ХК нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээний 2.1, 3.1-т тус тус зааснаар зээлдэгч Шинжьюкү ХХК-ийн эзэмшлийн 5003671389 тоот данс руу 1,000,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон зээлийн тооцоололд маргаангүй. Хариуцагч компани нь зээлийн үүрэгт 495,926,420 төгрөг төлсөн, Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас зээл төлөх боломжгүй болсон гэх агуулга бүхий тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нараас үндсэн зээл 996,240,200 төгрөг, зээлийн хүүнд 133,281,834 төгрөг, нийт 1,129,547,034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв. Зохигчид энэ шийдэлд давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан нь хуулийн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болон барьцааны зүйл болох П.Оюуны үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.
6.1. Учир нь гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.
6.2. Талууд зээлийн гэрээнд нийт 4 удаа өөрчлөлт оруулсан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/202045014595-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоол, Ковид 19 цар тахал болон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан зээлийн гэрээний хугацааг 13 сар болгон сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх12-13, 15, 18-21/
7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хойшлуулсан хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусчээ.
Шүүх ... талууд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөлт хийх боломжгүй, хугацаа хойшлуулсан гэж хэргийн нотлох баримтыг баримтыг буруу үнэлж, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
Хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нар гэрээгээр тогтоосон хугацаанд зээл, хүүгийн хамт төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүд 13,959,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.
8. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйл болох П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
8.1. ХААН банк ХК нь Б.Батгэрэл, М.Майсайхан, П.Оюун нартай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БГҮ/202045014595 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор М.Майсайханы өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31 дүгээр байр, 13 тоот хаягт байршилтай, Ү-2205055903 дугаарт бүртгэлтэй, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31-р байр, 13 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, автозогсоол, П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-1, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075951, Ү-2204075956 дугаарт тус тус бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, Б.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, Ү-2204075950 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус барьцаалахаар харилцан тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Барьцаалуулагч П.Оюун нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, ... үүргийн гүйцэтгэлийг хангуулах, .. зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах ... эрхийг Б.Батгэрэлд итгэмжлэлээр олгосон байна. /хх80/
Хэрэгт авагдсан 2020.09.18-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах БГҮ/202045014595-2 дугаартай гэрээ, 2021.12.20-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах БГҮ/202045014595-1 дугаартай гэрээнүүдэд Б.Батгэрэл, П.Оюун нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул тэдгээрийг энэ гэрээний тал биш гэж үзэх нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцнэ. /хх16, 22/
Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ/202045014595 дугаартай Барьцааны гэрээ-гээр нэхэмжлэгч ХААН банк ХК-д барьцааны шаардах эрх үүссэн учир дээрх итгэмжлэл болон Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзнэ.
Хариуцагч Шинжьюкү ХХК болон М.Майсайхан нар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул барьцааны зүйл болох М.Майсайхан, П.Оюун, Б.Батгэрэл нарын үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
8.2. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн өмчлөгч П.Оюун, Б.Батгэрэл нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас оролцсон байна. /хх-55/
9.1. Шүүх гуравдагч этгээд Б.Батгэрэлийг шүүхэд албадан ирүүлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын илтгэх хуудсаар ...Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ хороолол, 17 дугаар байр, 1 тоот хаяг нь нураагдсан дахин төлөвлөлтөд орсон тул шүүгчийн захирамжид дурдсан хаягнаас шүүхэд албадан ирүүлэх боломжгүй байна гэжээ. Уг баримтыг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Батгэрэлийг биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гуравдагч этгээд П.Оюуны гаргасан гомдол үндэслэлгүй.
9.2. Түүнчлэн гуравдагч этгээд П.Оюуны өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04307 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,143,506,936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Шинжьюкү ХХК, М.Майсайхан нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч М.Майсайханы өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31 дүгээр байр, 13 тоот хаягт байршилтай 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2205055903 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 31-р байр, 13 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоол, гуравдагч этгээд П.Оюуны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-5 тоот хаягт байршилтай, Ү-2204075956 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 10/15-1 тоот хаягт байршилтай, Ү-2204075951 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гуравдагч этгээд Б.Батгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/15-6 тоот хаягт байршилтай, Ү-2204075950 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 5,805,685 гэснийг 5,945,684 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюуны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД