Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00589

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00589

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02819 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 10,968,199 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч болон хариуцагч ххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь ******* ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 8,400,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн төлбөрт нийт 5,516,003 төгрөгийг төлсөн.

1.3. Дээрх гэрээний дагуу ******* улсын дугаартай, Хонда Фит /Honda Fit/ маркийн суудлын автомашиныг барьцаалсан боловч автомашин нь зам тээврийн осолд орсон, олдохгүй байгаа талаар тайлбарладаг. Барьцааны зүйл гэмтсэн нь хариуцагч нарыг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд бид барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй болно.

1.4. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,301,181 төгрөг, зээлийн хүү 4,719,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,836 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 10,968,199 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид ******* ХХК-аас зээл авсан нь үнэн. Тус зээлсэн мөнгөөр 2010 онд үйлдвэрлэгдсэн, ******* улсын дугаартай, Хонда Фит /Honda Fit/ маркийн суудлын автомашиныг худалдан авсан.

2.2. Зээлээр автомашин аваад удаагүй байхад зам тээврийн осолд орж, барьцааны зүйл ихээр гэмтсэн. Энэ тухай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* ХХК-д хэлж байсан. Зам тээврийн осолд ******* гэх эмэгтэй буруутай болох нь тогтоогдсон ба миний автомашиныг засаж өгөхөөр авч явсан. Гэвч худлаа яриад 2 жил гаруй хугацаанд олдохгүй алга болсон.

2.3. ******* ХХК-д хандаж, барьцааны зүйлийг хурааж авах талаар хандсан боловч надад туслаагүй. Би барьцааны зүйл болсон автомашин гэмтсэн талаар нэхэмжлэгчид хэлж, байнгын холбоотой байсан. Удаан явсны эцэст би *******аас 2023 оны 7 дугаар сарын 08ны өдөр автомашинаа олж авсан.

Иймд үндсэн зээлийн төлбөрийг төлнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүй байж их хэмжээний хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 5,920,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,048,026 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190,440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 109,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/2023/02819 дугаар шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч тал анх гэрээ байгуулах үед хэлэлцэн тохиролцсоноос бага төлбөр төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү шийдвэрлэснээр хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй хэтрүүлсэн хугацаандаа ямар нэг хариуцлага хүлээхгүй байхаар байна.

4.2. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг 2021 оны 01 дүгээр сард цуцалсан гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тайлбарыг үндэслэсэн гэх боловч миний бие шүүх хуралдаанд 90 хоногийн дотор төлөхгүй бол гэрээг цуцлах боломжтой гэх тайлбар илэрхийлээгүй.

Хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд өртсөн талаар ******* ХХК-д мэдэгдсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй гэж шүүхийн шийдвэрийн 4-р талд дүгнэсэн боловч дараагийн өгүүлбэртээ "******* ХХК нь барьцааны зүйл болох автомашин зам тээврийн осолд орж гэмтсэнийг мэдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь барьцааны зүйлийн ашиглалт хадгалалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлдэгч энэ талаар зээлдүүлэгчид мэдэгдээгүй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3. Шүүх зээлдэгчийг 2020 оны 10 дугаар сард зээлийн төлбөр төлснөөс 3 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сард цуцалсан байх ёстой хэмээн дүгнэсэн нь алдаатай бөгөөд зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч үүргээ биелүүлж дуусах ёстой байсан.

Гэвч гэрээний хугацаа дуусахаас 9 сарын өмнө гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдалд нөлөөлөх шийдвэр гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй харилцагчийн мэдээлэл зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг бөгөөд хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан хугацаа хэтэрсэн, найдваргүй, муу гэх мэт ангилалд шилждэг.

Тус иргэний хэрэгт гэрээ цуцлагдсан талаарх дүгнэлтийг шүүхээс хийх тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

4.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний үүрэг шаардсан болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед автомашиныг авснаас 1 сарын дараа согтуу жолооч автомашины араас мөргөж осол гаргасан. Автомашиныг замын цагдаа байгууллагаас хурааж авсан бөгөөд осол гаргасан жолооч нь 7 хоногийн дараа засаж өгнө гэж авч яваад алга болсон.

5.2. Манай нөхөр автомашин авах үед байсан бөгөөд би жижиг автомашин авна гээд авсан, удаагүй манай нөхөр өөд болсон, цар тахлын үе тохиолдсон. Уг автомашины хойноос 3 жил хөөцөлдөж байгаад өөрөө олж авсан.

Энэ цаг хугацаанд ******* ХХК-д маш их гомдсон. Учир нь автомашины осол гарсны маргааш өөрийн биеэр очиж ББСБ-д мэдэгдсэн бөгөөд замын цагдаад автомашин байгаа учраас очоод уулзаж өгөх талаар асуусан. Дараа нь автомашиныг хайж, өдөр шөнөгүй явсаар энэ жил олж авсан. ******* ХХК-ийн хуулийн зөвлөхөд автомашин хаана байгаа талаар удаа дараа очиж мэдэгдсэн. Би цагдаагийн байгууллагад очиход ******* ХХК-ийн өмч учраас өөрсдөө ирж авах ёстой, та хариуцах шаардлагагүй гэж тайлбарласан.

5.3. Миний хувьд тэтгэврийн зээл авсан цар тахал гарсан хүнд байсан ч зээлээ боломжоороо төлсөн, огт төлөөгүй гэсэн зүйл байхгүй. Үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг төлнө. Автомашиныг байгууллагын зүгээс нэг ч удаа очиж үзээгүй атлаа хүү алданги тооцсон нь үндэслэлгүй. Надтай хамтарч ажиллаад, туслаад явсан бол аль хэзээ тооцоогоо бүрэн төлөх боломж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,964,199 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 10,968,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулж, зээлдэгч ******* ХХК нь 8,400,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээлийн гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 8,400,000 төгрөгийг зээлдэгч *******ы данс руу шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн үүргээс 5,516,003 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн данс хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон. Энэ талаар зохигч маргаангүй.

 

6. Анхан шатны шүүх ... хариуцагч нар 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байхад зээлийг төлүүлэх талаар ямар нэг шаардлага тавиагүй, гэрээний 4.2.8-д зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэн, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 5,920,172 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 5,048,026 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

 

7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

7.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.9-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл эрэн төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ... гэж заасантай нийцжээ.

Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 2020 оны 3, 4, 5 дугаар сар, 8, 9 дүгээр сард зээл төлөх үүргээ зөрчсөн, мөн оны 10 дугаар сараас хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон ба талуудын гэрээ хэзээ цуцлагдсан эсэхээс үл хамаарч, хариуцагч нар зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь үндсэн зээл 5,301,181 төгрөг, зээлийн хүүнд 4,719,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 943,836 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 10,968,199 төгрөг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Хариуцагч нар уг баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

9. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ... автомашин зам тээврийн осолд орж барьцааны зүйл ихээр гэмтсэн, энэ талаар мэдэгдэхэд барьцааны зүйлийг хурааж аваагүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

9.1. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ нэртэй гэрээгээр *******ы өмчлөлийн Хонда Фит /Honda Fit/ маркийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн, ******* улсын дугаартай автомашиныг барьцаалж, автомашины эзэмшлийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна. /хх8-11/

9.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, иргэн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Зайсангийн гүүрний замд Приус маркийн 0252 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа барьцааны зүйл болох Хонда Фит /Honda Fit/ маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж, хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. /хх57-63, 75-82, 101/

9.3. Хэргийн 97 дахь талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын хэлцэл нэртэй бичгийн баримтад ... ******* /А тал/, ******* /Б тал/ нар харилцан тохиролцож тус гэрээг байгуулав. ... ******* нь ... ******* ХХК-ийн өмч, иргэн *******ы эзэмшлийн ******* улсын дугаартай Хондо Фит маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан, ******* нь хохирлыг бүрэн барагдуулсаны дараа автомашиныг түүний эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон, ...Б талд учруулсан нийт хохирол 3,737,000 төгрөгийг *******ы дансанд шилжүүлж өгөх ба энэхүү гэрээ байгуулах үед 3,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлэв. Үлдэгдэл 737,000 төгрөгийг 2020.01.20-ны өдөр шилжүүлэхээр тохиролцов. Нийт хохирлын үлдэгдэл 7,717,000 төгрөгийг зээлийн гэрээнд тусгасны дагуу төлж барагдуулахаар тохиролцов. ... Энэхүү гэрээ нь БД22 зээлийн гэрээний салшгүй хэсэг болно гэсэн,

хэргийн 99 дэх талд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 тоот бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ нэртэй баримт авагдсан, уг баримтад зээлдүүлэгч *******, зээлдэгч *******д 18 сарын хугацаатай 7,717,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч зээлийг эргэн төлөх гэсэн агуулга тус тус тусгагджээ.

9.4. Хариуцагч нар нь өр шилжиж буй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын зээлийн гэрээний үүрэг иргэн *******д шилжсэн гэж үзэх боломжгүй байна.

9.5. Нэхэмжлэгч тал автомашин гэмтсэн, барьцааны зүйлийг хурааж, буцааж авах боломжгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр буцаан төлөхийг шаардсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай харшлахгүй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 10,968,199 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02819 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 10,968,199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 109,673 гэснийг 190,440 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД