| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0528/Э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 585
2019 04 12 2019/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Ариунаа,
Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хорчид овогт А.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09570 0646 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.У,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.У нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел-Уул 4-130 тоотын гадна иргэн Г.Бямбацогттой маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08570 0646 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч А.У нь хохирогч Г.Бямбацогтын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед БЗД-ийн 5 дугаар хороо, Монел-Уул 4-130 тоотод газар дээрээ бие засаад байж байхад манай урд талын айлаас нэг залуу гарч ирээд “наанаа яагаад шээгээд байгаа юм бэ” гэхээр нь би “өөрийнхөө газар дээр шээж байна чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд “чи пизда хэн юм гээд хэрэлдэж зогсож байгаад хамар руу мөргөхөөр нь барьцалдаад байж байтал намайг хавсарч унагаагаад хөл дээр дэвссэн. Тэгээд босоод ирэхэд заамдаж байгаад цээж рүү өвдгөөрөө өшиглөсөн. Тэр үед уг хүний аав нь гэх хүн гарч ирээд “чи хэн юм, чи яагаад манай хүүтэй зодолдоод байгаа юм бэ” гэхээр нь би таньтай юм ярихгүй гээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14161 дугаартай
Г.Бямбацогтын биед зүүн талд 4, 5, 6 дугаар хавирганы цууралт, цээж, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,
Шүүгдэгч А.Уын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цаг 53 минутын үед би ажлаа тарж ирээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел-Уул 4-81 тоот гэрийнхээ гадна утсаар яриад байж байтал манай зүүн хойд айлын нэг залуу гэрээсээ гарч ирээд шээж байсан. Тэгэхээр нь би хөгшөөн чи болиоч ээ наагуур чинь хүүхэд тоглож, хүн явдаг газар шүү дээ, чи баруун тийшээ яваад хүн явдаггүй газраар бие засч болдоггүй юм уу гэхэд чамд хамаагүй энэ миний газар, өөрийнхөө газар дээр юу хийх нь чамд хамаагүй чи яах гээд байгаа юм гэхээр нь чи өмнө нь бас хог үнсээ асгаж байсан биздээ би чамд удаа дараа хэлж байгаа гэхэд тэгээд чи яах гээд байгаа юм гээд байхаар нь уур хүрээд нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд босч ирэхэд нь нэг удаа алгадаж, цээж рүү нь нэг удаа өвдөглөж, гараараа цээж рүү нэг удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 5-6/,
-“med trauma” эмнэлгийн цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 29/,
-гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографид үзүүлсэн баримт /хх-ийн 30/,
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч А.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 24/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Уын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан хохиролын талаарх нотлох баримтыг шинжлэн судлаад сити газ энержи ХХК-с газ худалдан авсан 42.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож, Мед травма эмнэлгийн үзлэгт төлсөн 150.000 төгрөг, ШШҮХүрээлэнгийн үзлэгт төлсөн 8.000 төгрөг, нийт 158.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Бямбацогт нь уг гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч А.У нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уаас 158.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бямбацогтод олгож, 42.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ .