Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05955/И |
Дугаар | 4841 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 4841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 88-19 тоотод оршин суух, Дэлгэрэх овогт Самбуусүрэнгийн Цэрэндүг /РД:ЧО72121761/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 51-134 тоотод оршин суух, Од овогт Самбуугийн Даваагарав /РД:ЧК72072411/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Цэрэндүг, хариуцагч С.Даваагарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэрэндүг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Даваагаравтай 2001 онд танилцаж, 2001 онд С.Даваагарав Англи улс руу явж би араас нь жилийн дараа очиж хамтын амьдралаа эхлүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Д.Очир, 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр охин Д.Анар нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүд Англи улсад өнгөрч бусдын адил сайхан амьдарч байсан. Ингээд 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Монгол улсад ирж, 5 сарын дараа С.Даваагарав Монголд ирсэн. Монголд ирсэнээс хойш гэр бүлд тавих анхаарал халамж байхгүй болж гадуур хонож архи ууж, зугаа цэнгэл хөөцөлдөж, бусадтай гэр бүлийн харилцаа тогтоож үүний улмаас гэртээ ирэхээ больж тусдаа амьдарч байна. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч С.Цэрэндүг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 88-19 тоот байр, Таван-Эрдэнэ хүнсний захын урд байрлах үйлчилгээний 1 давхар объект, газар эзэмших эрх, БГД-ийн 19 дүгээр хороо, 51-134 тоот үл хөдлөх зэргээс надад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 88-19 тоот орон сууцыг болон Таван-Эрдэнэ хүнсний захын урд баригдаж байгаа барилгаас хүү Д.Очир, охин Д.Анар нарт талбай өгөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу уг орон сууцны нэрийг миний нэр дээр шилжүүлэх гэхээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн нөхөр С.Даваагарав нь Капитал банкны зээлийн барьцаанд тавьсан тул нэрийг шилжүүлэхгүй боломжгүй байна. Иймд миний бие нөхөр С.Даваагаравтай харилцан тохиролцсоноор эд хөрөнгийн асуудлаа зээлийг төлж дууссаны дараа шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул гэр бүлийн гишүүдийн хамтранөмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.Очир, охин Д. Анар нарыг өөрийн асрамжиндаа авч, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Даваагарав нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2004 оны 1 сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Очир, 2007 оны 8 сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Анар нарыг эцэг миний бие нь өөрийн асрамжинд 18 нас хүртэл нь авах хүсэлтэй байна. Эцэг миний бие нь төрсөн охиндоо хойд эцгийн гар харуулах сэтгэл алга. Манай эхнэр нь хамтран амьдрагчтай болсон сэтгэгдэл төрсөн юм. Мөн 2016 оны 7 сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутанд утсаар ярихад хоёр хүүхдээ намайг ав гэсэн. 20 цагийн үед дахин ярихад сайхан залуутай зайсанд пиво уугаад сууж байна гэсэн. Иймд миний бие хоёр хүүдээ өөрөө авах хүсэлтэй байна гэв. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд бол Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 88-19 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Цэрэндүгт өгнө. Одоо өгөх гэхээр банкны барьцаанд байгаа учраас болохгүй байна. Банкны зээлээ төлж дуусгаад С.Цэрэндүгийн нэр дээр шилжүүлж өгн, энэ талаар бид харилцан тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэрэндүг нь хариуцагч С.Даваагаравт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 88-19 тоот орон сууцыг надад өгөхөөр хариуцагчтай харилцан тохиролцсон боловч уг орон сууц нь зээлийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байна. Уг орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсний дараа нэрийг нь шилжүүлэхээр хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг дараа жич шийдвэрлэх болсон” гэх үндэслэлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүү Д.Очир, охин Д.Анар нарыг өөрийн асрамжиндаа авч, эцэг С.Даваагараваас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.
С.Даваагарав, С.Цэрэндүг нар 2000 оноос эхлэн дотносож, 2002 оноос эхлэн хамтран амьдарч, улмаар 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болж, 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Д.Очир, 2007 оны 08 дугаар сарын 09-ны өдөр охин Д.Анар нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, хариуцагч тал нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон тул гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болгожээ.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Очир, 2007 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Д.Анар нар нь насанд хүрээгүй байх ба тэдний асрамжийн талаар талууд маргаж байна.
Хүү Д.Очир одоо 12 настай, охин Д.Анар одоо 9 настай бөгөөд төрсөн цагаасаа эхлэн эх С.Цэрэндүгтэй хамт амьдран түүний асрамжид өсч байх ба хүү Д.Очир, охин Д.Анар нар нь ээжийнхээ асрамжинд үлдэх талаар санал гаргасан байх тул Д.Очир, охин Д.Анар нар нарыг эх С.Цэрэндүгийн асрамжид үлдээн, эцэг С.Даваагараваас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн маргаанаас жич шийдвэрлүүлнэ гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Дэлгэрэх овогт Самбуусүрэнгийн Цэрэндүг, Од овогт Самбуугийн Даваагарав нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Очир, 2007 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Д.Анар нарыг эх С.Цэрэндүгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Д.Очир, охин Д.Анар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Даваагараваас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваагараваас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цэрэндүгт олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА