Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00720

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр Дуга 210/МА2024/00720

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/00882 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТТ ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани ТТ ХХК-тай 2019 оны 11 сарын 05-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж ххх тоот 88,67 м/кв талбай бүхий орон сууцыг 93,016,000 төгрөгөөр худалдаж авсан.

1.2. Гэрээний төлбөр, орон сууцны үнэ болох 93,016,000 төгрөгийг Орон сууц захиалгын гэрээ-ний 2.2, 2.3 дахь хэсэгт заасны дагуу ТТ ХХК-ийн Төрийн банк дахь хххх тоот дансанд 2019 оны 11 сарын 11-ний өдөр бүрэн шилжүүлсэн.

Орон сууц захиалгын гэрээний 3.1, 5.1-т заасны дагуу орон сууцыг 2019 оны 11 сарын 15-ны өдөр манай компанид хүлээлгэж өгөх ёстой боловч хүлээлгэж өгөөгүй хохироож байна.

1.3. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заасан бөгөөд орон сууцыг анх 2019 оны 11 сарын 05-ны өдөр гэрээ байгуулж худалдан авсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул М ХХК нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу ТТ ХХК-д холбогдуулж хххх тоот хаягт байрлах 88,67 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

ТТ ХХК нь М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. М ХХК нь хххх тоот, 88,67 м.кв орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулж дууссан нь үнэн бөгөөд манай компанитай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч 'ТТ ХХК-д холбогдох хххх тоот хаягт байрлах, 88.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Манай компани орон сууцны өмчлөгч болох Б.Ш болон ТТ ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 06 сарын 15-ны өдрийн Худалдан борлуулах эрх шилжүүлэх тухай гэрээ-г үндэслэн Орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд анхан шатны шүүх тухайн гэрээг дүгнэхдээ өмчлөх эрх шилжүүлэх эрх олгоогүй, зөвхөн худалдан борлуулах эрх олгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хххх тоот хаяг байрлах орон сууцууд дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явуулж байгаа эсэх талаар лавлагаа авах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй. Учир нь 40 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ба уг зээлийн гэрээний дагуу шүүхийн шийдвэр болон магадлал гарсан байдаг. Тухайн барилга дээр 100 хувь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй бөгөөд зайлшгүй лавлагаа авах шаардлагатай байсан.

4.3. Гуравдагч этгээдээр иргэн Б.Ш ыг оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч 2019 оны 05 сард 100 хувийн төлөлтөөр тус орон сууцыг худалдаж авсан. Хэрэгт авагдсан Б.Ш , ТТ ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээгээр ТТ ХХК дангаараа шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэсэн хэрнээ шийдвэртээ заавал Б.Ш ыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хххх тоот хаягт байрлах, 88.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/03306 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. /хх-58-60/

 

Анхан шатны шүүх хариуцагч ТТ ХХК болон Б.Ш нарын хооронд Худалдан борлуулах эрх шилжүүлэх тухай гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, Б.Ш ын 25 айлын орон сууцыг худалдах эрхийг ТТ ХХК-д шилжүүлсэн /хх 45/, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 5/1616 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр маргаан бүхий орон сууц нь Б.Ш ын нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдож байхад гуравдагч этгээдийн эрх хөндөгдөх магадлалтай юм гэж дүгнэсэн атлаа оршин суугаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу болжээ.

 

М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууц нь, Б.Ш ын орон сууцны байршил хаягтай давхцаж байх тул түүний эрх, ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзнэ.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 15-ний өдрийн 101/ШШ2024/00882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР