Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/0189

 

*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, түүний орчуулагч И.Н.Чойжамц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 231 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн 2009 оны 24789 дүгээр гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 9 дүгээр байрыг 2204008826 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 9 дүгээр байр одоо ч байдаг бөгөөд өмнө захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхийн журмаар бүртгэлийн албанаас лавлагаа авахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа талаар лавлагаа гаргаж өгч байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн албанд хүсэлт гарган Улсын бүртгэлийн 2204008826 дугаарт бүртгэгдсэн 24789 дүгээр гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 хороолол, 4 хорооны 9 дүгээр байрыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон хаягийн өөрчлөлт хийлгэн бүртгүүлсэн байна. Бүртгэлийн хэлтэс нь бүртгэлийн үнэн зөвийг зөвхөн хаягийн бүртгэл бус бүртгэлийн үнэн зөвийг нотлох бусад нотлох баримтыг шаардахын зэрэгцээ нотлох үүргийг давхар шалгах үүрэгтэй.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нь засаг захиргааны ямар актаар 5 дугаар хороо болон өөрчлөгдсөн талаарх эрх зүйн баримт байхгүйгээр мөн 4 болон 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёуланд нь ОХУ-ын өмч гэх 9 дүгээр байр 2 байхад өмчийн талаас нь нотлох баримтгүйгээр өөрчлөн бүртгэсэн нь хууль зөрчсөн байна. Иргэн Дамбын Галсанпунцаг би гэр бүлийн гишүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 15 тоот байранд 2000 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.

1.  Иргэн миний бие 2000 оны 10 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орцны 15 тоот байранд оршин суудаг.

2.  Иргэн намайг ОХУ-ын өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ямар нэг төлбөр хийгээгүй, гэрээ хэлцэлгүй орон сууцыг эзэмшиж байгаа гэдгийг нотолсон баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.

3.  Миний бие ОХУ-ын өмч гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орцны 15 тоот орон сууцыг Оюуны ундраа ХХК, КОО Зарубежстрой в Монголии, Госзагрансобственность гэх Холбооны Улсын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар, Улан-Баторский филиал Российский экономический университет Г.В.Плеханова, Монгол Улсын иргэн Жамбаагийн Галт нартай түрээсийн гэрээг орос, монгол хэл дээр янз бүрийн нөхцөл, хугацаатайгаар эзэмших гэрээг тухай бүр нь байгуулан тэдгээр хуулийн этгээдээр дамжуулан зохих төлбөрийг төлж ирсэн.

4.  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 09 дүгээр орон сууцны оршин суугч миний эсрэг иргэдийг орон сууцнаас чөлөөлөх, улмаар албадан нүүлгэн гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хууль зөрчин бүртгүүлсэн ОХУ-ын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 70/14 дүгээр албан бичгээр шүүхэд гаргах, зах зээлийн ханшнаас өндрөөр түрээсийн үнэ төлбөр удаа дараа нэхэмжлэх зэргээр миний болон манай гэр бүлийн эрх ашиг сонирхлыг хохироож байна.

5.  Миний бие энэхүү орон сууцыг хуулийн дагуу хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн этгээдээр бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулж, аюулгүй орчинд эрсдэлгүй нөхцөлөөр эзэмшихдээ өөрийн гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг Үндсэн хуульд зааснаар хамгаалуулах хүсэлтэй байна.

6.  Хууль зөрчилгүй 14 жилийн турш эзэмшиж байгаа, надад амьдрах өөр газар байхгүй, орон сууцны ашиглалтын технологийн хугацаа дууссан, Монгол Улсад үнэ төлбөргүй буцаан өгөх шаардлагатай, хууль зөрчиж бүртгэгдсэн тул тус байрыг чөлөөлөх боломжгүй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 36 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус зөрчин Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 9 дүгээр байрыг Улсын бүртгэлд бүртгэж Улсын бүртгэлийн Ү-2204008826 олгож, 24789 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Иймд ОХУ-ын өмчөөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр орон сууцыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаарт бүртгэлтэй, /хуучнаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, №9/ хаягт  байрлах орон сууцны барилгын өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд шинэ хаяг /Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ж.Лхагвасүрэнгийн гудамж 9/-аар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл, Ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтэс”-ийн 2014 оны 3/1509 албан тоот, хаяг байршлын зургийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Иймд, гомдлыг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэлгүй гэжээ. 

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Жилийнский, В.В.Белозеров нар шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж хаягаар байрлаж байгаа 9 дүгээр орон сууц нь ОХУ-ын өмч байх бөгөөд газар нутаг, засаг захиргааны хуваариар 4 дүгээр хороонд хамаарахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутагт ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 354 дүгээр шүүгчийн захирамжаар ОХУ-ын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцох болон хүчингүй болгуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг Баянзүрх дүүргийн 5 хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 231 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн ******* 2000 оны 10 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орцны 15 тоот байранд гэр бүлийн хамт оршин сууж байна.

Гэтэл оршин суугч Д.Галсандунцагаас орон сууцыг чөлөөлөх, улмаар албадан нүүлгэн гаргах нэхэмжлэлийн шаардлагыг (ОХУ-ын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 70/14 дүгээр албан бичгээр) шүүхэд гаргах, зах зээлийн ханшнаас өндрөөр түрээсийн үнэ төлбөр удаа дараа нэхэмжлэх, шаардаж хэвийн бус байдлаар харьцаж эхэлсэн байна.

Иргэн ******* нь энэхүү орон сууцыг "Оюуны ундраа" ХХК, КОО Зарубежстрой в Монголии, Госзагрансобственность гэх Холбооны Улсын үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар, "Российский экономический университет Г.В.Плеханова"-ийн Улаанбаатар салбар, Монгол Улсын иргэн Жамбаагийн Галт нартай орос, монгол хэл дээр янз бүрийн нөхцөл, хугацаатайгаар эзэмших тухай түрээсийн гэрээг байгуулан тэдгээрээр дамжуулан зохих төлбөрийг төлж ирсэн боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууцны 1 дүгээр орц, цаашилбал 09 дүгээр орон сууцыг хуулийн дагуу жинхэнэ өмчлөгч, эзэмшигч байгаа эсэх нь тодорхойгүй, уг орон сууцыг "түрээслэгч"-ид байрны хөлс төлбөрөө төлөх хаана хэнд төлөх нь эргэлзээтэй байдалд орсон байна.

Уг орон сууц Оросын Холбооны Улсын гэх нэртэй боловч бүртгэлгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгүй ОХУ-ын янз бүрийн байгууллагын мэдэлд ямар эрх зүйн акт баримт бичиггүй дамжин явж иржээ.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүхэд нотлох баримтаар авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хүлээн авч үнэлэх, шүүхэд хэлэлцэгдээгүй үйл баримт, холбогдох хуулийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хариуцагч тал, гуравдагч этгээдэд ашигтайгаар хэрэглэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Үүнд:

1. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч С.С.Жилийнский анхан шатны шүүхэд Монголын талд шилжүүлэн хүлээлгэж өгөх ёстой гэж ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт удаа дараа яригдаж байгаа, шийдлээ хүлээсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны 9 дугаартай барилга бүртгэлгүй явж байсан учир "Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын өмчлөлийн 1,2,7,8,9,10 дугаар орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд "...4 дүгээр хороо..." гэж буруу бичсэнийг "...5 дугаар хороо" гэж залруулж өгнө үү" гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авсан иь хуульд нийцээгүй бөгөөд бодит байдал дээр "Уг 9 дүгээр байр" огт бүртгэлгүй байсныг нотлон харуулж байгаа болно.

Харин шүүх "Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчлөлийн орон сууцнууд байж байгаад 1995-2010 онуудын хооронд Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын мэдэлд бүрэн шилжсэн бүртгэлийг нягтлан шалгалгүй Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг үндэстэй гэсэн" нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна.

Мөн гуравдагч этгээд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын "Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар"-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч "Улаанбаатар хотод Зөвлөлтийн мэргэжилтэнд зориулан соёл, ахуйн объектын хамт орон сууцны цогцолбор"-ын хил дотор байрлаж байгааг нотлох, Монгол Улс дахь ОХУ-ын ул хөдлөх эд хөрөнгийн объектыг эзэмших байдал нь Олон Улсын эрх зүйн актаар /1971 оны Засгийн газар хоорондын протокол, 1979 оны хэлэлцээр/, 1969 оны Олон Улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенци, Монгол Улсын газар нутагт ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа гэсэн тайлбараас өөр нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх энэхүү тайлбарыг нотлох баримтаар үнэлж хууль зөрчсөн байна.

Мөн шүүх "БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны Протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга ... 1971-1975 онуудад Улаанбаатар болон Дархан хотод "58 объект" баригдсаны дотор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3025 м.кв талбай бүхий орон сууцны 9 дугаартай барилга багтсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/ нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх таван давхар угсармал барилгыг эрхийн улсын бүртгэлийн 2204008826 дугаарт Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, 24789 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ" гэснийг нотолсон баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад шүүхийн шийдвэрт тусгасан байна.

2. Иргэн ******* өөрийн эзэмшиж байгаа орон сууцтай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхийн журмаар бүртгэлийн албанаас лавлагаа авахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа талаар лавлагаа гаргаж өгсөн тул энэхүү орон сууцыг хуулийн дагуу эзэмших, өмчлөх эрх нь Улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан, хуулийн этгээдээр бүртгэгдсэн этгээдтэй гэрээ байгуулж, аюулгүй орчинд эрсдэлгүй нөхцөлөөр эзэмших эрхээ хамгаалуулахын тулд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хүргэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 09 дүгээр орон сууц (цаашилбал 1 дүгээр орцын 15 тоот орон сууц)-ыг Улсын бүртгэлд хууль зөрчин бүртгэх нь иргэн *******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 2, 3, Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасан заалтуудаар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн болно.

Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд, хариуцагч, гуравдагч этгээд иргэн миний эрх зөрчигдөөгүй гэж үзэн тайлбарлаж шүүхийн шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийн үндсэн дээр нэхэмжлэгч тал захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэхийг хүсэж байна.

Иргэн *******ийн эзэмшилд байгаа 15 тоот орон сууц нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр орон сууцны бүрдэл хэсэг болох бөгөөд түүнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 14 дүгээр зүйл, 36 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Мөн Орон сууцны тухай хуулийн /1999 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан заалтууд нь иргэн *******ийн эрх, ашиг сонирхолтой шууд хамааралтай юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын төлөөлөгч, Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын бие төлөөлөгч нар иргэн *******ийг хууль бусаар бусдын өмчлөлд халдсан, түүнийг орон сууцнаас албадан гаргана гэх зэргээр удаа дараа айлган сүрдүүлж, доромжлон дайрахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин газар ашиглах гэрээ, гэрчилгээгүй 1992 оноос орон сууцны доорх болон нийтийн эзэмшлийн газрыг өөрийн өмч мэт ашиглаж байгаа нь зөв зүйтэй арга хэмжээ гэж тодорхойлон тайлбарлаж байв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2-3, 13-дугаар зүйлийн 13.5.1-13.5.8, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус ноцтойгоор зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулиудыг "дээрх байдлаар ноцтойгоор" зөрчин Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 9 дүгээр байрыг Улсын бүртгэлд бүртгэж Улсын бүртгэлийн Ү-2204008826 дугаар олгож, 24789 дугаартай гэрчилгээг олгосон нь иргэн *******ийг хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол эрсдэлд орохгүй байхын баталгаа бус гэж үзэж байна.

Монгол Улсын хууль зөрчсөн Улсын бүртгэлийн үр дагаврыг Монгол Улсад хуулийн этгээдээр бүртгэгдээгүй "ОХУ" гэсэн хэн нь үл ойлгогдох, цаашилбал хуулийн этгээдийн эрхгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын "Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар" хариуцна гэж ойлгохгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны 9 дугаартай барилгыг Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын нэр дээр ч бүртгээгүй байх тул энэхүү орон сууц нь Монгол Улсад үнэ төлбөргүй шилжих орон сууц бөгөөд 15 тоот орон сууцыг 14 жилийн турш эзэмшиж, амьдарч байгаа, цаашид оршин суугч *******т хувьчлагдан очих эрх зүйн үндэстэй тул хууль тогтоомжийн ямар нэг зөрчилгүй, хуулийн дагуу бүртгэгдсэн эзэмшигч, өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулах, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хангах шаардлагатай байна.

Улсын бүртгэл хийж өмчлөгчийн гэрчилгээг олгох эрх зүйн үндэслэл байгаагүйгээс гадна дээрх дурдсан хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн байх тул тухайн захиргааны акт болох Улсын бүртгэлтэй холбогдох заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:       

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууцыг “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр орон сууц” болгон өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий улсын бүртгэлээр 9 дүгээр байрны хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн оршин суудаг 9 дүгээр байрны өмчлөх эрхтэй холбогдуулан, “байрны өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байхад ОХУ-ыг өмчлөгчөөр бүртгэж, олон жил түрээслэн амьдарсан миний эрхийг зөрчсөн” гэж маргаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хийх ба энэ тохиолдолд захиргааны байгууллага холбогдох баримтыг үндэслэн хаягийн өөрчлөлт хийсэн нь хуульд нийцсэний дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Уг маргаан бүхий байр нь ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 24789 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба захиргааны байгууллагаас хаягийн өөрчлөлт хийхдээ өмчлөгчийн хаяг өөрчлөх хүсэлтээс өөр бусад асуудлыг, тухайлбал өмчлөгч хэн болохыг шалган тогтоох чиг үүрэг хүлээхгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн түрээслэн суудаг байрны өмчлөх эрхтэй маргах эрхтэй болохоос өөр хороонд байрлах 9 дүгээр орон сууцны улсын бүртгэлтэй холбогдуулан маргах эрхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн “Монгол Улсад шилжин ирээд хувьчлагдсан, хүчин төгөлдөр бус орон сууцны гэрчилгээг өөр объектод шилжүүлэн, хуурамч бичиг баримтыг ашигласан” гэх гомдол нь 24789 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр няцаагдаж байх бөгөөд “4 дүгээр хороо 9 дүгээр байр нь ОХУ-ын өмч биш бөгөөд Монгол Улсын иргэдэд хувьчлагдсан, 5 дугаар хороо, 9 дүгээр байр нь ОХУ-ын өмч” тухай давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Уг маргаан бүхий орон сууцны 15 тоотыг нэхэмжлэгч 2000 оноос түрээслэн амьдарч байгаа, энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 зааснаар захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.

Нэгэнт захиргааны байгууллагаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ОХУ-ыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, хууль ёсны өмчлөгчийг тодорхойлсон гэрчилгээ олгосон, түүнийг үндэслэн орон сууцны хаягийн өөрчлөлт хийсэн бүртгэл нь уг орон сууцыг түрээсээр эзэмшиж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

Нэхэмжлэгчийн “байрны өмчлөгч хэн болох нь тодорхойгүй, олон жил амьдран суусан байраа хувьчилж авах боломжгүй болгосон, түрээс өндөр төлбөр төлөх нөхцөл үүссэн” гэх гомдол энэхүү маргаан буюу хаяг өөрчилсөн улсын бүртгэлтэй хамааралгүй, түрээслэгчийн эрхийн асуудал болон 9 дүгээр орон сууцны өмчлөгч хэн болох нь иргэний эрх зүйгээр зохицуулагдах, иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал юм. 

Иймээс нэхэмжлэгчийн “орон сууцыг ОХУ-ын нэр дээр бүртгэсэн бүртгэлтэй холбоотой баримтыг цуглуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй, шүүхээс нэхэмжлэлийн хүрээнд улсын бүртгэлтэй холбоотой баримтыг хэрэгт цуглуулах болохоос захиргааны актын хүрээнээс хальсан, иргэний эрх зүйн өмчлөлийн асуудлаар нотлох баримт цуглуулах үүрэггүй болно. 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 231 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ