Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Х.А түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Хатанбаатарын Ангарагсүрэнд холбогдох эрүүгийн “1911002350246” дугаартай, 186/2019/0265/э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-21 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 200а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт Хатанбаатарын Ангарагсүрэн /РД:ТА93110213/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ангарагсүрэн нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Учралтын хэвлийн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ангарагсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Учралтын:..2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ ээжтэйгээ байж байтал манай найз Ангарагсүрэн гаднаас ороод ирсэн. Ангарагсүрэн таван толгойгоос ажлаасаа сая ирлээ гээд бид хоёр найз Ням-Очирын гэр рүү явсан. Ням-Очир гэртээ ганцаараа байсан. Бид 3 ойр зуурын юм ярьж сууж байгаад дэлгүүр ороод 0.75 гр 2 шил Соёорхол архи, нэг том пиво, аваад эргээд Ням-Очирын гэрт нь очсон. Гэрт нь очоод бид гурав авсан архиа хувааж уугаад, мах чанасан. Орой 12 цагийн үед Ням-Очирын эхнэр гаднаас халамцуу орж ирээд шампанск гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд энхэр нь унтаад Ангарагсүрэн ширээний хажууд сандал дээр чанасан махаа идээд сууж байсан. Би Ангарагсүрэнгийн ар талд сандал дээр гэрийн хана хагас налсан байдалтай хэвтэж байтал Ангарагсүрэн мах идэж байгаад босох үедээ миний гутланд тээглээд унахдаа мах идэж байсан хутгатай гараа миний цээжин хэсэгт дараад уначихсан. Тэгээд миний цээжин дээр хальт хүрэх шиг болсон би зүгээрээ гэж хэлтэл Ангарагсүрэн цээжнээс чинь цус гарч байна гэж хэлээд өөрөө цагдаа болон түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг. /хх-н 17-18/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Ням-Очирын:..Энэ үед манай найз болох Учралт, Ангарагсүрэн нар хэрэлдээд байсан уу, хэлэлцээд байсан уу мэдэхгүй хоорондоо чанга, чанга ярилцаад байсан. Яг юунаас болж маргасныг би мэдэхгүй. Би хутгалсан үйлдлийг хараагүй. Тухайн үед хоёр найздаа хоол аягалж өгөөд, өөрөө хоол идээд байж байсан. Харин нэг харахад цээжнээс нь цус гарч байхаар нь цааш нь түлхээд газар хэвтүүлж байгаад тусламж үзүүлсэн. Энэ хоёр хоорондоо нэг ч удаа зодоон хийгээгүй гэх мэдүүлэг. /хх-н 23-24/,

2.3.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн №1061 тоот актын:

        1.Б.Учралтын биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний 3-р сегмент гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

         3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт. /хх-н 29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 21-22 дугаар хуудас хохирогч Б.Учралтын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 19 дүгээр хуудас яллагдагч Х.Ангарагсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:.. шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 40 дүгээр хуудас ял шийтгэл шалгах хуудас, 41 дүгээр хуудас оршин суугаа газрын тодорхойлолт, 42 дугаар хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, 53 дугаар хуудас ял шийтгэлийн лавлагаа, 69 дүгээр хуудас хохирогч хэргийн материалтай танилцсан баримт, 17-18 дугаар хуудас хохирогч Б.Учралтын мэдүүлэг,  зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч .Ангарагсүрэн нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Учралтын хэвлийн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Ангарагсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч Б.Учралт нь шүүхэд бичгээр Х.Ангарагсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж бичгээр бичсэн баримт болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ангарагсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Х.Ангарагсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргасан.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирол төлбөргүй, болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж миний үйлдлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Атүүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно

Шүүх Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 12 см, нийт урт нь 24 см, саарал өнгийн цагаан толботой иштэй 1 ширхэг хутгыг устгах, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                    

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Хатагин овогт Хатанбаатарын Ангарагсүрэнг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Х.Ангарагсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Шүүгдэгч Х.Ангарагсүрэн нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ангарсүрэн нь шүүхээс тэнссэн хугацаанд   энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 12 см, нийт урт нь 24 см, саарал өнгийн цагаан толботой иштэй 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ангарагсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ