Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001460053 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 03 сарын 01-ний өдрийн 56 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хоногийн хугацаагаар хорих ял, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Л.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-4-47 тоотод 2018 оны 03 дугаар сарын 14-нд иргэн Р.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би Р.Ггаас 2017 оны 07 дугаар сард салаад Б.Мтай хамтран амьдарч байгаа. Тэрнээс хойш Р.Г гурван удаа согтуу ирж Баянхонгор сумын 6-4-47 тоотод байх гэрт ирж агсам тавьж хэрүүл маргаан хийсэн. Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манайд миний эмэгтэй дүүтэй хоёулаа согтуу орж ирээд хэрүүл маргаан хийж Б.Мын үснээс нь зулгаасан мөн манай үүдний унь хугалж гэрийн бүрээс урсан би Р.Гг гэрээс чирч гаргаад чи одоо яв битгий надад гай болоод бай гэж хэлсэн. Тэгээд Р.Гг хашаанаас арай гэж гаргаад буцаад орох гэхэд миний урдаас чулуу шидэж хугарсан унь авч намайг цохьсон мөн миний араас намайг цохих гэж хашааны төмөр аваад гүйгээд байсан Р.Г нилээд согтуу унаж босоод гүйгээд байсан тэгээд би зугтааж гэртээ орж гэрээс гараагүй тэгж байхад цагдаа ирж намайг авч яваад тэр өдөр би эрүүлжүүлэхэд хоносон. Би Гг чулуугаар цохиогүй түлхэж унагаагаад хашаанаас чирч гаргасан. Тэр үед бэртэж гэмтсэн байж магадгүй. Р.Г гурав хоног болсоны дараа ирж уулзаад хот явлаа иргэж ирэхгүй надад гомдол санал байхгүй та хоёр одоо сайхан амьдар гэж хэлээд яваад өгсөн тэрнээс хойш уулзаагүй утсаар ч яриагүй одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 84-86/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч Р.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Улаанбаатар хотын Наран туул захын өргөтгөлийн Хаан банканд үйлчлэгч ажилтай. Би УБ хот руу 2014 онд явсан. Тэгээд тэнд ажил хийдэг. Манай гэр бүлийн хүн Б нь надтай хамтран амьдраад 9 жил болж байгаа Бгийн ээжийн бие нь тааруу гээд энд ирсэн байсан. Тэгээд гэртээ хариагүй аймагт байгаад байгаа. Гэтэл сүүлийн үед М гэх эмэгтэйтэй хамтран амьдраад байгаа сурагтай байсан би юм тоогоогүй. Гэтэл саяхан над руу залгаад “Би хүн зодчихоод дотор орсон байна, хүрээд ирээч” гээд дуудаад байхаар нь би аймагт ирээд 3 хонож байна. Тэгсэн Б нь одоо тэр хамтран амьдарч байгаа хүүхнээ зодоод баривчлагдсан юм билээ.2018 оны 03 дугаар сарын 13 ний өдөр хугацаа дуусаад гарсан. Тэгээд би орой гэрт нь очсон чинь Сайхгүй. харин тэр хамтран амьдраад байгаа Зулаагийндаа согтуу байж байсан. Тэгэхээр нь би юм дуугараагүй гараад явсан.Тэгээд өнөөдөр би очиж уулзах санаатай очсон чинь бас л согтуу нөгөө хүүхнийдээ байсан. Тэгснээ намайг дагуулж гараад том чулуугаар миний толгой руу цохиж толгой хагалаад, үсдээд элэг рүү өшиглөөд унагасан. Бас миний баруун гуянд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би босоод цагдаа дуудна гээд утсаа авах гээд халаасандаа гараа хийгээд тонгойход толгойноос цус урсаад ороод ирэхээр нь би цагдаа дуудаагүй шууд 103 дуудсан. Тэгээд түргэн дээр ирээд оёдол тавиулсан. Өөр зүйл болоогүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 25-31/

3. Гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 сарын 14-ний өдөр гэрийн гаднаа Б, Г 2 гарчихсан Г нь Бг цохиж аваад 2-3 унь гаргаж ирээд хугалаад хаяад байсан. Тэгээд тэр 2 хашаанаас гарч яваад хашааны гадаа зодоон хийгээд байх шиг байсан. Намайг хашааны үүдэнд гараад очиход хашааны төмрийг Г барьчихсан Б намайг цохиж толгой хагаллаа гээд толгойноос нь цус гарч байсан. Би бодохдоо Г нь уг төмрөөр Бг цохих гэж байгаад өөрийгөө цохисон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-36/

4. Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би эмнэлгийн дуудлагын тэрэг дотор сууж байхад 6-4-47 тоотоос дуудлага ирсэн. Тухайн үед 16 цаг өнгөрсөн байсан байх. Тэгээд 6-4-47 тоот хашааны үүдэнд очиход хашаанаас саарал пальтотой согтуу хүүхэн гараад ирсэн. Гартаа нэг юм лав барьсан байж байснаа шидчих шиг болсон. Тэгээд тэр хүүхэн бас нэг өөр хүүхэнтэй зодолдох гээд дундуур нь эрэгтэй хүн ороод байсан ба тэр залуу руу бас дайраад байсан. Тухайн саарал пальтотой хүүхнийг бид нар аваад эмнэлэг рүү явсан. Толгой руу цохичихлоо гээд үс нь цус болчихсон байсан. Хэн цохисоныг хараагүй. Миний нүдэн дээр тэр хүмүүс нэгнийгээ цохиж зодож харагдаагүй. Биднийг очихоос өмнө л зодоон хийсэн юм шиг байна лээ. Чулуугаар шидэлж байхыг анзаараагүй. Би машинаас гараагүй. Бид нар тэгээд эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

5. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 6-4-47 тоотод нөхөр Бтой гэртээ цуг сууж байхад Г гэх хүүхэн гаднаас согтуу орж ирээд Бг хоёулаа уулзаадах уу гэхэд Б би чамтай уулзахгүй хоёулаа одоо салсан би энэ хүнтэй амьдарлаа холбож хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгтэл Г тэгвэл энэ хүүхнийг би ална гэж хэлээд гэрийн үүдний дөрвөн унь хугалсан тэгээд тэр унийг авч энэ хүүхнийг бүлээд ална гэж хэлэхэд Б Ггийн гараас унийг нь авч хашаан дотор шидсэн. Тэгтэл Г намайг үснээс зулгаасан тэр үед Б намайг өмөөрч Гд адилхан эмэгтэй хүн байж үснээс нь зулгаахаа одоо боль гэж хэлээд бид хоёрыг салгасан тэрний дараа Г Бтой цуг хашаанаас гарсан тэгээд Бг хашаанд орох гэсэн боловч оруулахгүй үүдэн дээр хашаад зогсоод байсан Б Ггаас зугтааж гэртээ гүйж орж ирсэн тэгтэл Г хашааны даруулга төмрийг араас авч шидсэн тэрний дараа нэлээд удаж байхад толгой хагарчихлаа гэж орж ирсэн тэгээд байж байхад удалгүй түргэн ирж Гг авч явсан. Тэр явдал болсны дараа гурав хоноод Р.Г ирж уулзсан тэгээд би одоо хот явлаа иргэж ирэхгүй надад гомдол санал байхгүй гэж хэлсэн тэгээд холбоо бариагүй одоо хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Намайг үснээс зулгаасан өөр зүйл болоогүй одоо бол зүгээр байгаа. Тухайн үед Б, Г бид гурав байсан өөр хүн байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 201 дугаартай шинжээчийн:

1. Р.Ггийн биед тархи доргилт, дагзанд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон хавтаст хэргийн 70-74 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л.Бгийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-4-47 тоотод 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Р.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Р.Г гэрч Ж.Ц, Л.Г, Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Л.Бгийн иргэн Р.Гг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч эдгээр гэмт хэргийг өмнөх гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн шийдвэрлэх боломжтой байгаа тул шүүгдэгч Л.Бд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун арван хоёр / 212 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Бгийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Л.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Бд нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Л.Бг гурван зуун дөчин / 340 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Л.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван зуун дөчин / 340 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун арван хоёр / 212 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг таван зуун тавин хоёр / 552 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Бд таван зуун тавин хоёр / 552 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Л.Б нь таван зуун тавин хоёр / 552 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                             

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Бгийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Л.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ