| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0526/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 584
2019 04 12 2019/ШЦТ/584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан хуйлар овогт Б.Эд холбогдох эрүүгийн 1906 00966 0682 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Э.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” интернет тоглоомын газар иргэн А.Сугарын эзэмшлийн ЛЖ Ж-6 загварын гар утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 893.800 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Сугарын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 01 дугаар сарын 30-ний өдөр багийн найз Б.Этай Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лоф” нэртэй компьютер тоглоомын газарт уулзсан. Бид хоёр уг тоглоомын газрын 17, 18 дугаартай сандал дээр зэрэгцэж суугаад тоглосон. Би 18 цаг 30 минутын орчимд Б.Э бид 2 тамхины өрөө рүү орж тамхи татсан ба тэгэхэд би өөрийн эзэмшлийн ЛЖ-ж6 загварын гар утсаа гаргаж ирээд дуудлага, мессеж ирсэн талаар үзэж шалгаад би гар утсаа өмдний баруун талын халаасанд хийсэн. Тэгээд эргэж ороод сандал дээр суухдаа куртикныхээ зүүн талын дотор энгэрийн халаасанд хийгээд суусан. Тэгээд үргэлжлүүлэн тоглосон ба 19 цаг 10 минутын орчимд Б.Э гарлаа гээд миний хажуугаас босоод гарсан. Надаас тамхи асуухаар нь би тамхи өгсөн. Б.Э гадагш гараад явсан ба 3-4 минутын дараа куртикны халаасанд байсан гар утсаа үзэхэд байгаагүй. Тэгээд би гараад дэлгүүр орж өөрийн 98474722 гэсэн дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь буцаж орж ирээд тухайн тоглоомын газрын хяналтын камерийг шүүж үзэхэд 19 цаг 08 минутанд Б.Э нь миний хажууд сууж байгаад гараа дороос дээш явуулаад малгай өмссөн ингэхдээ малгайны дотор талд утас хийж байгаа бололтой байсан. Малгай өмссөний дараа малгайны оройд гар утасны хэлбэр гарсан байсан. Б.Э нь 30-40 минутын дараа эргэж өөрөө ирсэн ба миний утсыг аваагүй гээд байсан.
Тухайн өдрийн орой Б.Э өөрөө миний утсыг авч ирж өгсөн. Имей кодыг нь тулгахад мөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №Б32-19-248 дугаартай:
LG G6 маркийн гар утас 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 893.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,
Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 01 дугаар сарын 30-ний өдөр найз Сугарын хамтаар Лофт нэртэй PC тоглоомын газар тоглосон. Тэгээд 17 цагийн орчимд байх тэгж санаж байна миний цаг дууссан харин Сугарын цаг дуусаагүй би цагаа дуусгаад PC тоглоомын газраас гарсан. Гарахдаа би Сугарын куртканы зүүн талын энгэрийн халааснаас нь ЛЖ-ж6 маркийн гар утсыг нь Сугарт хэлэлгүй авч гараад PC тоглоомын газрын нойлын цонхны тавцан дээр нуугаад 11 дүгээр хороолол орчоод буцаад PC тоглоомын газар ирэхэд Сугар утас алга болсон байна гээд бид 2 цагдаагийн газар руу хамт явсан. Надад мөнгө хэрэгтэй байсан юм. Тэгээд би Сугарын гар утсыг халааснаас нь хулгайлж авсан. Харин гар утсыг ашиглаагүй буцаагаад Сугарт утсыг нь өгсөн. Өгөхдөө уучлалт гуйгаад өгсөн. Цагаан сарын баяр тэмдэглэх гээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Тэр мөнгийг эргүүлж өгөх гэхэд мөнгө олдохгүй байхаар нь би утас хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
Хавтаст хэргээс Б.Эгийн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойолт, хохирогч А.Сугарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 24, 25, 30, 39 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” интернет тоглоомын газар иргэн А.Сугарын эзэмшлийн ЛЖ Ж-6 загварын гар утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүгдэгч нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон Б.Эг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Эг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Эд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ