Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2024/00815

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 210/МА2024/00815

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/00673 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох,

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь манай компанитай хамаарал бүхий *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 25,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие тухайн үед *******-ийн захирал байсан бөгөөд ******* нь тус компанийн охин компани тул техник, аж ахуй, санхүүгийн удирдлагаар бүрэн ханган ажиллаж байсан. Энэ үед 2 компанийн хооронд санхүү болон техниктэй холбоотой шилжүүлгийг байнга хийдэг байсан. Энэ хүрээнд уг 25,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж шилжүүлсэн. Тус мөнгийг би хувьдаа аваагүй. ******* авсан. Хэрэв энэ нь зээл байсан бол зээлийн гэрээ байх ёстой. Гэтэл гэрээ байхгүй. Мөн бэлэн мөнгөний баримтад хүлээн авсан гэдэгт би гарын үсэг зураагүй. Зөвшөөрсөн гэдэгт л гарын үсэг зурсан. Иймд 25,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 25,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн дагуу мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн *******-аас санхүүгийн дэлгэрэнгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй талаарх захирамжийг шүүх хурал дээр танилцуулж, улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулснаар хэргийг шийдвэрлэсэн. Дээрх үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримт гаргуулах, мэтгэлцэх зэрэг нөхцөл боломжийг хангах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч тал шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийг танилцуулсан гэж тайлбарласан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардаж аваад хариу тайлбар бичгээр гаргаагүй. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* болон *******-ийн санхүүгийн тайланг гаргуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт ямар ач холбогдолтой талаар бичээгүй учраас шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш хариуцагч өөрөө хэргийн материалтай танилцах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй.

Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн учраас энэ хугацаанд мэтгэлцэх эрхээ өөрөө хэрэгжүүлэх бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаагүй. Шүүгчийн захирамжид Б.Энхбаяр гэж бичсэн нь техникийн алдаа гэж үзсэн. Учир нь бусад хэсэг нь манай нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч талын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчаас санхүүгийн баримтуудыг дахин гаргуулах хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар даруй шийдвэрлээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн өмнө нь хүсэлт гаргах боломжтой байсан эсэх, тухайн өдөр хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзээд хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй. Нотлох баримтын хүрээнд *******-ийн асуудлыг холбож тайлбарладаг. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга болон мөнгө хүлээн авагч гэдэгт ******* захирал байдаг. Санхүүгийн баримтад сүүлд шалгалт хийхэд мөнгө аваад буцааж өгөөгүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал яригддаг. Уг асуудалд *******-тай хамааралтай баримт шаардлагагүй гэж үзэж байна. Сүүлд авчирсан баримтыг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 28, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/22077, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/00673 дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлт хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь хариуцагч ******* нь 2017 онд ******* болон *******-ийн хооронд санхүүгийн гүйлгээг хийдэг байсан тул тус компаниудын санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гаргуулах-аар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэргийн 8-9 дүгээр талд бэлэн мөнгөний зарлагын баримт авагдсан байх бөгөөд уг баримтад ...байгууллагын нэр *******, мөнгө хүлээн авагч Эрдэнэбат захирал гэсэн байна. Тус компанитай ******* ямар хамааралтай эсэх үйл баримтыг тодруулснаар талуудын маргаж байгаа мөнгөн хөрөнгийг хэн хариуцах нь тодорхой болох ач холбогдолтой байна.

Иймд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх талаарх хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/00673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН