Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 27

 

Б.Нэргүйгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 252 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Нэргүйн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Алтангэрэлд холбогдох

 “25.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Г.Адъяатогтохын  шүүгч  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Х.Батжаргал. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Ж.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  Нэхэмжлэгч Б.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.Алтангэрэлтэй Арвайхээр сумын 1-4-2 тоотод байрлах өвлийн хашаа байшинг 28.000.000 төгрөгөөр 2014 оны 06 дугаар сард худалдан авахаар амаар тохиролцсон тухайн үед бэлнээр 11.000.000 төгрөг , 2014 оны 07 дугаар сарын 21-нд 10.000.000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 4.800.000 төгрөгийг тус тус өгсөн. Үлдэгдэл 2.200.000 төгрөгт нь Ж.Алтангэрэл засвар хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй.ба өөрсдөө засвар хийсэн. Хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтийг Ж.Алтангэрэлд удаа дараа тавьж байсан боловч миний нэр дээр байгаа санаа зоволтгүй гээд байхаар нь судалж үзтэл ХААН банкны зээлийн барьцаанд өөр хүний нэр дээр байдгийг нь мэдсэн. Иймд Ж.Алтангэрэлээс 25.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Ж.Алтангэрэлтэй хэлцэл хийгээд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөг 2015 оны 07 дугаар сард 10.000.000 төгрөгөө банкаар шилжүүлж төлсөн.  Хашаа байшингийн бичиг баримтыг нь авъя  нотариатаар батлуулъя  гэж удаа дараа  хэлж байсан  тэрэнд санаа зовох зүйлгүй гэж хэлдэг  байсан.. 4.800.000 төгрөгөө миний дансанд хийчих би бичиг баримтаа шилжүүлье  гэтэл  чимээгүй болж заримдаа  миний ажил амжихгүй байна гэсэн хариу өгч байсан. Ж.Алтангэрэлээс мөнгөө гаргуулж өөрөө орох оронтой болъё гэж бодож байна. Энэ байранд хүн амьдрах стандартын шаардлага хангаагүй гэжээ.

                        Хариуцагч Ж.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Арвайхээр сумын 1 дүгээр багийн Эрчимийн 8-2 тоот хашаа байшинг Н.Алтангадас гэдэг иргэнээс 2014 оны 04 дүгээр сарын 21-нд худалдан авсан. Би Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн аврах гал түймэр унтраах ангийн захиарагчаар томилогдож ажиллахааар явах болсон тул хашаа байшингаа зарах шаардлагатай болсон. Нарийнтээл сумын харъяат иргэн Нэргүй гэдэг хүн ирээд манайх хүүдээ авч өгье гэж хэлсэн. Тухайн иргэнтэй хоёулаа мөнгө төгрөгөө 100 хувь өгөөд наймаагаа хийнэ шүү гэсэн боловч би мөнгө төгрөгийг чинь 2 хувааж өгье гээд гэрт ирээд  мөн  утсаар яриад байхаар нь хашаа байшингаа  зарсан. Иргэн Нэргүй 2014 оны 07 дугаар сарын 05-нд 11.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Манайхыг амьдарч байхад одоохон суллаад өгөөч гээд хадагаа зүүгээд явсан. 2014 оны 07 сарын 21-нд 10.000.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нь хэзээ өгөх вэ гэж асуусан. Гэтэл манайд одоохондоо бололцоо алга тэгж байгаад өгнө гэдэг хариу өгсөн. Би Эрдэнэтэд ажилладаг болохоор наашаа явж чадахгүй 1 жил гаруй сураг тасарсан. Нэргүйд хашаа байшингийн гэрчилгээ бусад бичиг баримт, цалингийн зээлний барьцаанд байгаа шүү танайхыг мөнгөө бүрэн гүйцэт өгсний дараа нэр дээр чинь шилжүүлнэ гэж тохирсон. Хашаа байшинг худалдаж авахдаа өөрийн биеэр болон нөхөр, хүүхэд, ах дүү, хамаатан садангийхантайгаа ирээд сайхан том цэвэрхэн, цэмцгэр, саруулхан, хашаа байшин байна гэж үзээд л өөрөө худалдаж авсан. Би уг хашаа байшинг худалдаж аваад өвөл, хаврын улиралд амьдарч үзээгүй тул хүйтэн, дулааныг нь огт мэдэхгүй. Шинэ байшин учир ямар нэгэн байдлаар хүйтэн дулаанд дээврээс нь ус гоожих, хүн амьдрах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шинэ хашаа байшин зарсан. Үлдэгдэл 2.200.000 төгрөгөө та хэзээ өгөх вэ гэтэл танай байшин муу байна гэж элдэв үг яриад байхаар нь хүн чанар гаргаж, 2.200.000 төгрөгөндөө та нар өөрсдөө засвар, үйлчилгээ хий гэж тохирсон. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

             Хариуцагч Ж.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашаа  байшинг 2014 онд Алтангадас гэдэг хүнээс аваад 2014 оны 06 сард иргэн Л.Оюунцэцэгийн хүү Б.Нэргүй нь өөрсдөө ирээд үзэж хараад аман хэлцэл хийсэн. Хэлцэл хийгээд өөрсдөө болж байна, бүтэж байна гээд тохиролцоод явсан. Би байшингийн бичиг баримтаа шилжүүлэхдээ 28.000.000 төгрөгөө 100 хувь авч байж шилжүүлнэ гэж хэлсэн. Б.Нэргүй энэ жилдээ тал мөнгөө өгье манай малаас гарсан түүхий эдийн мөнгө нь энэ гээд надад 2 удаа шилжүүлсэн. Би байшингаа хүлээлгэж өгчихөөд Эрдэнэт хотруу явсан. Би энэ хүнтэй өмнө өмнөөсөө харж байгаад байшингаа үзүүлж, харуулж, танилцуулаад таньд болж байна уу, таалагдаж байна уу гэхэд болж байна, сайхан байшин байна гээд хэлцэл хийгээд боллоо бүтлээ гээд явсан. Би ингэж шүүхээр явна гэж бодсонгүй. Л.Оюунцэцэгт өөрт нь хэлж байсан. Энэ байшинг цалингийн зээлээр аваад бичиг баримт нь барьцаанд байгаа гэж хэлсэн. Иймд таныг мөнгөө өгөөд дуусахаар цалингийн зээлээ төлөөд бичиг баримтыг чинь өгье гэсэн аман хэлцэл хийж тохиролцсон. Би бүрэн бүтэн байшин хүлээлгэж өгсөн гэжээ.     

            Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлйин 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 25.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 286.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөлвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ж.Алтангэрэл   давж заалдах гомдолдоо:

Би анх 2014 оны 04-р сард иргэн Алтангадасаас /шинэ/ өвлийн хашаа байшин худалдаж авсан. Албан томилолтоор Эрдэнэт хотод шилжих болж, хашаа байшинг иргэн Б.Нэргүй, Оюунчимэг нар худалдаж авах санал тавьсан. Би уг саналыг хүлээн зөвшөөрч амаар хэлэлцэж тохироод хашаа байшингаа 28.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингээд тухайн үед 11.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 07 сард 10.000.000 төгрөг өгсөн. Бүх мөнгө төгрөгөө 100 хувь өгч дууссаны дараа бичиг баримтаа шилжүүлнэ гэж тохиролцсон. 2015 оны 11-р сард 4.800.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.200.000 төгрөгөө өгөөд бичиг баримтаа шилжүүлээд өгнө гэж бодож байтал намайг шүүхэд өгсөн байсан. 2 жил гаран амьдарчихаад надаас 25.800.000 төгрөгийн надаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хашаа байшингынхаа бичиг баримтыг иргэн Нэргүйд шилжүүлээд өгөхөд одоо бэлэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

           Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 252 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх талуудын тохиролцоог зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэжээ. Зээлээр худалдах худалдан авах гэрээний талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцөлүүдийг тохиролцоогүй болох нь хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн "...Алтангэрэлд 11.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2014 оны 7 сарын 21-нд 10.000.000 төгрөг, 2015 оны 11 сарын 6-нд 4.800.000" гэсэн тайлбаруудаар тогтоогдсон. Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нехцөлүүдийг тохиролцох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд уг хэлцэл нь энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан шаардлагыг хангасан бол хүчин төгөлдөр байх боломжтой байдаг. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгагдах нөхцөлүүдийг Иргэний хуулийн 263.1, 263.3-д заасан бөгөөд хуульд заасан нөхцөлүүдийн аль нэгийг тусгаагүй эсхүл гэрээг бичгээр байгуулаагүй бол энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-т зааснаар 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу талуудын хоорондын гэрээг эд хөрөнгө шилжсэнээр байгуулагдсанд тооцогддог гэрээ гэж үзэхээр зохицуулсаныг шүүх анхаараагүй, Иргэний хуулийн 22 дугаар бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заагаагүй юм.

Мөн талууд үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцэл нь хүчин төгөлдөр болно гэж хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалт нь зөвхөн өмчлөх эрх хэдийд нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж, шинэ өмчлөгчийн эрх хэзээ эхлэж байгаа хугацааг тодорхойлсон зохицуулалт юм. Гэтэл шүүх хуулийн энэ заалтыг баримтлан хариуцагч Ж.Алтангэрэлэзс 25.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

  Нэгэнт уг амины орон сууцыг Б.Нэргүйд шилжүүлсэн, Б.Нэргүй төлбөрийн дийлэнх хэсгийг буюу 25.800.000 төгрөгийг Ж.Алтангэрэлд төлчихсөн, 2 жилийн хугацаа өнгөрчихсөн байхад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн засвар хийсэн гэх 2.000.000 төгрөг болон /энэ нь баримтаар нотлогдоогүй байгаа/ Ж.Алтангэрэлд төлөх ёстой үлдэгдэл 2.500.000 төгрөгийг хоорондоо харилцан тооцож үүргийг дуусгавар болгох боломжтой. Мөн шинэ өмчлөгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой бөгөөд хуульд зааснаар энэ эрх Ж.Алтангэрэл, Б.Нэргүй хоёрт хэн алинд нь байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

            Хариуцагч хууль тогтоомжийг үл тоомсорлож, мэдээлэл ховортой хөдөөгийн нөхцөлд ажиллаж амьдардаг хүмүүсийг хууран мэхэлж, хэрэгцээ шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, үл хөдлөх хөрөнгийг худалдсан дүр эсгэж, нэхэмжлэгчийг 2 жил хохируулсан үйлдэлдээ дүгнэлт хийгээгүйд харамсаж байна. Бусдыг хууран мэхэлж хийсэн хэлцлээ шударга ёсны зарчим гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Б.Нэргүй  нь хариуцагч  Ж.Алтангэрэл  Арвайхээр сумын 1-4-2 тоотод байрлах өвлийн хашаа байшингаа зараад өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй гээд Ж.Алтангэрэлээс 25.800.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч мөнгөө өгөөд дуусахаар цалингийн зээлээ төлөөд бичиг баримтыг өгөхөөр   аман хэлцэл хийж тохиролцсон, бүрэн бүтэн байшин хүлээлгэж өгсөн  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.                        

             Нэхэмжлэгч уг хашаа байшинг эзэмшилдээ авч, хариуцагч  өөр орон нутаг шилжиж 25800000 төгрөгийг хүлээн авсан байна.

             Худалдах худалдах авах гэрээ хэрхэн байгуулагдсанг иргэний хуулийн ерөнхий ангийн нийтлэг зохицуулалтаар хэрэгжүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх хэлцлийг бүртгэлийн газар бүртгүүлсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог /Иргэний хуулийн 109,110,182 дугаар зүйл/ Мөн хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлвэл зохих хэлцлийг бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр бичгээр хийсэн гэж үздэг   /Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3/

              Иймд  үл хөдлөх эд хөрөнгө нь зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйл болж чадахгүй тул талуудын хоорондын гэрээг эд хөрөнгө шилжсэнээр байгуулагдсанд тооцогддог гэрээ гэж үзэх  боломжгүй . Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна .

              Зохигчид Арвайхээр сумын 1-4-2 тоотод байрлах өвлийн хашаа байшинг худалдах худалдан  авах  талаар амаар тохирч хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж  хийсэн  хэлцэл    нь  хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч мөнгөө бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхтэй байна

             Шүүх: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтаар хариуцагчаас мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн зүйлчлэл буруу байх тул зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч болон  түүний өмгөөлөгчийн, хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч Ж.Алтангэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286950 төгрөгийг төсвийн орлогод үлдээхийг дурьдаж байна .

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 252 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 25.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 25.800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэргүйд олгож гэсэн өөрчлөлт оруулсугай.  

2.Хариуцагч Ж.Алтангэрэл түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Хариуцагч Ж.Алтангэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                       ШҮҮГЧИД                               Г.АДЪЯАТОГТОХ

                                                                              Г.УЛАМБАЯР