Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00596

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр Дуга 210/МА2024/00596

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч ХХК-д холбогдох,

 

хххх байрлах 2127 м.кв талбайтай улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь Ч тай харилцан тохиролцсоны дагуу 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 450,000 ам.долларыг 18 сарын хугацаатай, жилийн 14.4% хүүтэй, мөн өдрийн Зээлийн гэрээний дагуу 1,000,000 ам.долларыг 42 сарын хугацаатай, жилийн 12% хүүтэй зээлдүүлэхээр болсон.

1.2. Дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлтийг хангах баталгаа болгон 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр Улаанбаатар хот, хххх хашаанд байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай, ҮХЭХБ-ийн гэрчилгээний хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай барилгыг эрх шилжүүлэн авагч буюу Ч ны нэр дээр шилжүүлэх, Эрх шилжүүлэгч буюу Х ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд өмчлөх эрхийг Х ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх харилцан үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон.

1.3. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Улаанбаатар хот, хххх д байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай, ҮХЭХБ-ийн гэрчилгээний хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай барилгыг Ч ны нэр дээр шилжүүлж, тус банкинд хххх дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.

1.4. Манай компани 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ч тай үнэ тогтворжуулах төслийн хүрээнд дахин хххх тоот Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу олгогдсон 5,400,000,000 төгрөгийн санхүүжилтээс өмнөх зээлийн гэрээнүүдийн дагуу хуримтлагдсан 3,400,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан.

Талуудын хооронд байгуулсан 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-ний 2-т Эрх шилжүүлэгч нь Зээлийн болон барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлсэн тохиолдолд Эрх шилжүүлэн авагч нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу Эрх шилжүүлэн нэр дээр ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ гэж заасан.

1.5. Гэтэл Ч нь Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-ээр хүлээсэн үндсэн үүргээ зөрчин 2004 онд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн төлбөр төлөгдөж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад Улаанбаатар хот, хххх д байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөлгүй, бидний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна.

Иймд, 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлж Улаанбаатар хот, хххх д байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Ч ХХК нь Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээ болон 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох хххх д байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Ч ны нэр дээр шилжүүлсэн.

2.2. Х ХХК нь 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 450,000 ам.доллар 18 сарын хугацаатай, жилд 14,4 хувийн хүүтэй, мөн өдрийн зээлийн гэрээ /цаашид зээлийн гэрээ-2 гэх/-ний дагуу 1,000,000 ам.долларыг 42 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй, зээл, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хххх тоот зээлийн гэрээ /цаашид зээлийн гэрээ-3 гэх/-ийн дагуу 400,000 ам.доллар 6 сарын хугацаатай 15,6 хувийн хүүтэй зээлийн гэрээнүүдийн үүргээ биелүүлээгүй тул Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,934,867,962.30 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

2.3. Дээрх төлбөрөөс Х ХХК нь 3,400,000,000 төгрөгийг төлж, Ч ХХК-аас 628,245,339.42 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, үлдэгдэл төлбөр болох 906,622,622.88 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцон эвлэрч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 204 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Иймд Х ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй Ч ХХК нь зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч ХХК-д холбогдох 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээний 2 дахь заалтад эрх шилжүүлэгч нь зээлийн гэрээний болон барьцааны гэрээнд хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлсэн тохиолдолд эрх шилжүүлэн хүлээн авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хууль ёсны эрх шилжүүлэгчийн нэр дээр ажлын 3 хоногийн дотор багтаан буцаан шилжүүлнэ гэх үүргээ 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэх зөрчсөн болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, хххх д байрлах 2127 м.кв талбайтай улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+70,200/ нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 204 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн бөгөөд 3,400,000,000 төгрөгийн төлөлтөөс 3 зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,039,414,667 төгрөг хасч, үлдэх 1,360,585,332.45 төгрөгийн төлбөрийг тухайн үед бодогдсон байсан зээлийн хүүний төлбөрөөс тэнцүү хуваан хассан тийм ч учраас 204 дугаар шүүгчийн захирамжид бүхэлд нь хасаж оруулсан байдаг(хэрэв аль нэг гэрээнд харилцан адилгүй байдлаар төлөлт хийх тохиолдолд түүнийг эвлэрсэн гэрээнд тухайлан оруулж өгөх байсан).

Өөрөөр хэлбэл тухайн үед 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний өр төлбөр бүрэн дууссан.

4.2. Харин 204 дугаар талуудын эвлэрлийг баталсан захирамжаар шүүх 3 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг тус бүрт нь дүгнэж тодорхойлоогүй, үйл баримтыг тогтоогоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу .... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтад нийцэхгүй гэж үзэж байна.

4.3. Мөн уг хэрэг хянан шийдвэрлэж байх явцад нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар 3 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаарх баримт болох зээлийн дансны хуулга гаргуулсан бөгөөд уг зээлийн дансны хуулгаар зээлийн өр төлбөр бүрэн төлөгдөж дууссан үлдэгдэлгүй харагддаг.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн зээлийн гэрээний үлдэгдэл хэд байгаа талаар тайлбарыг хэлж чаддаггүй, талууд эвлэрэх үед зээлийн хүүнээс тэнцүү хуваан хассаныг үгүйсгэдэггүй.

Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримт дээр үнэлэлт дүгнэлт өгөлгүй зээлийн өр төлбөр дуусаагүй байна гэж хийсвэр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар дээрх зээлийн өр төлбөрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаалсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа явагдаж байгаа.

4.5. Харин Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-ээр Ч нь түр хугацаанд буюу манай компанийн 2006 онд авсан зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах хүртэл хугацаагаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн гэрээний зорилгыг харвал гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд тухайн хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг үүргийг банк манай компанийн өмнө хүлээсэн.

Өөрөөр хэлбэл Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-г Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шинжтэй буюу банк Иргэний хуульд заасны дагуу Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах ёстой байтал зээлдэгчийн тухайн үед бий болсон зээл авах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг далимдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан.

4.6. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Хөгжлийн банк ХХК болон Ч " ХХК нарын хооронд байгуулсан №19-12/02, №19-12/03 дугаар бүхий Мөнгөн хөрөнгө байршуулах гэрээ-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №19-12/04 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, барьцаа хөрөнгийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан барьцаа хөрөнгүүдийн 17 дахь жагсаалтаар барьцаалсан байдаг.

4.7. Ч ХХК нь манай компанийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гэдгийг, тухайн хөрөнгийг манай компанийг үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд захиран зарцуулах эрхгүй, мөн 2014 онд талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамж гарах үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндэслэл бий болсон зэргийг мэдсээр атлаа холбогдох гэрээ болон хууль зөрчин өөрийн үйл ажиллагааны хүрээнд байгуулсан Мөнгөн хөрөнгө байршуулах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн гэрээнүүдэд огт хамааралгүй хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг бодит байдлыг нуун дарагдуулан, бидэнд мэдэгдэлгүйгээр барьцаалсан.

4.8. Гэвч шүүх дээрх үйл баримт дээр тодорхой дүгнэлт өгөөгүй төдийгүй Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригоор хийгдсэн гэрээ байна. Нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг л өгсөн нь шүүх шийдвэр гаргахдаа тухайн гэрээний зорилго, гэрээ хийгдэх үед талуудын хүсэл зориг ямар байсан, тухайн гэрээ нь хуульд заасан хэлбэрийг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хэргийн материалд цугласан нотлох баримтыг тал бүрээс нь авч үзээгүй, талуудын тайлбарыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00278 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Х ХХК нь эхлээд 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 450,000 ам.доллар болон 1,000,000,000 ам.долларын үүргийг бүрэн биелүүлсэн учир хөрөнгөө чөлөөлж авъя гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, маргаан бүхий хөрөнгө тухайн гэрээнд л хамааралтай гэж маргасан.

5.2. 2006 оны зээлийн гэрээний 9-т зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор өмнөх зээлийн болон барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаалсан мах боловсруулах үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн хххх дугаартай барилга болон хххх дугаар бүхий газар эзэмших эрхийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлнэ.

Хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн /2004 оны зээлийн гэрээ/ үүрэг амлалтаа биелүүлээгүй тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь газар эзэмших эрхийн хамт зээлдүүлэгчийн өмчлөлд хэвээр үлдэх ба хэрэв биелүүлсэн тохиолдолд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Үүнээс харахад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн 2006 оны зээлийн гэрээнд хамааралгүй гэдэг нь харагдана.

5.3. Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийсэн эрх шилжүүлэх гэрээний ерөнхий зүйлийн 1-т Ч ХХК болон Х ХХК-ийн хооронд 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлтийг хангах баталгаа болон байгуулсан барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрх шилүүлэн авагчийн нэр дээр шилжүүлэх, эрх шилжүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлсэн тохиолдолд өмчлөх эрхийг эрх шилжүүлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх харилцааг зохицуулахтай холбогдсон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино гэж, тохиролцооны 2 дахь хэсэгт эрх шилжүүлэгч нь зээлийн болон барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлсэн тохиолдолд эрх шилжүүлэн авагч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу эрх шилжүүлэгчийн нэр дээр ажлын 3 хоногийн дотор багтаан шилжүүлнэ гэж тус тус заасан.

Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид Х ХХК-ийн 3,400,000,000 төгрөг төлсөн, банкнаас тодорхой хөнгөлөлт болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлсөн талаар дурдсан. 906,000,000 төгрөгийн үлдэгдэл нь 2004 оны гэрээ, 2006 оны гэрээнүүдийн үлдэгдэл юм. Х ХХК-ийн зүгээс төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан хххх байрлах 2127 м.кв талбайтай улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмчлөх эрх буцаан шилжүүлэх болзолтой хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу хххх байрлах 2127 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хххх дугаартай үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг манай компанийг үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд захиран зарцуулах эрхгүй, мөн 2014 онд талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамж гарах үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндэслэл бий болсон зэргийг мэдсээр атлаа холбогдох гэрээ болон хууль зөрчин өөрийн үйл ажиллагааны хүрээнд байгуулсан Мөнгөн хөрөнгө байршуулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4.1. Хэргийн баримтаас үзэхэд Ч ХХК нь маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын хөгжлийн банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан байна. /1хх-109, 151-155/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2023/18377 дугаартай захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүхээс гарах шийдвэр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөх эсэх талаар тодруулаагүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасан журмын дагуу төлсөн эсэхийг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР