Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00676

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/00676

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00290 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ц, Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,369,882,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн М.Ц нь Чтай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/ЗГ/22 тоот Зээлийн гэрээ байгуулж, 350,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан.

1.2. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 400,000,000 төгрөгийг нэмж зээлж авсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээлийн гэрээний бусад тодорхойлолт, нэр томъёо, нөхцөл болзол болон заалтууд өөрчлөгдөөгүй буюу хүчин төгөлдөр хэвээр байхаар харилцан тохиролцсон.

1.3. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ББГ-2018/ЗГ/22/2 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн гэрээний 3.3-д заасан зээлийн хугацааг 6/зургаан/ сараар сунгаж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.

1.4. Энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ББГ-2018/БГ/22/01 болон 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ББГ- 2018/БГ/22/02 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Ч ХХК болон М.Ц, Б.Б нарын улсын бүртгэлийн Ү-хххх дугаарт бүртгэлтэй ххх орон сууц, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй ххх орон сууц, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэлтэй ххх амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ххх талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, тоног төхөөрөмж /Hardi 27 m sprayer xop цацагч, Kramer Plroplandter үрлэгч/, худалдан авч буй 100,000 кг үр /нэг бүрийн үнэ 1,35 евро/ зэргийг тус тус барьцаалсан.

1.5. Өнөөдрийн байдлаар зээлдэгч М.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ББГ-2018/ЗГ/22 тоот гэрээний үндсэн зээл 750,000,000 төгрөг, зээлийн хүү 531,928,651.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,953,424.65 төгрөг, нийт 1,369,882,076 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч М.Цгоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,369,882,076 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Цгийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие Ч ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээг миний нэр дээр байгуулсан боловч бодит байдалд уг зээлийг Г ХХК-ийн үйл ажиллагаанд Б.Б болон түүний ах захиран зарцуулсан.

Иймд М.Ц миний бие эдгээр зээлийн гэрээний үүрэг болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан аливаа үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн. Энэ сүүлийн гэрээгээр энэ гэрээний хугацаа дуусч, шаардах эрх нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байгаа. Гэтэл үүнээс хойш нэхэмжлэгч тал шүүхэд хандаж, нэхэмжилсэн зүйл байхгүй, харин гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлд зааснаар татгалзах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн барьцаатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа үндсэн үүрэгтэй холбоотой дуусгавар болсон байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Бын татгалзал, хариу тайлбарын агуулга:

Миний бие тус иргэний хэрэгт ямарч хамааралгүй. Учир нь намайг М ХХК-д ажиллаж байх үед тухайн барьцаа хөрөнгийг тус компаниас миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гаргаж өгсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь миний хөрөнгө биш, надад хамааралгүй тул намайг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасныг баримтлан Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,369,882,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,077,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайбар өгөх эрх эдэлнэ гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бын гэрийн хаягаар шүүхээс дуудах хуудас хүргүүлсэн боловч хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн шуудангийн магадлагааг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан Шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэж, хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан ба захирамжийн дагуу Б.Быг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Боос татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах хүсэлтийг гаргасан.

5.2. Уг хүсэлтийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11202 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгч хариуцагчаас татгалзсан байхад шүүхэд хариуцагч Б.Быг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэзээ өгсөн нь мэдэгдэхгүй хариу тайлбарыг авч хавтаст хэрэгт хавсаргасан байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б нь шүүхэд ирж нэхэмжлэлийн хувь гардаж авсан, хариу тайлбар гаргасан тухай нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, хариу тайлбар хэргийн материалыг танилцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулах эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн хариуцагч М.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт дээрх эрх үүргийг тайлбарлаж, танилцуулаагүй холбогдох баримтад гарын үсэг зүруулаагүй нь шүүх хуулиар хүлээсэн үүрэг болох зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлах, танилцуулж холбогдох баримтад гарын үсэг зуруулах үүргээ биелүүлээгүй.

Мөн нэхэмжлэгч талд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж холбогдох баримтад гарын үсэг зуруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.2-т зааснаар шүүхээс нэхэмжлэгч Ч ХХК түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгсэл буюу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, хэрэгт шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримтыг хавсаргасан байх боловч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарт шүүхийн мэдэгдэх хуудас ирээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудсыг гардаж авсан тухай баримт байхгүй. Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

5.6. Шүүх хуралдааны товыг хуульд зааснаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй улмаас нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.7. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд зааснаар бүртгүүлснээр хүчин төгөлдөр байх хэлцэл буюу барьцааны гэрээг гаргаж өгсөн боловч Улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг үндэслэн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулж Ч ХХК болон М.Ц, Б.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №ББГ-2018/БГ/22/02 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд зааснаар бүртгэгдсэн эсэх, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүд нь бүртгэлийн байгууллага барьцааны бүртгэлтэй хэвээр байгаа эсэх талаар баримт гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна.

5.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй, хариуцагч М.Ц нь төлбөрийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг заасан. Хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Талууд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугаиааг 3 жилээр тоолно. гэсэн нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5.9. Нэхэмжлэгч Ч ХХК нь зээлийн гэрээний үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хамтад нь гаргасан. Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг зөвхөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00290 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М.Цгийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Ч ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, холбогдох нэхэмжлэлийг гардан авч, хуульд заасан 14 хоногийн хугацааны дотор 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

6.2. Үүнээс хойш 1 сар орчмын дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ч ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай хүсэлт гаргасан. Хэргийн 59 дүгээр талд шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдсэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг, Засаг даргын тодорхойлолт, ажиллагааны танилцуулга зэрэг баримттай танилцсан талаарх баримт авагдсан.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэргийн материалтай танилцаж, хуулбарлан авсан нь албан бичгээс тодорхой харагдана. Эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг нэхэмжлэгчид огт танилцуулаагүй гэх зүйл ярьж байна. Иргэний хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тус хугацааны туршид нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд очиж хэргийн материал, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан байдаг.

Нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ө.Золбоо, Т.Ууганбаяр нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцоно гэж заасан.

6.4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй өмгөөлөгч нар юм. Шүүгчийн туслах Ч.Билгүүн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 99109113 дугаарт мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолын хавсралт, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1-т хурлын товыг мэдэгдэхдээ утсаар болон цахимаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулна гэж заасан. Тус нийтлэг аргачлалын дагуу зохих ёсоор нэхэмжлэгч нарт хурлын товыг мэдэгдсэн.

6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүргийг хүлээдэг. Өөрсдөө тухайн нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй байгаа тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж, бүрдүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нарын гомдолдоо дурдсан баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангаас лавлагаа мэдээлэл өгөх журамд зааснаар барьцаалагчийн хувиар барьцаатай холбоотой лавлагаа мэдээллийг бүрэн авах боломжтой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зориуд процессын зөрчил үүсгэх зорилготойгоор холбогдох баримтуудад гарын үсэг зураагүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Б тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч М.Ц, Б.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1,369,882,076 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1- зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх гэж заасан ба нэхэмжлэгч талд эрх үүрэг танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулж, баримтжуулах ажиллагааг гүйцэтгээгүй байна.

 

4. Иймд хэргийг оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчилд хамаарна.

 

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,077,561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР