| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0589/э |
| Дугаар | 0593 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 0593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт Б Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806096330730 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Б Х, 19 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын дугаар баг Өвөр Эрээнд оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн дугаар хороо Чулуутын тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.О биед онц харгис хэрцгийгээр халуун ус цацаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би найз Ш хамт Шар хаданд гудамжинд 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад гэртээ очсон. Тэгээд би хоёр охиноо гэрээ цэвэрлэсэнгүй, аяга тавгаа угаасангүй гэж загнаад гарч явахдаа уурандаа зуухан дээр байсан данхтай цайг өшиглөхөд зуухны хажууд сууж байсан эхнэр О бие дээр нь миний өшиглөсөн данхтай халуун цай цацарсан, Тэгээд би тэр чигээрээ гэрээсээ гараад явчихсан. Эхнэр бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй. Бид хоёр 2003 оноос хойш хамтран амьдарч байна. 2013 онд О маргалдаж хажуугаар нь гарахдаа гар луу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед О баруун талын гар нь нэг хэсэг эвгүй болчихоод тухайн үедээ эмнэлэг, цагдаад хандаагүй өөрөө эдгэрчихсэн юм гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 22.00 цагийн орчимд манай нөхөр Х гэртээ согтуу орж ирээд хүүхдүүдрүүгээ уурлаад элдэв үгээр хэлээд байхаар нь чи хүүхдүүд рүү битгий хашигчаад байгаач гэж хэлсэн чинь шууд данхтай халуун цайг над руу өшиглөж хаячихаад гэрээс гараад явчихсан. Тухайн үед миний 2 гуя, гэдэс түлэгдсэн байсан учраас өөрийн дүү Э утсаар хэлсэн чинь манай дүү эгч Ч хамт цагдаад дуудлага өгчихсөн байсан юм. Хүнбиш архи уух болгондоо гэрийнхээ эд зүйлийг над руу авч шидэн элдэв үгээр хэлж, зодож дарамталдаг. Өмнө нь миний гарыг хугалж, хамар мурийлгаж, хэвтэрт ортол нь зодож байсан гэжээ. / хх-н 12-17/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт :
1.М.О биеийн нийт гадаргуугийн 5%-ийг хамарсан 1-2 дугаар зэргийн түлэгдлийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/
Б.Х хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25-26/
Б.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/, зөрчлийн талаарх баримтууд /хх-н 37-39/, хувийн байдлын талаарх бартимтууд /хх-н 40-44/
Б.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-32/ зэрэг болно.
Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэртээ хүүхдүүдээ хоёр охиноо гэрээ цэвэрлэсэнгүй, аяга тавгаа угаасангүй гэж загнахад нь эхнэр М.О нь чи битгий хүүхдүүд рүү хашгичаад бай гэж хэлэхэд нь уурлан гэрээс гарахдаа зуухан дээр байсан данхтай цайг өшиглөсөнөөс зуухны дэргэд байсан эхнэр М.О биед халуун ус цацагдаж нийт гадаргуугийн 5%-ийг хамарсан 1-2 дугаар зэргийн түлэгдлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хүнбиш гэртээ согтуу орж ирээд хүүхдүүдрүүгээ уурлаад элдэв үгээр хэлээд байхаар нь чи хүүхдүүд рүү битгий хашигчаад байгаач гэж хэлсэн чинь шууд данхтай халуун цайг над руу өшиглөж хаячихаад гэрээс гараад явчихсан. Тухайн үед миний 2 гуя, гэдэс түлэгдсэн байсан Хүнбиш архи уух болгондоо гэрийнхээ эд зүйлийг над руу авч шидэн элдэв үгээр хэлж, зодож дарамталдаг. Өмнө нь миний гарыг хугалж, хамар мурийлгаж, хэвтэрт ортол нь зодож байсан гэсэн мэдүүлэг /хх-н 12-17/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр: М.О биеийн нийт гадаргуугийн 5%-ийг хамарсан 1-2 дугаар зэргийн түлэгдлийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэж тогтоогджээ. /хх-н 22/, Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би хоёр охиноо гэрээ цэвэрлэсэнгүй, аяга тавгаа угаасангүй гэж загнаад гарч явахдаа уурандаа зуухан дээр байсан данхтай цайг өшиглөхөд зуухны хажууд сууж байсан эхнэр О бие дээр нь миний өшиглөсөн данхтай халуун цай цацарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Х нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ зуухан дээр байсан данхыг өшиглөсөнөөс эхнэр М.О гуя, гэдэс орчимд нь халуун ус цацагдаж түлэгдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан байна.
Б.Х дээрх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.О нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Б Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэргийн улмаас Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН