Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00798

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00798

 

 

Ө.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00217 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө.

Хариуцагч: Ө.Х, Ө.С

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг Ө.оос гаргуулах тухай хариуцагч Ө.Хгийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч Ө.С, Ө.Х, хариуцагч Ө.Хгийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ө. нь 2007 оноос 15 жилийн хугацаанд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоотод байрлах, 269 м.кв талбай бүхий газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбайтай хувийн сууцанд амьдарч байсан. 2005-2006 оны 07 дугаар сар хүртэл БНСУ-д ажилласан. Ийнхүү ажиллахдаа ээж Ө.Х руу мөнгө гуйвуулсэн. Уг мөнгөөр ээж Ө.Х нь дээрх 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьсан.

Иймд Ө.ыг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ө.Хгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ө.Х нь 2003 оноос Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, н 00 дугаар гудамж, 000 тоотод байрлах газарт нөхөр Ц., хүү Ө.Мгын хамт амьдарч байсан. 2004 онд уг газар дээр 82,5 м.кв талбайтай байшинг барьж эхэлж, 2007 онд дуусган байшиндаа орсон.

2.2 О. нь 2005-2006 оны 07 дугаар сарын хооронд БНСУ-д ажилласан ба нийт 3,000,000 орчим төгрөг явуулсан. Энэ мөнгөнөөс 82,5 м.кв байшинг барихад нэг ч төгрөг аваагүй, нөхөр бид хоёр ажил хийж олсон мөнгөөрөө барьсан.

2.3 Уг газар нь Ц.ийнх байсан бөгөөд 2008 онд би хүү Ө.Мгын хамт өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Ө. нь 2016 онд хашаа, байшинг Даян Аривжих ХЗХ-ны барьцаанд тавьж зээл авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Ө.Мгын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Ө.С нь ээж Ө.Хгийн хамт хойд аав Ц.ийн хамт 2007 онд уг байшинг барьсан. Эгч Ө. БНСУ-аас мөнгө гуйвуулсан гэж байгаа ч тухайн мөнгийг өөрийг нь Монголд ирэхээр өөрт нь зарцуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Ө.Хгийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Ө. нь 2015 оны сүүлээр маргааны зүйл болж буй хувийн орон сууцыг ХЗХ-д барьцаанд тавьсан. Иймд Ө.оос уг хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Газар болон хувийн сууцны гэрчилгээ Ө.од байгаа. Буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 108 дугаар зүйлийн 108.1-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Х, Ө.С нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ө.ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.оос Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 269 м.кв талбай бүхий газрын болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан хариуцагч Ө.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,900 төгрөгийг болон хариуцагч Ө.Хгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.оос 257,950 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Хд олгож шийдвэрлэсэн.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Шүүх гэрч Ц.ийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Гэрч Ц. хувийн сууцыг хэдэн төгрөг цуглуулж, хэрхэн барьсан талаар тодорхой мэдүүлээгүй.

7.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 орчим төгрөг шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагч уг мөнгөөр байр хөлсөлсөн, нэхэмжлэгчид өөрт нь зарцуулсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагч тал дээрх хувийн сууцыг хэний хөрөнгө оруулалтаар барьж босгосон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

7.3 Нэхэмжлэгч 2007 оноос хойш дээрх газар болон хувийн сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтдаа 10 ба түүнээс дээш байлгасан тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй. Шүүхээс Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болоогүй, нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ө.Хгийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасныг хангаж, тодорхой нэр бүхий байгууллагаас Ө. Солонгос улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа 6 сарын турш мөнгө шилжүүлсэн гэх байдлаар тайлбарласан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бий болоход Ө.ын зүгээс хэдэн төгрөгийг зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт нь хэргийн үйл баримтыг нотолж чадаагүй. Уг нөхцөл байдлын дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

9. Хариуцагч Ө.Мгын давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч Ө.Х, Ө.С нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 269 м.кв талбайтай газар, уг газарт байрлах 82,5 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.1 Хариуцагч Ө.Х нь нэхэмжлэгчид холбогдуулан дээрх газар болон хувийн сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 269 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ө.Хд үнэгүй өмчлүүлсэн. /1хх 130/

4. Улмаар хариуцагч Ө.Х, Ө.С нарыг улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000000000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, н 00 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах дээрх газрын өмчлөгчөөр 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон. /1хх 148/

4.1 Түүнчлэн, мөн өдөр дээрх хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204023673 дугаарт бүртгэлтэй, 82,5 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр Ө.Х, Ө.С нарыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон. /1хх 133/

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

5.1 Нэхэмжлэгч нь дээрх хувийн орон сууцыг барихад өөрийн мөнгө орсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хувийн орон сууцыг бий болоход өөрийн хөрөнгө орсон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн хувийн сууцыг бий болоход нэхэмжлэгчийн хөрөнгө холилдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...хариуцагч дээрх хувийн сууцыг хэний хөрөнгө оруулалтаар барьж босгосон талаарх баримт гаргаагүй, ...гэрчийн мэдүүлэг тодорхойгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2 Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн газрын өмчлөх эрхийг анх хариуцагч Ө.Х олж авсан. Нэхэмжлэгч нь тухайн газарт 2007 оноос эхлэн 15 жил амьдарч буй нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундын өмч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй гэх гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх тухайн газар болон хувийн сууцыг нэхэмжлэгч нь хариуцагч нарын хамт дундаа хамтран өмчлөхөөр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн үүнд дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН