Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Адъяатогтох |
Хэргийн индекс | 204/2016/0026/и |
Дугаар | 26 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 26
Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Батбаатарт холбогдох
“3.205.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Адъяатогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Х.Батжаргал нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл .тайлбартаа : Би 2015оны 4 сараас ТЭСО компани зайрмагийг зээлээр авч зарахаар болж хөргүүрийн контенер авч Г.Батбаатар зайрмагийг хүлээн авч борлуулалт тооцоог хийж, ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцон түлхүүрийг хариуцан авсан. Гэтэл Г.Батбаатар зайрмагаа шамдан борлуулахгүй 7 хоногоор алга болж, түлхүүргүйгээс хянах боломжгүй байж 5660000 төгрөгний зайрмаг гэссэн. Үүнийг эхнэртэйгээ хамт үзэж тоолж тооцоо хийсэн, хоёулаа хуваагаад төлөе гэж удаа дараа хэлээд, эвлэрч тохиролцохгүй байсаар байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэссэн зайрмаг яригдахаас өмнө бэлэн мөнгөнөөс 7375000 төгрөг дутаасан байсан. Г.Батбаатар 7 сая төгрөгөөр машин зээлээр авсан байсан. Явцын дунд дутсан мөнгийг ингэж үрсэн нь мэдэгдээд дутаасан мөнгөө төл гэж шаардаад өгөхгүй байхад нь цагдаад хандаж 7 сая төгрөгөө авсан. 375000 төгрөг нь үүнээс дутаасан мөнгө байгаа. Гэссэн зайрмагаа 50 хувиар төлье гээд 50 хувийг Г.Батбаатараас нэхэмжилсэн. Өөр өчнөөн урсгал зардал гарсан. Компаниас төлбөр нэхэгдээд дэлгүүрийн бараагаа хүртэл би хүнд түрээслүүлээд тэр мөнгийг нь төлсөн. Батбаатар 7 сая төгрөг би ганцаараа төлсөн гээд байдаг. Тэр бол өөрийнх нь дутаасан төлөх шаардлагатай мөнгө байсан. Гэссэн зайрмагаа Г.Батбаатараас 100% төлүүлэхээр шаардаагүй , 50%-г авах шаардлагатай байна 3205000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна .Зайрмаг яагаад дутсан гэмтсэн талаар 2 тал үзэж харж тооцсон ,хохирлоо хамтарч хариуцах ёстой. Нэхэмжлэл гаргах үндэслэл Батбаатарын үүргээ биелүүлээгүй холбоотой. Г.Батбаатар зайрмагны дутагдуулсан мөнгөө төлсөнөө, зайрмаг гэссэний хохирол төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ .
Хариуцагч Г.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Н.Чойгийваанчиг нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаад гомдол гаргаж надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. Ингэж шалгуулах явцдаа би 3000000 төгрөг бэлнээр дараа нь дансаар Тэсо ХХК-нд 2016 оны 01 дүгээр сарын 12-нд Цэцэгмаа нэрээр би 4000000 төгрөг тушаасан. Иймд гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Чойгийваанчиг нь Тэсо ХХК-иас нийт хэдэн төгрөгний, хэдэн ширхэг зайрмаг авч надад хүлээлгэн өгсөн баримт огт байхгүй. Найз нөхөд байсан гэдгээ бодоод би 7000000 төгрөг ямар ч баримтгүйгээр өгсөн. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй . Үүнд . 2015 оны 08 дугаар сарын 21, 2015 оны 08 дугаар сарын 14, 2015 оны 5 дугаар сарын 20, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримтууд нь дотроо маш их засвартай, ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, хүлээж авсан хүлээлгэн өгсөн зарим нэг хүний гарын үсэг байхгүй баримтууд байдаг юм.. Г.Батбаатар, Д.Цэцэгмаа нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Бичгээр хийсэн гэрээ байхгүй тохиолдолд гэрээний бусад харилцаа нь бичгийн бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Бичгийн бусад нотлох баримтаар нотлогдоно гэхээр "Тесо" ХХК-иас ирсэн гэх баримтууд нь тамга тэмдэг, он cap байхгүй, нэр хаяг нь засвартай байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна . Хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн зайрмаг Г.Батбаатарын буруутай үйлдлээс болоод чанарын шаардлага хангахгүй боллоо гэсэн акт үйлдсэн баримт байхгүй. Эрүүгийн хэрэг үүсээд аргагүй эрхэнд миний буруугаас боллоо гээд Г.Батбаатар 7 сая төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 3205000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Г.Батбаатар нэгэнт 7 сая төгрөг төлчихсөн байгаа. Тийм учраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 530 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоолд тодорхой заагаад өгсөн байгаа болохоор нэхэмжилж байгаа 3205000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 478 дугаар зүйлйин 478.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Батбаатараас 2.830.000 /хоёр сая найман зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 60.230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66.214 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл бусад баримтаар 5.660.000 төгрөгний зайрмаг гэсч алдагдал гарсан байна гэж үзэж болохоор байна гэж хийсвэрээр дүгнэлт хийсэн. Үнэхээр 5.660.000 төгрөгний зайрмаг гэссэн бол хэдэн ширхэг, хэдэн төгрөгний зайрмаг гэссэн, ямар ямар нэр төрлийн зайрмаг байсныг нэг бүрчлэн үзэж дүгнэлтээ гаргах ёстой.
Нэхэмжлэгч зайрмагны үнээс хэдэн төгрөг дутсан, хэн түүнийг хариуцах талаар баримт шүүхэд өгөөгүй, нотлох баримт гээд гаргаж өгсөн тооцоо нийлсэн гэх баримт болох гар бичмэлд талуудын хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зэрэг байхгүй. Нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иймд хэргийг тал бүрээс нь бодитой хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:
Анх үзлэг хийхэд өөрсдийг нь байлцуулая гэж хэлэхэд өөрсдөө ирээгүй. Батбаатарын 100 хувийн буруугаас гэсгээсэн зайрмагийг 100 хувь төл гэж нэхээгүй. Би өөрөө хариуцлага давхар үүрч 50 хувийг нь төлөе, чи 50 хувийг нь төлчих гэж байхад ямар ч хүн байсан ойлгохоор баримт нотолгоо байгаа. Гаргасан тооцоо баримтыг өөрөө бүгдийг нь мэдэж байгаа. Эхнэр нь хамт байлцаж тооцоо гаргаад 1 хувь бичиж аваад за гээд зөвшөөрөөд явсан. Яагаад ингэж худлаа мэдүүлэг өгч дайраад байгааг асууж нүүрэлдэе. Дутагдал хэдэн төгрөг гарсан талаар хамт тооцоогоо гаргасан, тодорхой байгаа өөрсдөө миний буруугаас ингээд гэсчихлээ гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас 50 хувь болох төлөх ёстой мөнгийг нь гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна .
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч Г.Батбаатараас зайрмагийн борлуултаас дутаасан 375000 төгрөг, гэссэн зайрмагны үнийн 50% буюу 2830000 төгрөг нийт 3.205.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.
Зохигчид ТЭССО ХХК-наас зайрмаг зээлээр авч, ашиг олох зорилгоор борлуулж харилцан үүрэг хүлээж хамтын үйл ажиллагаа эрхэлж байсанг анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлийг талууд хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж, гэссэн зайрмагны үнийн тал хувыг хариуцагчаас гаргуулахаар мөн нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч түлхүүр авч олон хоног явсанаас зайрмагны чанар байдалд хяналт тавих боломжгүй байдалд хүргэсэн буруутай гэсэн /зайрмаг гэссэнийг мэдээгүй/ тайлбар, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэссэн гэх зайрмагны үлдэгдэл байдалд хийсэн үзлэг зэргийг няцаах баримтыг хариуцагчаас ирүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үзлэгийн товийг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй талаар тэмдэглэлд тусгагдсан байна .
Хариуцагч Г.Батбаатарын болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурьдагдсан зайрмагны үнэ 7 сая төгрөгний төлөлт хийсэн гэх нь энэ нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамааралгүй байна.
Хариуцагч Г.Батбаатар хөдөлгүүр эвдэрч зайрмаг гэссэнээс 5 сая гаруй төгрөгийн хохирол гарсан талаар тайлбар гаргасан нь /эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд /хх37/ тухайн үед гэссэн гэх зайрмагны тооцоог хийж байжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 5660000 төгрөгний зайрмаг гэсч алдагдал гарсан гэж хийсвэр дүгнэж, нэг талыг барьж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар бичсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурьдаж байна .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн храамжинд төлсөн 60350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.АДЪЯАТОГТОХ