Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00627

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00627

 

ххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 103/ШШ2023/00729 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххх-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххх,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хххххххх-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар 2019 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад тус ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр гүйцэтгэгч, бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч эвлэрэн хэлэлцээгүй болно. Мөн Багануур дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд давж заалдах журмаар хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

1.3. ххххх ТӨХК нь 140 ажилтантай хэдий ч хүний нөөцийн мэргэжилтэн гэх орон тоо огт байхгүй, миний бие Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтний ажлыг давхар гүйцэтгэдэг байсан.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ххххх ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр гүйцэтгэгч, бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б79 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн шалгалтын комисс тус байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажиллаж комиссын дүгнэлт гарсан.

Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан Шүүр ажиллагааны хүрээнд байгууллагын нийт удирдах албан тушаалтнуудын томилогдсон байдал болон холбогдох баримт бичгүүдэд үзлэг шалгалт хийж, тэдгээр удирдах албан тушаалтнуудыг биечлэн байлцуулж ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангасан эсэхийг шалгасан.

Ийнхүү салбарын яам болон эрх бүхий байгууллагын хамтарсан комиссын шалгалтаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга хххх нь албан тушаалын тодорхойлолтод заасан эрх зүйч, төрийн удирдлагын менежер байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон. Энэхүү шалгалтын комиссын ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад хххх нь Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг өөрийн мэргэжилд нийцүүлэн сольж, зүүн аймгуудаар шалгалт хийгээд буцах замд нь өмнөх ажлын байрны тодорхойлолтыг засварлаж өөрчлөн комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан Эрчим хүчний яамны мэргэжилтэнд өгөхийг завдан хууран мэхлэх үйлдэл гаргасан.

2.2. ххххг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгжээс зөвхөн ганц ажилтанд чиглэсэн, гүйцэтгэх удирдлагын буюу ганц хүний үзэмжээр шийдэгдсэн асуудал бус, хөндлөнгийн комисс буюу эрх бүхий байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комиссын дүгнэлт, шийдвэрээр тухайн удирдах албан тушаалтан нь мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болно.

хххх нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж олон ажиллагсдын ээлжийн амралтын хоног, удаан жилийн тодорхойлолтыг буруу бичиж хайхрамжгүй хандсан нь ажилтнуудын эрх, ашиг сонирхол зөрчигдөж, дутуу цалин хөлс авч тэдгээр ажилтнууд байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороонд удаа дараа гомдол гаргасан байдаг.

2.3. 2022 оны 03 дугаар сард ажилтнуудын төлөөлөл энэхүү асуудлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрчим хүчний яаманд мэдэгдсэнээр манай байгууллагад хяналт шалгалт хийгдэж байсан. Хүний нөөцийн мэргэжилтний орон тоо тус байгууллагад байхгүй боловч дотооддоо зохицуулалт хийж, Хуулийн зөвлөх, архивын эрхлэгч, Захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч гэсэн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харьяалагддаг 2 ажилтны ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулан хуваан хийж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга дангаараа хүний нөөцийн мэргэжилтний үүрэгт ажлыг 100 хувь гүйцэтгэсэн тохиолдол байхгүй. хххх нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсний учир гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/123 тоот тушаал, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/22 тоот тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулж байсан. Манай байгууллага нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ххххгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххххххххгийн, хххххххххххххххд холбогдуулан гаргасан хххххххх-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийг ... мэргэжил, мэргэшлийн түвшингийн хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон хэмээн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хариуцагч байгууллага ... салбарын яам болон эрх бүхий байгууллагын хамтарсан шалгалтаар... хххх нь албан тушаалын тодорхойлолтод заасан эрх зүйч, төрийн удирдлагын менежер байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон хэмээн тайлбарласан.

4.2. Нэхэмжлэгч хххх нь эрх зүйч төрийн Удирдлагын менежер байх шаардлагыг хангахын тулд багадаа 2,5 жил суралцах шаардлагатай. Гэтэл ажил олгогч эрх зүйч төрийн удирдлагын менежерээр суралцах тухай анхааруулж боломжит хугацаа олгоогүй, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тул хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авах тухай Эрчим хүчний сайдын албан бичиг ирснээс хойш 1 сарын дараа л ажлаас чөлөөлсөн байдаг.

Ажиллаж байсан нийт хугацаа болон сануулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан асуудал нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байна гэж үзэх үндэслэл биш бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч хххх нь Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхээр харагддаг. Энэхүү тодорхойлолтыг ажил олгогч буюу гүйцэтгэх захирал болон хуулийн зөвлөх нь баталгаажуулж тамга дарж, гарын үсгээ зурсан. Энэ талаар хариуцагч тал маргаагүй.

Энэхүү ажлын байрны тодорхойлолтын дагаж мөрдөх огноог ажил олгогч 2022.12.01 гэж бичсэн байх тул энэхүү тодорхойлолтоор нэхэмжлэгч нь Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхээр байх тул ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байна.

4.3. Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр зэргээр тогтоогдсон байхыг шаарддаг. ххххгийн хувьд ийнхүү тогтоогдоогүй.

Ажил олгогч ххххг ажилд тэнцэнэ хэмээн ажилд авах тушаал шийдвэр гаргаж улмаар хэдэн жил ажиллуулсны дараа гэнэт мэргэжил нь тэнцэхгүй буюу өөр мэргэжилтэй хэмээн дахин мэргэжил эзэмших хугацаа олголгүй 1 сарын хугацаанд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь ажилтны эрхийг хэтэрхий хохироосон, хууль бус үндэслэлгүй шийдвэр юм.

Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангах зорилгоор суралцаж байгаа бөгөөд энэ талаар тодорхойлолт шүүхэд өгсөн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Эрчим хүчний сайдын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/84 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг манай байгууллагад ирж ажиллан удирдах албан тушаалтнуудын томилогдсон байдалд хяналт шалгалтыг хийсэн.

Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн томилогддог албан тушаалтнууд болон компанийн нэгжийн удирдлага /салбар, хэлтэс, алба, цех/ түүнээс дээшхи албан тушаалтнуудын томилогдсон байдалд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтад Эрчим хүчний яамны 80 төрийн албан хаагч, эрчим хүчний салбарын төрийн өмчит 27 компанийн 439 ажилтан, нийт 519 албан тушаалтнууд хамрагдсанаас 112 албан тушаалтны томилгоотой холбоотой зөрчил илэрсэн. Үүнээс: Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.2-д заасан ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлага хангаагүй 62 албан тушаалтан тогтоогдсон байна.

5.2. Манай компанийн 1 ажилтан буюу Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хххх нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30-с доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэн "Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшингийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа нь эрх бүхий байгууллагаас томилогдсон хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул" ажлаас чөлөөлж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтад заасны дагуу 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болно.

хххх нь ажлын хариуцлага удаа дараа алдаж байсан учир гүйцэтгэх захирал хххххх нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан ба байгууллагын удирдлагын зүгээс сахилгын шийтгэл ногдуулахын өмнө ба дараа нэхэмжлэгч ххххг мэдлэгээ дээшлүүлэх, ажлын байрны тодорхойлолтод тусгасан" эрх зүйч, төрийн удирдлагын менежер" мэргэжлээр суралцахыг зөвлөж байсан боловч үл ойшоож, өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгасан мэргэжил эзэмших, мэдлэгээ дээшлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно.

хххх нь анхан шатны шүүх хуралд 2020 оны 09 сард Улаанбаатар-Эрдэм их сургуулийн магистрийн ангид элсэн суралцаж байгаа талаар мэдэгдэж байгаагүй.

5.3. Ажлын байрны тодорхойлолтын тухайд шинээр боловсруулах үүрэг даалгаврыг хуулийн зөвлөхөд өгсөн ба нийт 140 ажилтны ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулахад судалгаа хийхээс эхлээд цаг хугацаа их орсон тул удирдлагын зөвлөлд танилцуулж, албажуулаагүй байсан. Гэтэл зөвхөн төсөл хэлбэртэй байсан, албажаагүй ажлын байрны тодорхойлолтын төслийг захиралд танилцуулна хэмээн боловсруулсан ажилтнаас авч, 7 хоногийн дараа өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдөх гэж байсан гүйцэтгэх захирлаар зуруулж, хяналт шалгалт дуусч, ажлын хэсгийн гишүүд Улаанбаатар хот явсны дараа ажлын хэсэгт ажилласан гишүүдэд өгөхийг завдсан хууран мэхлэх үйлдэл гаргаж байгаа нь нэхэмжлэгч зөвхөн мэргэжил, мэргэшлийн хувьд төдийгүй ёс зүйн хувьд тухайн албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг харуулж байгаа юм.

5.4. хххх нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй нь эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсгийн хяналт шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30-с доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг үндэслэн 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцон олгосон нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд манай байгууллага нь давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ххххгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххххх-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Салбарын яам болон эрх бүхий байгууллагын хамтарсан хяналт шалгалтаар хххх нь мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. Талууд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдрийн хххххххх-ийн захирлын Б/157 дугаар тушаалаар ххххг Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажилласнаар тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-23, 53-58/

4. хххххххх-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хххх нь албан үүрэгтээ мэргэжил мэргэшлийн түвшингийн хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх-3, 23, 53-58/

 

4.1. хххх нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу Багануур дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны тэмдэглэлийг хүлээн аваад мөн зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд хандсан байна. /хх-4-9/

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

6. хххххххх-ийн Ажлын байрны тодорхойлолтод Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргад тавигдах ерөнхий шаардлагад ...Эрх зүйч буюу төрийн удирдлагын менежер мэргэжилтэй... байх гэж тодорхойлжээ. /хх-59-60/

 

Ажил олгогч хххххххх нь дээрх шаардлагыг харгалзан үзэлгүйгээр ажилтан ххххтай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахдаа тухайн үед үйлчилж байсан ажлын байрны шаардлагыг хангаагүй байхад нь томилсон байна.

 

Харин, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч байгууллагаас Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, уг албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг ...Эдийн засагч, Эрх зүйч, орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтэн... гэж тодорхойлон, байгууллагын эрх бүхий албан тушаалтанууд хянаж, гарын үсэг зурж баталгаажуулан, тамга дарж, ажилтан хххххххд танилцуулан, мөн гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байх тул хуурамч гэж үзэхгүй. /хх-59-64/

 

хххх нь Говь Дээд сургуулийг Испани хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэгтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч байгууллагаас Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтад заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. /хх-65/

 

7. Иймд нэхэмжлэгч ххххг хххххххх-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай тус тус нийцнэ.

 

7.1. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын .... тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан талуудын хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин болох 998,382 төгрөгийг сүүлийн 3 сарын дундажаар тодорхойлон, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажлын 218 хоногоор тооцон хугацаагаар тооцон, 24,672,804 төгрөгийг хариуцагч ххххх ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгох үндэслэлтэй байна.

 

7.2. Хариуцагч байгууллагаас 24,672,804 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 103/ШШ2023/00729 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ххххг хххххххх-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч хххххххх-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 24,672,804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххд олгож, уг олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасугай. гэж өөрчлөн,

2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч хххххххх-аас 281,314 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД