Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/062

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,

Хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007070020 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, П.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 20 дугаар гудамжны 22 тоот хашаанд Н.Оыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч П.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 12 дугаар сарын 06-нд Баянхонгор сумын 7 дугаар баг 20-22 тоотод байх манай гэрт Н.О, А нар ирсэн тэгээд бид нар хоёр шил 0.5-тай архийг бид гурав хувааж уусан ууж дуусаад тэр хоёр харих гэж унаа дуудсан байсан тэгээд Н.О гэрээс гарч бие засаж дуусан энэ үед би барилдмаар санагдаад Н.Оыг хашаан дотор хоёулаа нэг барилдчих уу гэж хэлсэн тэгээд барилдмаар санагдаад байхаар нь урдаас нь баруун хөлд дэгээдэхэд Н.О ахынх нь хөл эвгүй болчихлоо гэж хэлээд суусан тэр үед би түргэн дуудсан тэгээд түргэн авч явсан эмч хөл хугарсан байна гэж хэлсэн... Би Н.О хөл хугарч эмчилгээ хийлгэсэн гэж 1200000 төгрөг өгсөн эмчлэх эмчтэй уулзаж мөнгө өгсөн. Өөр нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 /

2. Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сэр-од, А гээд 2 ах ирсэн. 2 шил архи хувааж уугаад гарч тамхи татах зуураа барилдъя гээд би очоод хавирчихсан чинь ийм юм болсон. Тэгээд ийм юм болсонд харамсалтай байна гэв.

3. Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... Би гэрээс гарч хашаан дотор нь бие засаад тамхи асаагаад татаад сууж байхад тэр танихгүй залуу араас гарч ирээд юм яриад намайг өдөөд үг хоргоогоод байх шиг байсан.Тэгээд намайг эргэж харахад миний баруун хөл хавсарсан тэгээд миний хөл эвгүй болсон би тэр залуу руу дуудсан боловч тоохгүй гэртээ яваад орсон араас нь би дотогшоо арай гэж гэрт ороод гутлаа тайлж үзүүлээд түргэн дууд гэж хэлсэн тэгээд тэр танихгүй залуу түргэн дуудсан. гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О мэдүүлэхдээ: 12 дугаар сарын 06-ны өдөр байж байхад энэ хүн Атэй давхиж ирээд машин дотор 1 шил архи хувааж уучхаад гэрт нь очсон. Гэрт очоод машиныг үзээд машин нь ассан. Тэгээд гарч яваад нэг шил архи аваад ирсэн тэгээд гараад ирсэн байж байхад ах барилдчих уу гэхээр нь ах нь барилдахгүй гэсэн тэгсэн чинь нэг мэдсэн чинь хавсарчихсан тэгсэн чинь хөл сонин болчихсон. Миний хөл элгүй болчихлоо гээд хэлсэн чинь худлаа ярь гэхээр нь харахгүй юу гэсэн тэгээд гутал тайлаад харсан чинь мушгирчихсан байсан. Тэгээд түргэн дуудаарай гээд түргэн дуудсан. Тэгээд эмнэлэгт очсон гэв.

5. Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 12-р сарын 06-ний өдөр би Баянхонгор аймагт гэртээ байж байтал манай хүү над руу залгаад би хөлөө хугалчихлаа гэхээр нь түргэн дуудаж амжаагүй байж байтал түргэн дээр өөрөө хүрээд ирсэн байхаар нь би аймгийн 103 дээр иртэл миний хүү Оын хөлийн зургийг авчихсан байж байсан. Миний хүүгийн нэг хөл нь шилбэ хэсгээрээ хоёр хугарсан гэж эмч нар нь ярьж байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 /

6. Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... О бид хоёр тэднийхээс явахаар болсон тэгээд гэрээс гараад хашаан дотор нь байх нойлд ороод бие засаад эргээд хүрээд ирэхэд О хөл хачин болчихлоо гэж хэлээд сууж байсан тэр үед нөгөө А гэдэг залуу түргэн дуудаж түргэний эмч ирээд Оыг авч явсан тэрний маргааш өдөр буюу 2018 оны 12 сарын 07-ны өдөр юу болсон талаар Оаас асуухад энэ хүүхэд барилдах уу гэж надаас асуухад нь би барилдахгүй гэж хэлэхэд хавсарчихлаа гэж надад хэлсэн тэрнээс болоод хөл хугарсан гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 /

7. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Н.Оын биед баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны бяцарч зөрсөн далд хугарал нь тухайн хэсэг газрын өшиглөлт цохилтоос үүсэх боломжгүй яагаад гэвэл уг хугарлын шаант яс нь шилбэний доод хэсгээр тахилзуур яс нь шилбэний дээд хэсгээр өөр өөр байрлалд үүссэн байгаа учир нэг удаагийн өшиглөлт цохилтоос хоёр өөр газар хугарал үүсэх боломжгүй харин уг хугарал нь түлхэгдэх болон хавиралтаас үүсэх боломжтой энэ нь хөл тэнхлэгээр газар тулж байх үед түлхэлт хавиралтын улмаас хүндийн жингээр мушгирч унах үед ийм төрөл хугарал үүсэх боломжтой. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн:

1. Н.Оын биед баруун хөлийн шаант болон тахилзуур ясны бяцарч зөрсөн далд хугарал, баруун гуя,шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна./хх-ийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдсан 11-14 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг, хавтаст хэрэгт авагдсан , хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд авагдсан аймгийн прокурорын газрын тогтоол, хавтаст хэргийн 66-100 дугаар хуудсанд авагдсан эмнэлгийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс 3 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 6 хуудас нотлох баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Агийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор сумын Цахир 5 дугаар багийн 20-н 22 тоот хашаанд хохирогч Оыг дэгээдэж унагаасны улмаас түүний хөл хугарч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шинжлэн судлуулсан нотлох баримтууд мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг зөвшөөрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Оын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг гэрч Н, А нарын мэдүүлэг, шинжээчийн 14 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Бын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах. Шүүгдэгч А нь хохирогч Оад 1.200.000 төгрөг хохирлыг төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч болон шүүгдэгч нараас аль аль талаас мэдүүлж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлоо эмчилгээ хийлгэсэн бусад холбогдох зардал болох 545.087 төгрөгийг шүүгдэгч Агаас гаргуулж хохирогч Оад олгуулах хохирогч О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь шүүгдэгч П.Агаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх, шүүгдэгч П.Агийн хувьд энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Түүний эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээлгэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөд зарцуулах, шүүгдэгч П.Агаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулах ямар нэгэн зардалгүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхийг дурдаж дүгнэлтээ гаргаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн зүгээс нэхэмжилсэн 545.087 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа юм байна. Шүүгдэгч Агаас 545.087 төгрөгийг шүүгдэгч Оад гаргуулах Улаанбаатар хотод эмчилгээ үйлчилгээ хийлгээд ирэхэд сарын дараа ирж үзүүлээрэй. Хөл гишгээд боломжийн байвал таягаа хаяад явах боломжтой тэгэхгүй байвал дахиад хагалгаанд орох зөвлөгөөг эмч өгч явуулсан. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээлгэх гэсэн саналтай. Эрүүгийн хариуцлагын төрөл дээр тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: П.Агийн хувьд хийсэн хэргээ хүлээж гэм буруугаа хүлээхэд бэлэн байна гэж илэрхийлсэн. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Зүгээр барилдах гэсэн сэдэлттэй байна. Хавсарч унагаснаас хөл нь хугарсан харамсалтай явдал болсон байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгахад ял шийтгэл аваагүй байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн хохирол нөхөн төлсөн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Хохирогч энэ залуу түргэн дуудсан тухайн үед эмчилгээний зардал өгсөн гэх зэргээр ямар нэгэн албан шахалтгүй явсан гэдэг нь харагдаж байна. Өөрийгөө илчилсэн гэж үзэж үндэслэл байн гэж үзэж байгаа. Ам бүлийн хувьд ам бүл 4, 3 настай хүү, 5 настай охины хамт албан ёсоор гэр бүл болоогүй хамтран амьдарч байгаа байдалтай явж байна. Ажлын хувьд барилгын компанид ажилладаг юм байна энэ компани нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөнгө төгрөгийн асуудал төлөхөд хүндрэл гарсан 545.087 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Торгохдоо бага хэмжээ буюу 450 нэгжээр торгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг нэг үе шаттай явагдсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.А нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.20.22 тоот хашаанд Н.Оыг барилдах нэрээр хавсарч унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Н, Д.А нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны 14 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч П.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байна” гэсэн шударга ёсны зармыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “эмнэлгийн тусламж үзүүлсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч П.Агийн орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялын хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт таван зуун дөчин таван мянга наян долоон / 545087 / төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч П.А болон түүний өмгөөлөгч нар нь таван зуун дөчин таван мянга наян долоон / 545087 / төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч П.Агаас таван зуун дөчин таван мянга наян долоон / 545087 / төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.10а.27 тоотод оршин суух ВЭ77020211 регистрийн дугаартай Нгийн Оад 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Н.Оын эмчилгээний зардал нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт шүүгдэгч П.Агийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг гар утсыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь урьд ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт П.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт П.Аг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан П.Аг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан П.А нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан П.Агаас таван зуун дөчин таван мянга наян долоон / 545087 / төгрөг гаргуулж, хохирогч Н.Оад 2019 оны 05 дугаар 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Оын эмчилгээний зардал нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан П.Агийн самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг гар утсыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ