| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0035/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/030 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Б.Ш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007230011 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Шуургатын ам гэх газарт Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Шуургатын ам гэх газарт иргэн Г.Мыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Г.Мын ... ******* гэдэг залуу чи намайг мэдэх үү таних уу гэснээ ямар ч үгийн зөрүүгүй миний нүүр лүү аман тус газар 1 удаа цохьчихсон. Би учир ухааныг нь олоогүй байж байгаад цохиулчихсан ... Газар уначихаад босоод иртэл дахин баруун талын шанаан тус газар цохисноо чи намайг таних уу миний гаранд мөргө дөө гээд дахин цохих гэтэл ******* гэдэг залуу нь түүнийг бариад авсан. Цаана нь ******* бүрэн нэрийг нь мэдэхгүй залуу хүрээд ирсэн би мотоциклийн гэрэлд түүнд ******* шүд хугалчихлаа гэж хэлсэн ... Би *******д цохиулаад миний тархи доргисон, зүүн дээд 1-р шүдний цөгц дундуураа хөндлөн хугарсан, баруун дээд үүдэн 1, 2 дугаар шүд суларч унахад бэлэн болчихоод байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Т.Аын ... Ш гар өргөсөн чинь тэр мотоцикль зогссон. Тэр залууг хэн гэдгийг эхлээд таниагүй. Шууд зогссон чинь Ш үгийн зөрөөгүй ганц ч үг хэлээгүй нөгөө мотоцикльтой залууг цохиод унагаачихсан. Зогссон залуу мотоцикльтойгоо уначихсан, би тэр залууг татаж босгосон дахиад Ш тэр залууг цохисон тэр үед ёо ёо шүд гээд багтай малгайгаа сөххөд Гантөмөр гуайн хүү М байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,
Гэрч Б.Бийн ... харин хойноос нь явж байсан мотоцикль тэдэн рүү очсон. Очсоны дараахан нөгөө мотоцикльтой залуу баруун гар тал руугаа уначихсан, би Ш тэр хүнийг түлхээд унагаачихсан гэж харсан ... Ш дахиад нөгөө залуугийн нүүр лүү цохисон, би Шыг барьж аваад тонгороод унагаачихсан. Тэр залуу шүд рүү цохичихлоо ш дээ гээд байсан. Би гэрэл тусгаж байгаад нөгөө залуугийн малгайг нь тайлуулаад харсан чинь Гантөмөр гуайн хүү М байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,
Шүүгдэгч Б.Шын ... надад ******* архи гаргаж өгөөд намайг архиар шахсан би тэр архинаас 3 удаа татсан. Тэгээд эхнэрээ авч явсан. Тэгтэл сумын дээр ******* Бийн хамт машинтай хүлээгээд зогсож байсан. Тэндээ ******* бид хоёр 0.33-тай архи хувааж уусан. Тэгээд юу болсон талаараа санахгүй байгаа тасарчихсан байсан. ... Би Г.Мыг нэг удаа нүүрэнд нь цохисон ... Би Мт учирсан хохиролд 2 сая төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 20 тоот шинжээчийн .... Г.Мын биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал, баруун дээд 1,2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулж хохирогч шүүгдэгч нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 60-61 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Шын эзэмшлийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Шын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Шт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Шын эзэмшлийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА