| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0559/э |
| Дугаар | 0553 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Э.Намуун
хохирогч: К.Н
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906003710640 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Б М, 19 оны дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, С аймгийн Сүхбаатар сумын дугаар баг дугаар хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел бааранд К.Н нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч К.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 4-ний шөнө Камел бааранд орсон. Манай найз нэг хүнтэй муудалцаж байхаар нь салгах гэж оролдсон. Тэгээд би тэр баарнаас гарах гэтэл үүдэнд зам хаагаад нэг хүн хэвтэж байсан. Би яаж хүний дээгүүр алхаад гарах вэ гээд холдуулах гээд тонгойтол нүд рүү хатуу юмаар тас гээд нэг удаа цохьсон. Би шилээр цохьсон гэж бодож байгаа. Гараар цохиход өөр, шилээр цохиход өөр байна гэж бодож байна. Би манараад ширээн дээр суугаад цусаа тогтоогоод цагдаад барьж өгөөд, гэмтэл явж үзүүлсэн. Би энэ хэргээс болж нүдний ухархайн яс хугарч хагалгаанд орох шаардлагатай байгаа. Нэг нүдний хараа энэ гэмтлээс болж муудаж байгаа. 10 хоног нүд хөхрөөд ажилдаа явж чадаагүй. Хагалгааны төлбөр ойролцоогоор 3 сая төгрөг болно гэж эмч хэлсэн. Би эмнэлгээс эмчилгээний баримт нэхсэн чинь хагалгаанд орсоны дараа гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Компьютер томографикт харуулсан. 70.000 төгрөгийн эм тариа, боолт зэрэгт зарцуулсан. Би баримтыг нь авах гэхээр хугацаа нь өнгөрсөн байх гэж бодоод байна. Тухайн үед эмийн санд баримт байгаагүй гэв.
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 4-ны шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансрын Тунель дээрх Камел бааранд найзууд болох Ч, Г, К, Л нарын хамт бид 5 орж үйлчлүүлсэн. Бид нар бааранд 0.75 литрийн архи 1 шил, хүн тус бүр нэг пиво авч уусан. Бид нар шөнийн 02.00 цаг өнгөрч байхад баарнаас гарах гэтэл Чулуунбаатар гэрэл тусгаад нэг юм хайгаад байсан ба юу хайгаад байгаа юм гэхэд бөгжөө унагаачихлаа гэсэн. Би хамт хайж байгаад олохгүй болохоороо цаашаа яваад бүжиглэсэн. Тэгээд хэсэг бүжиглэж байгаад Чулуунбаатар бид хоёр ширээндээ ирээд сууж байсан чинь үл таних 3 залуу, 2 хүүхэн ирчихээд гараад зодолдий гэхээр нь бид хоёр гараагүй. Хэсэг хугацааны дараа баарны дотор хаалганд Ч 2 залуу барьж аваад нүүрэн тус газарт нь цохиод байсан. Хажуунаас нь хоёр хүүхэн мөн цохиж байсан. Тухайн үед би салгах гээд оролдсон боловч нэг залуу нь над руу дайраад байсан. Тухайн залуу бид хоёрын дунд бага зэргийн л зай байсан. Тэгээд над руу ирээд жоохон тонгойхоор нь би нүүрэн тус газарт нь өшиглөсөн гэжээ. /хх-ийн 13/
Хохирогч К.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 4-ны шөнө 01.00 цагийн орчимд би өөрийн найз болох Содоо, Ганаа хоёртой хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунелийн дээр байрлах Камел шөнийн цэнгээний газарт орсон. Бид нар тухайн үед пиво авч уучихаад гарах гэтэл үүдэнд хэдэн залуучууд зодолдоод байсан. Би үүдээр гарах гээд нэг залууг хойш нь таттал миний араас татаад баруун талын нүд орчимд пивоны шилээр нэг удаа цохисон. Тухайн үед би ухаан балартаад, миний нүднээс цус гарсан байсан тул би ширээн дээр хэсэг суусан. Тэгээд баарнаас гараад нөгөө залуучуудаас зугтааж явж байгаад цагдаатай таарсан. Тухайн үед бааран дотор ямар нэгэн маргаан болоогүй. Харин намайг баарнаас гарах гэхэд үүдэнд нь хэсэг залуучууд зодолдож байснаа намайг гарах гэхэд гаргахгүй байхаар нь нэг залууг хойш нь татаад гарах гэтэл намайг пивоны шилээр нүдэнд цохисон. Мөн Тунель дээр явж байхад нөгөө залуучуудын нэг нь миний зүүн талын чихэнд нэг удаа мөн цохисон. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна гэжээ. /хх-н 7-11/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 3-ны шөнө 23.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел бааранд найзууд болох Ч, Г, М, Л нарын хамт бид 5 орж үйлчлүүлсэн. Бид нар 0.75 литрийн нэг шил архи, хүн тус бүрийн нэг нэг пиво авч уусан. Шөнө 02.00 цагийн орчимд намайг бааран дотор сууж байтал үл таних 4 эмэгтэй хүн тэр улаан малгайтай залуу гараад ир гээд над руу заасан. Тухайн үед би улаан малгайтай явж байсан юм. Би уг 4 эмэгтэйтэй баарны гадна гарч уулзсан. Тэд нар надаас эндээс гараад хайчих вээ гэхээр нь би харина гэж хэлсэн. Тэгтэл тэр дөрвөн охины нэг нь би 1985 оных гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг охин жоохон харагдаад байхаар нь үнэмлэхийг чинь үзий гэсэн. Уг охин үнэмлэхээ гаргаж ирээд надад үзүүлсэн. Би үнэмлэхийг нь үзэж байтал буцааж авах гээд байсан. Би үнэмлэхийг нь буцааж өгөхгүй гээд тоглоод байж байтал нэг охин цагдаа дуудлаа шүү гээд байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Намайг цагдаа дээр байхад нэг үл таних залуу хүнд зодуулчихлаа гэж орж ирсэн. Түүний араас Ч намайг авахаар орж ирсэн. Гэтэл нөгөө зодуулсан гээд орж ирсэн залуу шууд Ч заасан. Ч би биш шүү гэсэн. Гэтэл энэ залуутай хамт явсан 3 залуу зодсон гэж хэлсэн гэжээ. /хх-н 14-16/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 4-ны шөнө 00.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Камел бааранд Х, Ч, Л, М бид 5 орсон. Тухайн үед Х бүжгийн тайлбайд бүжиглэж байгаад үл таних 2 охинтой хамт баарнаас гарсан. Удалгүй араас нь Ч гарсан. Тэгээд Ч орж ирэхдээ Х цагдаа аваад явчихлаа гэж орж ирсэн. Тэгээд бид нар бүжиглэж байгаад 00 орчихоод гараад ирсэн чинь бааран дотор манай найзууд байхгүй байсан. Миний гадуур хувцас ч байхгүй болохоор нь би гайхаад гадаа гарсан чинь манай найз Б ирчихсэн миний цамцыг бариад зогсож байсан. Тэд нар намайг хаачаад ирэв бид нар сая хэсэг залуучуудтай муудалцаад бөөн юм боллоо гэж хэлсэн. Юунаас болсон юм гэхэд Ч бааран дотор бөгжөө унагачихаад хайж байтал нэг хүн гаран дээр нь гишгэчихсэн тэгээд уг залуутай Ч заамдалцаж аваад муудалцсан тэд нартай хамт явж байсан залуучууд мөн дайраад зодох гээд гэж М надад хэлсэн. Би ямар хүмүүс байсан юм гэхэд баарны буланд зогсож байсан үл таних 3 залууг заасан. Тэгэхээр нь М, Л бид гурав тэдгээр залуус дээр очоод яагаад томроод байгаа юм гэж хэлээд маргалдсан. Тэнд байсан нэг залуугийн бөгс рүү би нэг удаа өшиглөсөн. Удалгүй караокены цаанаас нэг залуу нүдээ гараараа дарчихсан та нар яаж байгаа юм бэ гээд гараад ирсэн. Бид нар нэг их тоолгүй цаашаа явсан. Харин Х 2 цагдаа барьчихсан явж байсан. Намайг 00 ороод гараад ирэхэд л Мягмаржав тэр залуугийн нүд рүү өшиглөсөн юм шиг байсан гэжээ. /хх-н 17-19/
Гэрч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар Камел бааранд 2019 оны 1 дүгээр сарын 4-ны шөнө орсон. Уг бааранд М-О, К бид нар орсон. Би ариун цэврийн өрөө орох гээд явж байгаад бөгжөө унагаасан. Тэгээд гэрэл тусгаад хайж байтал нэг үл таних эрэгтэй хүн миний гар дээр гишгэсэн. Би түүнтэй маргалдаад байж байтал уг залуутай хамт явж байсан 2 залуу ирсэн. М мөн ирсэн. Тэр ирсэн 2 залуу намайг боосон. Гэтэл намайг боож байсан залууг М ах түлхэж унагаад өшиглөсөн. Тэгээд салцгааж М ах шууд гараад явчихсан. Бид нар гадаа гараад мөн маргалдаж зодолдсон. Тэгэхэд М өшиглөсөн залуу тэнд байгаагүй. Удалгүй цагдаа ирж бид нар цагдаа дээр ирсэн гэжээ. /хх-н 20-22/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1124 тоот шинжилгээ
1.К.Н биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 25/
Шинжээч эмч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 1124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна гэжээ. /хх-н 26-27/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-29/
Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-49/
Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21/, Үндэсний ойжилт ХХК-ны цалингийн тодорхойлолт /хх-н 34/
Б.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 41-42/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/ зэрэг болно.
Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел бааранд К.Н нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...хохирогч К.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Би үүдээр гарах гээд нэг залууг хойш нь таттал миний араас татаад баруун талын нүд орчимд пивоны шилээр нэг удаа цохисон. Тухайн үед би ухаан балартаад, миний нүднээс цус гарсан байсан тул би ширээн дээр хэсэг суусан.... Намайг баарнаас гарах гэхэд үүдэнд нь хэсэг залуучууд зодолдож байснаа намайг гарах гэхэд гаргахгүй байхаар нь нэг залууг хойш нь татаад гарах гэтэл намайг пивоны шилээр нүдэнд цохисон. Мөн Тунель дээр явж байхад нөгөө залуучуудын нэг нь миний зүүн талын чихэнд нэг удаа мөн цохисон. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 7-11/ , Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1124 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр К.Н биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна, Гэрч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би ариун цэврийн өрөө орох гээд явж байгаад бөгжөө унагаасан. Тэгээд гэрэл тусгаад хайж байтал нэг үл таних эрэгтэй хүн миний гар дээр гишгэсэн. Би түүнтэй маргалдаад байж байтал уг залуутай хамт явж байсан 2 залуу ирсэн. М мөн ирсэн. Тэр ирсэн 2 залуу намайг боосон. Гэтэл намайг боож байсан залууг М ах түлхэж унагаад өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хэсэг хугацааны дараа баарны дотор хаалганд Ч 2 залуу барьж аваад нүүрэн тус газарт нь цохиод байсан. Хажуунаас нь хоёр хүүхэн мөн цохиж байсан. Тухайн үед би салгах гээд оролдсон боловч нэг залуу нь над руу дайраад байсан. Тухайн залуу бид хоёрын дунд бага зэргийн л зай байсан. Тэгээд над руу ирээд жоохон тонгойхоор нь би нүүрэн тус газарт нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.М нь баарнаас гарах гээд явж байсан К.Н газар унасан байсан хүнийг босгох гээд тонгойх үед нь нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөнөөс К.Н биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.М холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч К.Н нь эмчилгээний зардалд гэж хэрэгт КТГ-т харуулсаны 120.000 төгрөг, эмийн зардалд 28.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний 8000 төгрөгийн баримт нийт 156.000 төгрөгийн баримт өгсөнийг шүүгдэгч Б.М гаргуулж олгох нь зүйтэй. Хохирогч К.Н нь одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас энд гарах зардлыг нэхэмжлэнэ гэж байгаа боловч одоогоор хагалгаандаа ороогүй, тодорхой зардал гараагүй байгаа учраас гарсан үед нь жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 3 дугаар хэсэгт оршин суух, /РД: /, Ш овогт Б Мс 156.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуарангийн дугаар байрны тоотод оршин суух /РД: / К.Н олгох, хохирогч эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН