Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4341

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-139/Б тоотод оршин суух, Мөрөөхөн овогт Түдэвийн Бадамцэцэг /РД:УС71051502/-т холбогдох 

            Үйлчилгээний төлбөр болон бусад зардалд нийт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бадамцэцэг 2015 оны 4  сарын 23-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр, худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Т.Бадамцэцэг нь гэрээний үүргээ зөрчиж, үндсэн төлбөр болох 140,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөгийг Т.Бадамцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд нэхэмжлэгч “Жи-мобайл”  ХХК нь 210,000 төгрөг нэхэмжилсэнээс 70,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 140,000 төгрөгийг хариуцагч Т.Бадамцэцэг 2016 оны 7 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар  зохигч  эвлэрч, харилцан тохиролцжээ.

                                                                                                                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Жи-мобайл”  ХХК нь хариуцагч Т.Бадамцэцэгт холбогдуулан 210,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  “Жи-мобайл”  ХХК нь 210,000 төгрөг нэхэмжилснээс 70,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 140,000 төгрөгийг хариуцагч Т.Бадамцэцэг 2016 оны 7 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:         

1. Нэхэмжлэгч “Жи-мобайл”  ХХК нь 210,000 төгрөг нэхэмжилснээс 70,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 140,000 төгрөгийг хариуцагч Т.Бадамцэцэг 2016 оны 7 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Жи-мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,425 төгрөгийг, хариуцагч Т.Бадамцэцэгээс 2,425 төгрөгийг тус тус гаргуулж “Жи-мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА