Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00842

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00842

 

 

Л.ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00836 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.н

Хариуцагч: Д.

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 200,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Л.н нь Д.тай харилцан тохиролцож түүний өмчлөлийн Ү- 0000 дугаартай, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, , д гудамж, 000 тоот хаягт байрлах, амины орон сууцыг худалдан авахаар 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр талууд дээрх амины орон сууцыг 450,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Л.н нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Д.ад 100,000,000 төгрөгийг бэлэн бусаар, бэлнээр 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

1.2 Улмаар Д. нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, амины орон сууцаа буцаан авсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Л.ныг гэрээний төлбөрт нийт 200,000,000 төгрөгийг Д.ад төлсөн талаар дүгнэсэн.

Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 200,000,000 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Л.н нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн. Харин бэлнээр 100,000,000 төгрөг төлөөгүй.

2.2 Нэхэмжлэгч нь миний өмчлөлийн тухайн байранд 3 жилийн хугацаанд төлбөр, мөнгө төлөхгүй амьдарсан. Гэрээнд тухайн урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхгүй талаар заасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.аас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01835 дугаар магадлалаар Л.н, Д. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1846 дугаартай Худалдах худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Нэмэлт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд Л.наас 300,000,000 төгрөгийг гаргуулж, Д.ад олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д. нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн зарсан үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23-11/873 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор дуусгавар болгосон.

4.2 Л.н нь гэрээний дагуу урьдчилгаа 100,000,000 төгрөгийг Д.ын Хаан банк дахь дансанд шилжүүлж, үлдэх 350,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад үүнийг анхан шатны шүүхэд дахин нотлох шаардлагагүй.

4.3 Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт Худалдан авагч тал гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй болно. Уг үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулагдана гэж талууд харилцан тохиролцсон. Д. нь Л.нтай байгуулсан гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө 2023 оны 9 дүгээр сард буцаан авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ тохиолдолд Д. нь гэрээний урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өөртөө үлдээх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Л.н нь Д.ад 100,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Л.н нь Д.ад 200,000,000 төгрөгийг төлсөн гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд техникийн шинжтэй алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг төлснийг 200,000,000 төгрөг төлсөн гэж алдаатай дүгнэсэн. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй магадлалыг тайлбарласан албан бичгээр уг алдааг залруулсан.

5.2 Гэрээнээс аль нэг тал татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн, авснаа харилцан буцаах үр дагавар үүснэ. Нөгөөтэйгүүр, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд татгалзалтай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа төлөх үүрэг хүлээнэ. Л.н нь худалдах-худалдан авах гэрээтэй холбоотойгоор төлбөр төлөх үүргээ удаа дараа гүйцэтгээгүй. Хариуцагч нь орон сууцыг худалдсан хугацаанд Л.нд боломж олгож нэмэлт гэрээ байгуулаад, дахиад хуваарийн дагуу төлбөр төлөх хуваарийг гаргасан. 2020 оны 9 дүгээр сард орон сууцаа худалдсанаас хойш өнөөдрийг хүртэл Д. нь өөрөө эд хөрөнгийн болоод цаг хугацааны хувьд хохирч 3-4 жил шүүхийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явсан.

5.3 Орон сууцаа хүлээж авахад бүтэн 3-4 жил хүн суусан тул дахин засвар хийх шаардлага үүссэн. Хэрэв уг орон сууцыг бусдад жишиг үнээр түрээсэлсэн бол зах зээлийн ханшаар 100,000,000 гаруй төгрөг олох байсан нь тогтоогдсон. Мөн гэрээний 6.6-д худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч талаас гэрээгээ цуцалбал 100,000,000 төгрөг буюу урьдчилгаа төлбөрийг буцаахгүй гэж талууд харилцан тохиролцсон. Уг төлбөр юунд суутгагдах тухай гэрээнд тодорхой заасан. Үүнд амьдарсан цаг хугацааны төлбөр буюу тодорхой хэмжээний засварт тухайн мөнгө суутгагдана гэж тохиролцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Л.н нь хариуцагч Д.ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 200,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Талууд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1846 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Д. нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, , Д гудамж, 000 тоот хаягт байрлах, 167.5 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 450,000,000 төгрөгөөр Л.нд худалдахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчид бэлэн бусаар шилжүүлсэн, харин төлбөрийн үлдэх хэсэг 120,000,000 төгрөгийг бартерд орон сууц оролцуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 60,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 170,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр гэрээнд заасан. /хх 3-4/ Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нэмэлт гэрээ-гээр дээрх гэрээний төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. /хх 5/

3.2 Л.наас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөгийг Д.ад бэлэн бусаар шилжүүлсэн. /хх 7/

3.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэрээр Л.наас дээрх гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулан Д.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. /хх 35-37/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01835 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 38-40/

3.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд дээрх гэрээнээс татгалзаж, Д. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Л.наас буцаан авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. /хх 34/

4. Нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн эсэх, гэрээнээс татгалзсантай холбоотой уг урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1 Шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээс үлдэх төлбөрт нэхэмжлэгчээс 300,000,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсноос талууд гэрээнээс татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар зохигч маргаагүй.

Талууд гэрээний үүргээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Өөрөөр хэлбэл, талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон мөнгийг харилцан буцаан өгөхөөр тохиролцсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

4.2 Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгчийг дээрх гэрээний үүрэгт хариуцагчид 100,000,000 төгрөг төлсөн талаар дүгнэсэн. Харин үлдэх 100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх үйл баримтыг тогтоосон талаар дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, уг үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэгт нийт 200,000,000 төгрөг бус, 100,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт худалдан авагч тал гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй болно. Уг үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээнд зарцуулна гэж, Нэмэлт гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан худалдагч тал гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан олгохгүй болно. Энэхүү төлбөр нь үл хөдлөх эд хөрөнгийн засвар, амьдран суусан хугацаанд зарцуулагдана гэж тус тус заажээ.

6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагчид учирсан хохирол буюу олох байсан орлого гэж дүгнэсэн нь гэрээ болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2020-2023 оны хооронд эзэмшиж, ашигласан боловч гэрээний үлдэх төлбөрийг төлөх үүргээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Уг хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийн олох байсан орлогыг нотолсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаартай дүгнэлтийг /хх 41-58/ нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас 100,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өөртөө үлдээх үндэслэлгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН