Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00775

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/00775

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00976 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ц , Ц.Цэ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,711,275.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч Ц.Ц , хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Цэ нар нь 2018 оны 02 сарын 14-ний өдөр хххх дугаартай Зээлийн гэрээ болон хххх тоот Барьцааны гэрээ байгуулан 11,090,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан юм.

1.2. Зээлдэгч Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,078,346.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,380,559.42 төгрөгийг төлж барагдуулсан.

1.3. Зээлдэгч Ц.Ц гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /1840 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2023 оны 11 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,844,311 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835,311.18 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 20,711,275 төгрөгийг хариуцагч Ц.Ц , Ц.Цэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Цэын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2018 оны 02 сарын 14-ний өдрийн хххх дугаартай Х тай байгуулсан 11,090,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээний харилцаанаас би нэг ч төгрөгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй.

2.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасны дагуу тус зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч Ц.Ц нь төлөх үүрэгтэй.

2.3. Банкнаас нэг ч удаа холбоо бариагүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар нэг ч удаа мэдээлэл өгөөгүй. Иймд Ц.Цэ миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Ц гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч Ц.Ц нь 2018 оны 02 сарын 14-ний өдөр №ЗГ201843424509 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авсан.

3.2. Дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 сарын 27-ны өдөр хүртэл нийт 7 удаагийн төлөлтөөр 2,458,906 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 10,011,653 төгрөгийг эргүүлэн төлнө.

3.3. Хариуцагч Ц.Ц нь 2018 оны 8 сард ажлаас халагдсан ба ажилдаа эргүүлэн тогтоолгож чадаагүй тул өөр ажил хийхээр Хятад улс руу явсан боловч хамт явсан хүндээ хууртагдаад албадан буцах журмын дагуу 2019 оны 05 сарын 13-ны өдөр Монголд ирсэн.

3.4. 2019 оноос Ковид-19 хэмээн цар тахал гарч ажилтан ажиллуулах газаргүй, гадуур гарах боломжгүй нөхцөл байдал улс орны хэмжээнд үүссэн тул зээлээ эргүүлэн төлөх боломжгүй байдал хүрсэн.

Иймд 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дах хэсэгт заасны дагуу 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц , Ц.Цэ нараас зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг, нотариатын зардалд 20,000 төгрөгийг нийт 20,711,275.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х анд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Ц , Ц.Цэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х анд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар зээл төлөх хугацааг нэхэмжлэгч хойшлуулах ёстой гэж маргадаг ч хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал болсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй хэмээсэн.

5.2. 2019-2021 оны хооронд Монгол Улсад удаа дараа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорьж хүмүүсийн ажил хийх боломж, эрүүл мэндийн байдал, нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн. Үүнийг 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Монгол улсын засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийн дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол нотолж байна.

Иймд дээрх тогтоолын дагуу 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх 224 хоногт тооцогдсон зээлийн үндсэн хүү 1,306,668.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261,333 төгрөгийг тус тус хасаж тооцуулах үндэслэлтэй.

5.3. Мөн хэрэгт хариуцагч Ц.Ц гийн 2023 оны 09 сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримт нь хариуцагчийг 2017 оны 01 сараас 2018 оны 09 cap хүртэл Арвайхээр ЗДТГ-т багийн даргаар ажиллаж байсныг, 2018 оны 09 сард тус ажлаас халагдсаныг мөн зээлээ төлөх чадваргүй болсныг нотолж байгаа юм.

5.4. Иймд нэхэмжлэлийн шаардалгын үндсэн зээлийн хүүгээс 6,079,587.6 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгээс 82,966.4 төгрөг, нийт 7,729,955 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00976 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдлыг хангасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй алдаа гаргасан. Энэ нь зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн эрх 10 гаруй байхад зээлдэгчийн эрх дөрөв л байгаагаар тодорхойлогдоно. Мөн зээлийн гэрээнээс харахад банк гэрээг дангаар цуцлах санал гаргаад л цуцалж болдог, харин зээлдэгч энэ талаар ямар нэг санал гаргах эрх тусгагдаагүй нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

6.2. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зээлийн гэрээнд эхлээд үндсэн төлбөрөөс тооцож, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг хуульчлан тогтоосон.

Энэ шаардлагыг нэхэмжлэгч Х зөрчиж, үндсэн зээлээс 1,078,346 төгрөгийг, зээлийн хүүнээс 1,380,559 төгрөгийг хасаж тооцсоныг шүүх нягтлан үзэхгүйгээр үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийн талаар талууд маргаагүй гэх үндэслэлээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай гарсан. Өөрөөр хэлбэл зээлийн төлөлтийн графикаас үзэхэд зээлдэгчийн зээлийн буцаан төлөлтийг зээлийн үндсэн төлбөрөөс бус, зээлийн үндсэн хүүгээс хасалтыг хийсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчжээ.

6.3. Х болон хариуцагч Ц.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг анхан шатны шүүх иргэн Ц.Цэ нарт давхар хариуцуулахаар шийдвэрлэснийг эрх зүйн талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4, 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Тухайлбал, хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд болох Ц.Цэ нь зээлийг аваагүй гэж маргаж байгаа нөхцөлд зээлийн гэрээний харилцаа хэрхэн үүссэн үндэслэлийг шүүх хуульд заасан шаардлагын хүрээнд нягтлан үзээгүй байна.

6.4. Түүнчлэн батлан даагч, баталгаа гаргагчийн санхүүгийн чадварын талаар харилцагч банк, эрх бүхий хуулийн этгээд, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага нь тодорхойлолт гаргаж болно гэж зааснаар Ц.Цэоос өгсөн хүсэлт зэрэг баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэнийхээ хувьд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлээгүй, хувь хүний хувьд зээлийн гэрээний тал болоогүй байхад Х -наас иргэн Ц.Цэыг хамтран үүрэг гүйцэтгэгч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүх дээрх хариуцагчдыг зөвхөн гарын үсэг зурсан гэх хэлбэрийн шаардлагыг үндэслэл болгосон нь зээлийн гэрээний ерөнхий нөхцөл, хуулийн шаардлагатай зөрчилтэй болж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч иргэн Ц.Цэд ногдуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

6.5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үзэхэд зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлийн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Х ХК нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг гаргасан. Ийнхүү цуцласнаар түүнээс хойш хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдаж байна. Харин үүнээс өмнөх хугацааны зээлийн үндсэн төлбөр болон ногдох хүүг төлөх үүрэг зээлдэгчид үүснэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж зааснаас ч үзэхэд зээлийн гэрээний хүчинтэй байх хугацаа хүү төлөх шалгуур нь болж байна.

6.6. Мөн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 02 сарын 05-ны өдөр зарлагдсан бөгөөд тухайн үед шүүх шийдвэр гаргалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингэж хойшлуулсан үндэслэлдээ "Х ны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тооцоолол байхгүй тул баримт гаргуулах хэмээн дурьдсан. Гэвч уг захирамжийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй, шууд шүүх хуралдааныг товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн.

6.7. Дээрх захирамжийн дагуу Х баримтаа гаргаж өгөөгүй, хурал дээр төлөөлөгч нь гаргаж өгсөн ба өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00976 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

5.2. Хариуцагч нарын зүгээс Х ХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч зээл авсан ба зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл олгосон. Тиймээс зээлийн гэрээний 2.4.4-т заасны дагуу зээлийн төлбөрийг дуусах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нар нь төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.Ц , Ц.Цэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,711,275.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 10,011,653 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч талуудын хооронд байгуулсан 2018 оны 02 сарын 14-ний өдрийн №ххх дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1.1.1-д Зээлийн үлдэгдэл 9,590,000 төгрөг, 2.1.1.2-т Олгох зээл 1,500,000 төгрөг гэж тохиролцсон, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... өмнөх зээлийн гэрээний үүргийг нэгтгээд 9,590,000 төгрөг гэж тооцсон гэсэн тайлбар гаргасан байхад өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийн талаар тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийг үндэслэн явуулдаг атлаа өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг нэгтгэн дахин гэрээ байгуулах хэлбэрээр хүүгээс хүү тооцсон эсэх, уг тохиролцоо нь хуульд нийцэх эсэхийг тодруулах шаардлагатай.

 

4. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагаас гаргасан баримттай хариуцагч талыг танилцуулах талаар тодруулаагүй маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 138,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР