Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Л.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000540078 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л.Г,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Г нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 100 дугаар байранд 2019 оны 01 сарын 02-ны өдөр иргэн Ц.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа 1 шил архи уусан тэгээд найз Утай уулзсан тэгээд би Баянхонгор аймаг 1 дүгээр баг 100 дугаар байранд дагуулж ирсэн тэнд ирээд бид хоёр маргалдсан тэрний дараа нэг удаа алгадсан тэгээд бид хоёр эвлэрсэн тийм зүйл болсон. Би нэг удаа алгадсан өөрөөр цохиж зодоогүй. Бид хоёр хамт амьдарч байгаагүй нэг байгууллагад хамтдаа ажилладаг байсан найзууд байгаа юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал Г миний гар утас руу 95169996 дугаараас залгахаар нь утсаа автал 2-лаа уулзана гэж хэлхээр нь би завгүй байна гэж хэлээд утсаа асалсан юм. Тэгтэл Г манай гэрт шууд ороод ирж 2-лаа гараад уулзана гэж хэлээд намайг гэрээс дагуулаад гарсан. Тэгээд би Ггийн машин у/тал машинаа асаагаад 1 дүгээр багийн 100 дугаар байрны гадаа очоод намайг албан хүчээр гэртээ дагуулж орсон тэгэхээр нь би Гд би ажилтай байна намайг явуул гэтэл гэрийнхээ хаалгыг түгжээд явуулахгүй гээд байхаар нь уурлаад Гтэй маргалдтал Г миний өмсөж байсан цамцны захнаас барьж аваад намайг заамдсан. Мөн миний 2 гараас чанга барьж аваад миний нүүр лүү гарынхаа алгаар 1 удаа алгадсан. Өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. Тэгээд би Ггээс зугтаагаад угаалгын өрөө рүү орж байгаад цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаагаас хүмүүс ирээд Гг аваад явсан. Өөр болсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/,

... Л.Гг таньдаг бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг байсан хамтран амьдарч байгаагүй найз нөхдийн харилцаа холбоотой байдаг хүмүүс байгаа юм. Би алга болсон ээмгээ гэрийнхээ ойролцоогоос олсон. гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/,

4. Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Баянхонгор аймгийн төвд МСҮТ-ийн хойно байрлах 100 дугаар байранд байр түрээсэлж байхад Л.Г ах 2019 оны 01 дүгээр сарын 02-нд өглөө 13 цагийн үед байх нэг танихгүй эмэгтэй хүнтэй орж ирсэн тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж юм ярьж байгаад Л.Г ах тэр эмэгтэйн хацар дээр нь нэг удаа алгадсан тэгээд тэр хоёр хэрүүл хийж байгаад зүгээр болчихсон хоорондоо юм яриад байсан би тэгээд найзтайгаа уулзах гэж гэрээс гарч явсан Л.Г ах тэр эмэгтэй хоёр гэрт үлдсэн. Л.Г Ц.Угийн хаана нь цохисон талаар сайн хараагүй. Нэг алгадах шиг л болсон тухайн үед би утсаа оролдож сууж байсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн:

1.Ц.Угийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, бугалга, хүзүүнд цус хуралт, доод уруулд язрал, хамар, шуу, гарт зулгаралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ болон хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Л.Ггийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 46-50 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 100 дугаар байранд 2019 оны 01 сарын 02-ны өдөр иргэн Ц.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Угийн мэдүүлэг, гэрч М.Сын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Гг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Гд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулах, торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд эзэмшигч Л.Гд буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Гд оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ийн ял шийтгэгдсэн эсэх лавлагаанд дурдсан байх тул түүнийг урьд нь ял шийтгэгдэж байгаагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Гд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Л.Гг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Гд оногдуулсан найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ