Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001310091 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, М.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 25 дугаар гудамжны 3 тоотод Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би тэнд архиа задлаад ууцгаасан. Би” тухайн үед нэлээн согтоод ухаанаа бараг алдсан байна лээ. Би аяга аваад хөргөгч рүү шидэх шиг болсон. Тэгэхэд би сууж байгаад боссон. Нэг мэдсэн чинь Бийн нүүр нь цус болсон байсан. Би тэгээд юу болсон бэ гэхэд “зүгээр” гэж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр байж байсан. Би тухайн үед тасраад зарим зүйлийг мэдэхгүй орж гараад байсан. Бийг би цохисноо сайн санахгүй байгаа юм яалт ч үгүй аяга бариад шидэх шиг л болсон юм. Би ******* нартай би маргаагүй. Б бид 2 маргааш өглөө нь уулзаад эвлэрсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр Батбаатар гэдэг манай найз хотоос ирээд бид 2 хамт *******гийнд очсон. Батбаатар тэднийд оччихоод хөдөө явна гэж байсан. Тэгээд *******гийнд ороод удалгүй байтал гаднаас 05 цагийн орчимд байх Ц ганцаараа 0.5 литрийн архи аваад согтуу орж ирсэн. Тэгээд тэр архинаас нь уусан. Батбаатар бид 2-ыг *******гийнд очиход ******* хагас шил архи гаргаж өгсөн түүнээс бид 2 ууж байсан юм. Тэгээд Ц бид нар *******гийнд архиа ууж байхад Ц нэлээн согтсон бөгөөд надаас хэрүүл гуйгаад “тоохоо байжээ" гээд байсан. Би дуугүй байж байсан тэгтэл Ц шаазан аяга аваад хөргөгч рүү шидсэн. Тэгээд Ц босоход нь гэрэл унтарсан ба Ц аяга аваад миний хөмсөг рүү цохисон. тэгээд гэрлээ асаасны дараа ******* “наад хөмсгөө хараа” гэсэн. Тэгэхэд миний хөмсөг сэтэрч цус гоожсон. ******* тэгээд цагдаа түргэн дуудаад Цыг цагдаа аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

4. Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өглөө үүрээр Б, Батбаатар нар манайд...архи нь дундаа орж байтал Ц Бээс хэрүүл гуйгаад байсан. Тэгээд тэр 2 босоод барилцаж авах гэсэн тогны залгуур салаад гэрэл унтарсан тэгээд гэрэл асаасан чинь Бийн нүүрнээс нь цус гарч байсан ба Ц хаанаас аяга авсан юм мэдэхгүй Бийг аягаар цохичихсон аяга нь хагарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-25/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн:

1. Д.Бийн биед тархи доргилт, баруун зовхи, хөмсөгт шарх, хамарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 08-09/ болон хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Цын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 25 дугаар гудамжны 3 тоотод иргэн Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Б гэрч Д.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүгдэгч М.Цд нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч М.Цын эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч М.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ц нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ц нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх үед ялтай байдал арилсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ ялгүй байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт М.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт М.Цыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан М.Цд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан М.Ц нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч М.Ц нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                             

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Цын эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч М.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ