Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00628

 

 

ххх24 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МАххх24/00628

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ххх23 оны 11 дүгээр сарын ххх-ны өдрийн 101/ШШххх23/05056 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххх ХХК болон хххх нар ххх22 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 22/18 дугаартай Бетон зуурмагийн үйлдвэр худалдах,худалдан авах гэрээ байгуулсан ба худалдагч буюу ххх ХХК уг гэрээний 1.1-т зааснаар бетон зуурмагийн үйлдвэрийг шилжүүлэх, мөн гэрээний 2.1-т зааснаар худалдан авагч хххх гэрээний төлбөрт ххх0,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

1.2. Гэрээний дагуу төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохирсон байсан ба ххх ХХК ххх23 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрийг бүхэлд нь худалдан авагч ххххн өмчлөлд шилжүүлсэн.

Тэрээр худалдах,худалдан авах гэрээний үүрэгт ххх0,000,000 төгрөг төлөхөөс 180,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл ххх,000,000 төгрөг төлөх үүрэгтэй ба хамгийн сүүлд төлбөр төлсөн ххх23 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс алдангийг тооцсон.

1.3. Үндсэн төлбөрийн үлдэгдэл ххх,000,000 төгрөг, алданги ххх23 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар 100,000 төгрөг, 131 хоног*100,000 төгрөг=13,100,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг ххххгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие ххх ХХК-аас бетон зуурмагийн үйлдвэр худалдан авсан бөгөөд үлдэгдэл ххх,000,000 төгрөг өгөөгүй нь үнэн болно.

Миний бие санхүүгийн асуудлаас болоод тус мөнгийг өгч чадаагүй бөгөөд ххх23 оны 09 сардаа 10,000,000 төгрөг, ххх23 оны 10 сардаа 10,000,000 төгрөгийг өгч дуусгавар болгох хүсэлтэй байна. Иймд эвлэрэх, төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ххххгоос 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххх ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ххх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххгоос 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч талтай ххх22 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 22/18 дугаар гэрээ байгуулахдаа алданги төлөх талаар тохиролцоогүй, мөн гэрээний биелэлт өвлийн улирал таарсан тул үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болж төлбөр мөнгө саатсан.

Иймд алдангийг 0.2 хувиар тооцох буюу хэмжээг нь тодорхой түвшинд багасгаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч ххххд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ххх,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь үндсэн үүрэг болох ххх,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсэг буюу алданги 10,00,000 төгрөгийг өвлийн улиралд үйлдвэр ажиллуулах боломжгүй байсан, алдангийн талаар тохиролцоогүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

3. Талууд ххх22 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 22/18 дугаартай Бетон зуурмагийн үйлдвэр худалдах,худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч ххх ХХК нь хххххх дүүрэг, ххх дугаар хороо хххххх тоот хягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрийг, тоног төхөөрөмжийн хамт худалдан авагч ххххгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ ххх0,000,000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буюу ххх22 оны 8 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөр 160,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ххх,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны дотор үлдэгдэл ххх,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл, худалдагч тал нь үйлдвэрийг тоног төхөөрөмж, машин механизмын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон нөгөө талдаа төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-7/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч ххх ХХК нь гэрээний зүйл болох бетон зуурмагийн үйлдвэрийг бүхэлд нь тоног, төхөөрөмж, машин механизмын хамт хариуцагч ххххгийн өмчлөлд шилжүүлсэн, хххх нь гэрээний үүргээс ххх,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг хэргийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-37-38/

 

6. Талуудын гэрээний 5.1, 5.2 дахь заалтаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Иймд алдангийн талаар тохиролцоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч хххх нь алдангийн хэмжээг багасгах хүсэлт гаргасан байна.

7.1. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч талын гүйцэтгээгүй үүрэг болох ххх,000,000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнд нийцүүлэн 10,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ. Уг алдангийн хэмжээ нь хариуцагчийн эдийн засгийн чадавхид нөлөөлөхүйц хүнд нөхцөлтэй байгаа талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэн, алдангийн хэмжээг багасгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд хариуцагч ххххгоос гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ххх23 оны 11 дүгээр сарын ххх-ны өдрийн 101/ШШххх23/05056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД