Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2024/00813

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/00813

 

 

Г.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00402 дугаар шийдвэртэй,

Г.Э гийн нэхэмжлэлтэй,

Ж ХХК -д холбогдох,

62,068,560 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 9,509,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ж-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Г.Э нь тус гэрээний 2.1, нэмэлт гэрээний 1-д заасны дагуу Г цогцолборын -а байр, 9 дүгээр давхарт 10 тоотод байрлах - м.кв талбайг захиалж, уг хөрөнгийн үнэд 473,6000,000 төгрөг төлөх, гүйцэтгэгч Ж ХХК нь гэрээний 3.1-д зааснаар тухайн барилгыг 2019 ны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээжээ.

1.1. Ж ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, ажлын үр дүнг доголдолтой болохыг мэдсээр байж, нуун дарагдуулж, Г.Э надад 135.60 м.кв талбайтай орон сууц хүлээлгэж өгсөн болохыг Уран-Асар ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэмжилтийн зургаас мэдсэн. Иймд хариуцагч компанийн гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу орон сууцны талбайн хэмжээ тохирохгүй, доголдлын улмаас илүү шилжүүлсэн 12.4 м.кв талбайн үнэ болох 39,680,000 төгрөг болсон.

1.2. Хариуцагч Ж ХХК нь гэрээний 3.1-д заасан үүргийг хүлээсэн боловч 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байр хүлээлцсэн акт үйлдэж, орон сууцыг Г.Э хүлээн авсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон гэрээний 5.3-т заасны дагуу алданги шаардах эрхтэй. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон сууцыг хүлээн авсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 296 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Гэрээний үр дүн болох 473,600,000 төгрөгийн 0.01 хувь 47,360 төгрөгийг 296 хоногоор тооцвол 14,018,560 төгрөгийн алданги болсон.

1.3. Тус орон сууцыг худалдан авахад Г.Э миний бие 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 370,000,000 төгрөгийг зээлсэн. Тус орон сууцны м.кв-ыг - м.кв-аар тооцсон бөгөөд 1 м.кв-д тооцогдох дүн нь 2,500,000 төгрөг болсон бөгөөд талбайн зөрүү болох 12.4 м.кв нь 31,000,000 төгрөг болж байна. Түүний 1 сарын хүү болох 1 хувь нь 310,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлт хийсэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 27 удаагийн эргэн төлөлт 8,370,000 төгрөг төлж хохирсон.

1.4. Иймд илүү шилжүүлсэн 12.4 м.кв-ын үнэ 39,680,000 төгрөг, алданги 14,018,560 төгрөг, хохирол 8,370,000 төгрөг, нийт 62,068,560 төгрөгийг хариуцагч Ж ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ж ХХК , Г.Э нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээгээр орон сууцыг - м.кв талбайтай, хөрөнгийн үнэ 473,600,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон.

2.1. Нэхэмжлэгч Г.Э нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлбөрөө бүрэн төлснөөр өмчлөх эрх нь үүсэж тус өдрөө байраа хүлээн авч, баримтад гарын үсэг зурсан бөгөөд м.кв талбайн зөрүүний талаар болон бусад зөрчил, алдангийн талаар дурдаагүй. Гэтэл 917 хоногийн дараа шүүхэд гомдлын шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Хариуцагч компанийн зүгээс барилгыг ашиглалтад оруулахгүй удсан зүйл байхгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/950 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн дагуу орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан графикийн дагуу төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүйгээс гэрээний 3.2-т зааснаар байр хүлээлцэх хугацаа хойшилсоор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээлцсэн. Нэхэмжлэгч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргийн зөрчлөөс үүдэн байр хүлээлцэх өдөр хойшилсон гэдгийг мэдсээр байж хариуцагч нараас алданги нэхэмжлэх боломжгүй.

2.3. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байх ба байр хүлээлцэхдээ талбайг хэмжиж үзсэн атлаа нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй тул хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ж ХХК нь Г.Э тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, 2019 ны 4 дүгээр улиралд гэрээний зүйлийг бүрэн ашиглалтад оруулсан.

3.1. Г.Э нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний зүйлийг ашиглалтад хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх байсан боловч хугацаа хэтрүүлж үлдэх төлбөр 370,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн. Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үлдэх төлбөр бүрэн төлөгдсөн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааг тооцвол хуанлийн 257 хоног байна. Харин үлдэх төлбөр 370,000,000 төгрөгөөс хоногийн 0,01 хувийн алдангийг тооцвол хоногт 37,000 төгрөг болж байна. Үүнийг 257 хоногт үржүүлбэл 9,509,000 төгрөг болж байна. Иймд гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 9,509,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж ХХК -д Г.Э өөрийн захиалсан орон сууцандаа нүүж орох тухайгаа хэлэхэд ...дотор заслын ажил дуусаагүй 14 хоногтоо багтааж дуусгаж өгнө гэсэн хариу өгсөн. Гэтэл 14 хоногтоо багтааж дуусгаагүй бөгөөд 1 сарын дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байрандаа нүүж орсон. Гэвч орон сууц нь бүрэн тохижилт дуусаагүй буюу засвар хийх зүйл их байсан. Жишээлбэл, өрөөнүүдийн хаалга зарим нь дутуу, хийгдээгүй, ашиглалтад шинээр орсон барилга гэхэд хүн шууд нүүж ороод амьдрахад тохиромжгүй, дотор заслын ажил бүрэн дуусаагүй байдалтайгаар хүлээн авсан. Дотор заслын ажил бүрэн дуусаагүй талаар гомдолтой байгаагаа удаа дараа хэлж байхад ямар ч асуудлыг минь шийдвэрлээгүй өөрсдөө заслын ажлыг дуусган амьдарсан. Тус орон сууцны кондишн нь одоо болтол ажилладаггүй, шилэн ханатай учир гадна агаарын температур цельсийн +30 хэм хүрэхэд дотор 30-40 хэмийн халуун агаартай болж хүн байхын аргагүй болдог. Мөн домофон систем одоо болтол бүрэн ажилладаггүй. Одоо ажиллаж байгаа СӨХ нь энэ компанитай хамааралтай байдаг бөгөөд хэвийн амьдрах нөхцөлөөр хангадаггүй. Иймээс алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дүгаар зүйлийн 255.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК -аас 62 068 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч Г.Э гаас алданги 9,509,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардпагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,094 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Г.Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ж ХХК -тай 19/62 тоот дугаартай Guest House-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, * дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж хаягт байрлах Г цогцолбор хотхоны 2 блок, 2 орц,  давхар - тоот 3 өрөө - м.кв бүхий орон сууцыг захиалсан. Талууд тус гэрээнд өөрчлөлт оруулж нэмэлт гэрээг байгуулан захиалсан орон сууцыг Г цогцолборын -а байр, 9 дүгээр давхарт 0 тоот бүхий - м.кв болгон өөрчилсөн.

6.2. Захиалсан орон сууцыг Ж ХХК -аас 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсны дагуу Г.Э нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээн авч орсон боловч хэвийн амьдрах нөхцөл бүрдээгүй буюу тохижилт засвар нь бүрэн дуусаагүй байсан. Тухайн орон сууцыг У ХХК -аар талбайн хэмжилт хийлгэхэд 135.60 м.кв байсан учраас 12.4 м.кв-аар бага байсан..

6.3. Г.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г ХК-аас 370,000,000 төгрөгийг зээлсэн зээлээрээ тус орон сууцыг авсан. Тус орон сууцны м.кв-ыг - м.кв-аар тооцсон бөгөөд 1 м.кв-д тооцогдох дүн нь 2,500,000 төгрөг болсон бөгөөд талбайн зөрүү болох 12.4 м.кв нь 31,000,000 төгрөг болж байгаа. Түүний 1 сарын хүү болох 1 хувь нь 310,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлт хийсэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 27 удаагийн зээлийн хүүг талбайн зөрүүд төлж хохирсон.

6.4. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзэн нэхэмжлэгч Г.Э г шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ж ХХК , Г.Э нарын байгуулсан 19/62 тоот дугаартай Guest House-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Г.Э нь Ж ХХК -ийн барьж буй Guest House гэх тодорхойлолттой орон сууцанд өөрт тохирсон хэв маяг, тааламжтай амьдрах орчин бүхий орон сууцыг авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 1.2-т заасан нөхцөл нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байгаа бөгөөд тус заалтын дагуу гүйцэтгэгч "Ж ХХК нь өөрийн материалаар гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэн Г.Э д хүлээлгэн өгч Г.Э нь гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн байдаг.

6.5. Шүүх гэрчийн мэдүүлгийг зөв үнэлж дүгнээгүй. Гэрч Б.О нь ...тухайн орон сууцыг сонирхон өөрт тохирсон орчин үеийн технологи бүхий болгон бариулахаар холбогдох барилгын компанитай тохиролцож тухайн орон сууцыг захиалсан. Тухайн орон сууц нь анх тохирсон ёсоор бус харин доголдолтой буюу захиалан бариулсны дагуу байж чадаагүй, шаардлага хангаагүй орон сууцыг дуусгасан болж хүлээлгэн өгсөн гэх мэдүүлгийг үнэлээгүй.

6.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж маргасан. Уг гэрээгээр талууд орон сууцыг барих ажлыг ямар материалаар гүйцэтгэх, эсхүл тухайн захиалагч өөрийн материалаар үл хөдлөх хөрөнгийг бий болгох талаар харилцааг зохицуулсан зүйл байхгүй. Үүнд нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр тохиролцсон харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. Гэрээний гол шинжээс харахад орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтад бүрэн орсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж дуусгаад шилжүүлж авах байсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийг бүрэн төлж, өмчлөлдөө шилжүүлсэн. Түүнчлэн, улсын комисс 2019 оны 12 дугаар сард ажиллаад үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авсан бөгөөд түүнээс хойш 1 жилийн дараа нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөд эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авсан харилцаа үүссэн. Ямар нэгэн байдлаар бий болоогүй эд хөрөнгийг буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйл нь бий болоогүй эд хөрөнгийг захиалгаар гүйцэтгэх, ажил гүйцэтгэх харилцааг зохицуулдаг бол уг маргааны гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь бий болсон буюу бодит байсан үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан үйл баримт юм. Энэ талаар гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт улсын комиссын акт авагдсан. Иймд бодит бий болсон хөрөнгийг худалдан авсан нөхцөл байдал үүссэн учраас худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

7.2. У ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар У ХХК -ийн тусгай зөвшөөрөл 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаатай олгогдсон. Үүнд орон сууцны м.кв дутсан гэх хэмжилтийг хийхэд тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд хийсэн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны м.кв хэмжүүлээд эд хөрөнгийн доголдолтой эсэхийг мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд уг боломжоо эдлээгүй учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдаж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээж авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

7.3. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсноос хойш 1 жилийн дараа акт үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тухайн орон сууцны үнийг бүрэн төлөхгүй байсан учраас төлбөрөө төлсний дараа орон сууцыг хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ж ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 62,068,560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 9,509,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19/62 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр худалдагч Ж ХХК нь * дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж хаягт байрлах Г цогцолбор хотхоны 2 блок 2 орц 9 давхарт - тоот 3 өрөө - м.кв талбай бүхий хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Г.Э нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөн нэмэлт гэрээ байгуулж, гэрээний 2.1-д захиалагч Г цогцолборын 2 блок - орц - давхарт - тоот - м.кв бүхий Guest House-г захиалсан гэж заасныг захиалагч Г цогцолборын -а байрны 9 давхар 0 тоот бүхий - м.кв талбайтай Guest House-г захиалахаар захиалгаа өөрчилсөн үйл баримт зохигчдын тайлбар болон гэрээ, нэмэлт гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх-7, 44/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй.

4. Г.Э нь гэрээгээр 473,600,000 төгрөг төлөхөөс дээрх гэрээний төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 47,360,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 370,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 6,240,000 төгрөг, нийт 473,600,000 төгрөгийг Ж ХХК -ийн дансанд шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХК дахь орлогын ордер, Голомт банк ХК дахь орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон./хх12-13/

5. Ж ХХК нь орон сууцны барилгыг барьж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан./хх77-80/

6. Талууд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэж, уг хаягт байрлах -а байрны 1-р орц 9 давхар 0 тоот орон сууцыг Г.Э хүлээн авч, улмаар тэрээр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр * дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, -а байр 0 тоот хаягт байршилтай - м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077642 дугаарт бүртгүүлсэн байна./хх-17, 18/

7. Худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Тодруулбал, орон сууцны талбайг баримжаагаар бус хэмжих бололцоотой тул талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны талбайг хүлээн авах үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Ж ХХК нь орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Э д хүлээлгэн өгөхөд тэрээр м.кв талбайн зөрүүний талаар дурдалгүйгээр хүлээн авсан байх ба талууд гэрээний 2.2-т орон сууцны үнэ 473,600,000 төгрөгт талбайн хэмжээ хамаарахгүй байхаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Г.Э нь гэрээгээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөд Уран-Асар ХХК-аар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийлгэсэн Барилгын талбайн хэмжээний дүгнэлтээр ...Хэмжилтэд тус барилгын сууцны ба сууцны бус өрөө тасалгаануудын нийт нийлбэр талбай нь 135.60 м.кв болох-ыг хэмжилтээр тодорхойлсон боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэж эд хөрөнгийн доголдолтой талаар мэдэх боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэхгүйгээр орон сууцыг хүлээн авсан нь худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж шүүх дүгнэж, илүү шилжүүлсэн 12.4 м.кв талбайн үнэ болох 39,680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

8. Мөн нэхэмжлэгч Г.Э нь орон сууцны төлбөр төлөхөөр зээл авч, зээлийн төлбөрт 8,370,000 төгрөг илүү төлсөн гэж хохирол шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан тул хохирол шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь орон сууцны м.кв-ын зөрүү үнийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зээлийн гэрээнд илүү төлсөн мөнгөн хөрөнгийг хохиролд тооцож гаргуулах боломжгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

9. Нэхэмжлэгч Г.Э нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй, хугацаа хожимдуулан орон сууцны үнийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж зааснаар үүргийн зөрчилтэй үүрэг гүйцэтгүүлэгч болох Г.Э нь хариуцагч Ж ХХК -аас алданги шаардах эрхгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Э гийн алданги 14,018,560 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

10. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Э бүртгэгдсэнээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэж хариуцагч Ж ХХК -ийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 9,509,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцсэн байна.

Хариуцагч Ж ХХК нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

11. Гэрээний 2.2-т захиалагчийн захиалсан Guest House нийт 473,600,000 төгрөгийн үнэтэй ба уг үнийн дүнд тухайн байрны талбайн хэмжээтэй ямар нэг байдлаар уялдаагүй бөгөөд харин байрны өрөөний тоо, байршил, давхарын онцлогоос хамаарч тогтоогдсон үнэ гэж тусгаснаас үзвэл Г.Э нь хаус захиалан бариулахаар гэрээ байгуулаагүй, нийтийн зориулалттай орон сууцнаас үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ байгуулсан нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН