Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00594

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр Дуга 210/МА2024/00594

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Х т холбогдох,

 

13,148,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь барилгын засал чимэглэл, хүнд машин механизм худалдаа, түрээс, барилгын материалын худалдааны чиглэлээр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

2021 онд ххх хороонд байрлах ххх ын барилга угсралтын ажилд 17.8*17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад шилэн нүүр, хаалга, цонх, сангийн ажил, дулааны шугам татах, салхивч, дээвэр, хаяавч, фасадны ажил, цахилгааны ажил, холбоо дохиолол, дүүжин тааз, 1,2 давхрын шалны плита наах, 00-ын өрөөний ханын плита наах, шатны чулуу наах, шатны хаалга наах, засал гэх зэрэг ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

1.2. Гэрээнд заасан ажлыг туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр болж, иргэн Г.Х той Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг Г.Х т шилжүүлэн өгч, гэрээний хавсралтаар хийгдэх ажлыг тус бүрчлэн нэрлэн зааж, тохиролцсон.

1.3. Гүйцэтгэгч Г.Х ажлыг 2022 оны 1 сард дуусган, хүлээлгэж өгсөн. Гэтэл 2023 оны 1 сард гүйцэтгэгч нарын хийсэн ажлын нэг болох сангийн ажил чанаргүй хийснээс сангийн шугам хоолой нь задарч, ус алдаж, ойр хавийн хана, тааз зэрэг дотор заслын ажлуудыг дахиж хийхээр болсон.

Иймд манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаж, ажил гүйцэтгэх гэрээнээс өөрт учирсан хохирлоо шаардаж байна.

1.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч М " ХХК хариуцагч Г.Х т холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 8,648,900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. Иймд нийт 13,148,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай компанитай гэрээ байгуулсан хүн нь Г.Х байх тул зөвхөн түүнд холбогдуулан уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Хан-уул дүүргийн 4-р хороонд байрлах ххх хотхон 17.8*17 м.кв хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын гүйцэтгэх ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 буюу 60 хоногийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр гэрээ хийж, Х.Б болон түүний дүү Х.М-тай хамтран ажилласан.

Г.Х миний бие уг гүйцэтгэх ажлаас ямар ч ашиггүй, 30,000,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс, ажилчдын хоол унааны зардал бас бус зүйлсээр хохирсон.

2.2. Уг гүйцэтгэлийн сангийн угсралтын ажлыг Х.Б , Х.М , П.Ч нар бараа материалтай нь гүйцэтгэсэн тул тус хохирлыг Г.Х миний бие хариуцахгүй.

Учир нь сангаас үүдэлтэй хохирол учраас дээрх сангийн угсралтын ажлыг хийсэн хүмүүсээс нэхэмжилнэ үү.

Иймд М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг 8,648,900 төгрөг болгон нэмэгдүүлснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Х т холбогдох нийт 13,148,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 240,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүгч нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг ... зааснаар хариуцагчийн тайлбар нь нотлох баримт болно.

Хариуцагч Г.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралд, өөрийн хийсэн ажил гүйцэтгэх гэрээний доголдлоос болж хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг./1 сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээс/. Тус ажлыг хариуцаж гардаж хийсэн болохоо илэрхийлсэн. Хариуцагч тухайн ажлыг өөрөө хийсэн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс хариуцагч тус ажлыг гардаж хийгээгүй, гэрээний нэг тал биш мэт тодорхойлох үндэслэлгүй юм.

4.2. Шүүх, шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5-рт ... гүйцэтгэсэн ажлын жагсаалтаас үзэхэд хариуцагч нь сантехникийн ажил гүйцэтгээгүй байна. Тодруулбал, ус зайлуулах босоо шугам гэдэг нь барилгын ашиглалттай холбоотой сантехникийн шугам биш бөгөөд дээврийн ус зайлуулах шугам юм.

Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарч, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, доголдол гарсны улмаас хохирол учирсан гэх сантехникийн угсралтын ажлыг хариуцагч гүйцэтгээгүй байна. гэх үндэслэлгүй тайлбар хийсэн.

Г.Х ын гүйцэтгэгээгүй ажил гэж шүүхээс шууд урьдчилан тогтоох боломжгүй ба хариуцагч нь тухайн ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, гэрээ байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч тал хэрэгт ажил гүйцэтгэх гэрээг эх хувиар өгч, хийх ажлыг жагсаалтыг өгсөөр байтал шүүх гэрээнд огт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Мөн хариуцагч нь төлбөр авсан, үүний дагуу ажлаа хийсэн талаар огт маргаагүй.

4.3. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгээс учирсан хохирлыг шаардсан буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний нэг тал буюу ажил гүйцэтгэгч Г.Х оос гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал Г.Х мөн эсэхэд дүгнэлт хийж, субьектив байдлаар хэрэгт хандаж, ажил гүйцэтгэгч нь хариуцагч Г.Х биш гэж тогтоосон.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу М ХХК захиалагч тал Г.Х ажил гүйцэтгэгч тал байсан. Ажил гүйцэтгэх гэрээнээс нэгэнт энэ үйл баримт илэрхий харагдаж, хариуцагч өөрийгөө ажил гүйцэтгэгч мөн болохоо хариу тайлбараараа илэрхийлсэн байхад шүүх хариуцагчийг, ажил гүйцэтгэгч биш гэж дүгнэсэн.

4.4. Мөн шүүх доголдол арилгахад зарцуулсан хөрөнгө нь нэхэмжлэгч төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Ч ХХК нар нь нэг үүсгэн байгуулагчтай учир Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй хэмээн тайлбарлан шийдвэр гаргасан.

Гэвч Улсын дээд шүүхийн Компанийн тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 9.2-т заасан компани нь хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн компаниас гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй гэж ойлгоно.

Мөн зүйлийн 9.3-т заасан эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу ззэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлнэ. хэмээн тайлбарласан зөрүүтэй байна.

4.5. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах үеэс л хариуцагч Г.Х т төлбөрийг шилжүүлэхдээ Ч ХХК-ийн данснаас, эсхүл ажилтнаас гэрээний төлбөрийг шилжүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл нэг хувьцаа эзэмшигчтэй, нэг хүний өөрийн өмчлөлийн компаниуд. Эдгээр компанийн аль нэгэнд нь хохирол учирсан ч нэг л хувьцаа эзэмшигчид хохирол учирч байгаа хэлбэр. Эцсийн үр дүнд хохирол учирсан этгээдүүд нь нэг этгээд юм.

Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Х т холбогдуулан 13,148,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/02245 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байх тул анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх боломжтой тул 533 төгрөг дутуу төлсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас П.Ч ийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/02245 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ./хх174-175/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,282 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР