| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0088/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/083 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006600094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскваторын операторчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт Д.Т,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн тоёота приус маркийн автотээрийн хэрэгслээр зорчихдоо Д.Эийн гээгдүүлсэн байсан эд хөрөнгө болох самсунг жи-3 маркийн гар утсыг тээврийн биржийн замын хажууд хэвтэж байсны олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Төв аймгийн Заамар сум дахь “Мон Дулаан трейд” ХХК-ний уурхайд Экскаваторын операторчиноор ажилладаг юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард санагдаж байна би ажлаасаа буугаад өглөө 05 цагийн үед автобусаар Баянхонгор аймагт ирсэн бөгөөд гэрлүүгээ явахаар такси барих гээд тээврийн биржийн замын хажуу талын Мэргэн гээд хүний дэлгүүрийн урд талын замаас такси зогсоогоод суух гэхэд замын боржуурын хажуу талд хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад үзсэн чинь унтарчихсан байхаар нь аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд шууд унтаад маргааш өдөр нь нөгөө гар утсаа асаасан чинь код нэхээд байхаар ахындаа очсон чинь тэд нар үзэж байгаад форматалаад миний сим картыг хийсэн чинь зүгээр ассан бөгөөд монгол хэлтэй утас байсан. Тэгтэл манай ах наад утасны чинь байршил тогтоогч, Жи Пи эс нь асаалттай байна. Тэгэхээр хүн нь өөрөө олоод ирээд чамаас авах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би мобикомын 2222 дугаарын лавлах руу залгаад- “Би ийм гар утас олсон юм. Тэгээд сая форматлуулаад өөрийнхөө сим картыг хийсэн чинь асаад жи пи эс нь ажиллаж байна” гэхэд оператор нь- “Тэгвэл хэрвээ манайхаас авсан утас бол хаясан хүн нь очоод шалгуулах юм бол таныг дугаар гарч ирээд хүн нь очоод авах байх” гэж хэлсэн. Тэгээд би уг гар утсанд сим картаа хийгээд 20 гаран хоног болоод буцааж ажил руугаа автобусаар явсан бөгөөд Өвөрхангай дээр очоод утсаар ярих гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хайгаад олоогүй, хаячихсан юм байна гээд өнгөрсөн. Хар өнгийн Самсунг Жи-3 маркийн хуучивтар гар утас байсан. Гадна талаараа саарал өнгийн билүү нэг гэртэй байсан санагдаж байна. Өөр содон шинж тэмдэггүй байсан. Тэр талаар мэдээгүй. Гар утас олоод заавал эзэнд нь буцааж өгөх ёстой гэдгийг ч сайн мэдэхгүй байсан юм. Харин хүн нь ирээд авахаар бол өгнө гэж бодож байсан. Уг гар утсыг форматлуулсан болохоор ямар ч мэдээлэл байхгүй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А гэж хүний таксинд сууж яваад гээгдүүлсэн юм шиг байна лээ. Би тухайн цаг хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэдгийг сайн мэдэж байна.Учир нь би маргааш өдөр нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хувийн төлөвлөсөн чухал ажил байсан болохоор сайн санаж байгаа юм. Би тухайн үед таксинд сууж яваад Холбооны газрын хажуугийн Голомт банкны урд талын зам дээр буугаад шууд гар утсаа авах гэхэд утас байхгүй байсан. Тэгээд би нөгөө А гэж таксины жолоочийн утсыг олоод ярьж уулзаад болсон зүйлийг хэлсэн чинь тэрээр мэдэхгүй гэсэн. Намайг таксигаар явж байхад хамт нэг эмэгтэй явж байгаад надаас түрүүлээд гэрлэн дохион дээр буусан болохоор тэр эмэгтэйг аваад буусан байх бодоод Цагдаагийн байгууллагад гар утсаа алдсан гэж хэлсэн юм. Тэр эмэгтэй нь тод ягаан өнгийн пальтотой байсан танихгүй эмэгтэй байсан. Миний гар утсыг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би гар утсаа 2018 оны 06 дугаар сарын 12-нд Мобикомын салбараас 479.000 төгрөгөөр худалдан авч байсан болохоор тухайн үнээр үнэлгээгээ хэлсэн. Харин шинжээч «иний гар утсыг 440.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би үнэлгээ хийлгүүлэх үед сэсгийн байцаагч Саранцэцэг гар утас худалдан авсан баримтаа өгсөн. Одоо хэрэгт байгаа.Би буруутай этгээдээс гар утасныхаа төлбөр болох 440.000 төгрөгийг нэхэмжпэх болно. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 45-49/
4. Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний хувьд Д.Э гэх эмэгтэйг зүс танина. Тэрээр хааяа Баянхонгор аймгийн Баянхонгор сум 5, 6 дугаар багийн нутаг Их хоймор дэлгүүрийн орчмоос сууж таксигаар явдаг юм. Тэр утгаар нь зүс танина. Бидний хооронд ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 11,12 дугаар сарын үед санагдаж байна, би яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Нэг өглөө 08 цаг өнгөрч байхад би таксинд явж байхад амчуулын засмал замын эцэс Их хоймор дэлгүүрийн орчмоос Д.Э миний машинд суугаад Холбооны газрын урд зам дээр буусан санагдаж байна. Тэгтэл нэг цаг гарангийн дараа буюу 09-10 цагийн үед над руу утасдаад- “Уулзмаар байна” гэхээр нь би “хаана байгаа юм” гэхэд “Шар бүрд” дэлгүүрийн урд талд байна гэхээр нь би очиж уулзахад тэрээр- “Би өглөө чамтай хамт явж байхдаа гар утсаа хаячихаж” гэж хэлэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь надад суугаад Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлье гээд Цагдаагийн газрын үүдэнд буусан. Тухайн үед би түүнд таны хажуу талд нэг эмэгтэй сууж явж байгаад гэрлэн дохион дээр буугаад явсан гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш уулзалдаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
5. Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хуульд заасан хариуцлагын талаар ойлгож байна. Би өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлэг болно.Би түүнийг хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би явж байгаад нэг гар утас олсон гэж ярьж байсан бөгөөд дараа нь Улаанбаатар хот руу явж байхдаа нөгөө гар утсаа хаячихсан гэж байсан. Өөр нарийн зүйл мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
6. Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хуульд заасан хариуцлагын талаар ойлгож байна. Би өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлэг болно. Манай нөхөр Д.Т нь 2018 оны 11 дүгээр сард аймгийн төвд явж байгаад нэг гар утас олоод сүүлд нь ажилруугаа Улаанбаатар хот руу автобусаар явж байгаад нөгөө гар утсаа хаячихсан гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 301 дугаартай шинжээчийн:
1. Samsung J-3 маркийн гар утас 440.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 61-62 / хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын урьд нь ял шийтгэгдэж байгаагүй тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 38-42 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын эзэмшлийн Samsung S-2 маркийн гар утас битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 11 өдрийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн тоёота приус маркийн авто тээврийн хэрэгслээр зорчихдоо Д.Эийн гээгдүүлсэн байсан эд хөрөнгө болох самсунг жи-3 маркийн гар утсыг тээврийн биржийн замын хажууд хэвтэж байсны олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 440 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Э, гэрч Д.А, Б.Д, Б.О нарын мэдүүлэг, үнэлгээний Энх нахиа ХХК-ийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Тыг гээгдэл эд хөрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Тын “S-2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 11 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Тд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Тын орлого олох болмжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдбөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Тыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Тыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Д.Тыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Тын эзэмшлийн “S-2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 11 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Тд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ