Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00843

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00843

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө ХХК

Хариуцагч: Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.С нь 2018 оны 08 дугаар сарын 06 ны өдөр Ө ХХК-тай 18/38 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 18/38 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 0000 улсын дугаартай Ф /А/ маркийн автомашиныг Ө ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

1.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3289 дугаар захирамжаар Н.С 41,484,562 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0000 улсын дугаартай, Ф /А/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Н.С нь дээрх автомашиныг өмнө нь Ж.О гэх хүнээс авсан байсан бөгөөд автомашиныг 2019 оны 9 дүгээр сард Ж.От өгсөн, одоо хаана байгааг мэдэхгүй, надад байхгүй гэх тайлбарыг өгдөг.

Иймд 0000 улсын дугаартай, Ф /А/ маркийн автомашиныг Ө ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Н.Стай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр арматур худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 0000 улсын дугаартай, Ф /А/ маркийн автомашиныг 65,000,000 төгрөгөөр үнэлж Н.Сын эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл Н.С нь автомашиныг эзэмшилдээ шилжүүлснээс 10 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан.

2.2 Миний бие Ө ХХК-тай гэрээ байгуулаагүй. Өөрт учирах хохирлоос сэргийлж өөрийн эзэмшилд байсан машиныг буцаан авсан. Учир нь, Н.С нь анхнаасаа арматур нийлүүлэх гэрээ хийж төлөөлөх этгээд биш байсан. Н.С нь надтай хуурамч гэрээ байгуулсан байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Оын хууль бус эзэмшлээс 0000000 арлын дугаартай, 0000 улсын дугаартай,   Ф /А/ маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Миний бие Ө ХХК-д өргүй, бидний хооронд харилцаа үүсээгүй тул үүрэг хүлээх учиргүй, нэхэмжлэгчийг хохироогоогүй, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон, шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй.

4.2 0000 улсын дугаартай, Ф /А/ маркийн автомашин нь одоо биет байдлаар байхгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.Оаар хангуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Шүүхийн шийдвэрээр Н.Саас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг Ө ХХК-ийн өмчлөлд шилжүүлсний дараа Ж.О нь өмчлөгчид мэдэгдэхгүйгээр автомашиныг авч явсан.

5.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.О автомашиныг авч явсан. Н.С нь бэлэн төлөх мөнгө байхгүй учраас автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай гэдгээ илэрхийлсэн. Уг автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хайхад ...Ж.От өгсөн надад байхгүй гэж тайлбарладаг бөгөөд Ж.Оыг гэрчээр дуудахад ...шүүхийн шийдвэр надад хамааралгүй учраас очих боломжгүй, зээлийг төлөх ёсгүй гэх байдлаар гэрчийн мэдүүлэг өгөөгүй.

5.3 Уг автомашин нь 2019-2021 он хүртэл замын хөдөлгөөнд оролцсон. Анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа Ж.О нь ...автомашиныг хүлээж авсан гэж тайлбар өгсөн боловч шүүх хуралдаанд ...автомашин надад байхгүй гэж тайлбарласан. Тухайн автомашин Ж.От байхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Сыг шийдвэрээ биелүүлээгүй гэдэг үүднээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тус эрүүгийн хэрэг Ж.Оын гэрчээр дуудаж асуухад автомашиныг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

5.4 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн автомашиныг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Миний бие анхан шатны шүүхэд автомашин бодитоор эвдрэл, гэмтэлтэй байгаа эсэхийг тогтоож, үзлэг хийлгүүлээд хэрэв эвдрэлтэй гэж үзвэл автомашинд учирсан хохирлоо гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх байдлаар хүсэлт гаргасан боловч энэ асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй, өөрсдөө очиж автомашиныг үзэх ёстой гэх байдлаар хүсэлтийг хүлээж аваагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Ж.От холбогдуулан автомашин эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03289 дугаар захирамжаар Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ст холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 41,484,562 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт Н.С 41,484,562 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 18/38 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г үндэслэн Ө ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 0000 улсын дугаартай, Ф /А/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 16-18/

3.1 Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тухайн автомашиныг өмчлөх эрх үүссэн үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх мөн зүйлд зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, мөн зүйлд зааснаар аливаа этгээд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан тохиолдолд түүнд өмчлөгчийн шаардах эрх үүснэ. Харин шүүхийн дээрх шийдвэрээр Н.Саас зээлийн гэрээний үүрэгт 41,484,562 төгрөг шаардах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний дагуу маргааны зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нэхэмжлэгчид тус тус үүссэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүссэн. Харин фидуцийн зүйл болох тухайн автомашиныг өмчлөх эрх үүсээгүй тул хариуцагчаас автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй.

4.1 Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн фидуцийн зүйлийг гаргуулах шаардах эрх нь гэрээний талуудад хамаардаг. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг гэрээний бус этгээд болох хариуцагчаас автомашиныг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ж.От холбогдох, 00000000 арлын дугаартай, 0000 улсын дугаартай, хар ногоон өнгөтэй, Ф /А/ маркийн автомашиныг гаргуулах Ө ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН